Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСоёл, урлагийн ажилтнуудСудлаачидТүншлэгчид

    Соёлын өвийн танилцуулга
    Монголын ард түмний олон үеийн оюун ухаан, уран гараар бүтсэн түүх, соёлын өвийг манай үндэсний төдийгүй тус тивийн соёл, иргэншлийн нэгэн хэсэг гэж үзэн төрийн хамгаалалтад байлгадаг бөгөөд соёлын өвөө хадгалж хамгаалан, судлан сурвалжилж, сурталчлан, сэргээн засварлаж хойч үедээ өвлүүлэн үлдээх нь өнө холын түүхийг эргэн харах, дэлхийн соёлын сан, шинжлэх ухаанд өөрийн хувь нэмрээ оруулах, өдгөө үеийнхнийг өвөг дээдсийн уламжлалаар хүмүүжүүлэх зэрэг танин мэдэхүй, түүх, шинжлэх ухааны ач холбогдолтой билээ.

    Монголын төр, засгийн соёлын бодлогын нэг гол асуудал бол түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл болон утга соёлын өвийг эрэн сурвалжилж, судлан шинжилж, бүртгэж, хадгалан хамгаалах,  сэргээн засварлах, сурталчлах, өсвөр хойч үеийнхэнд эх оронч үзэл, түүхэн ухамсар, үндэсний бахархлыг бий болгох улмаар улс орныхоо өнгөрсөн түүхийг баталгаажуулан баримтжуулах, дэлхий дахинаа сурталчлан таниулах цогц бодлого, үйл ажиллагаа явуулахад оршино.   

    Манай улс унаган байгаль, газар нутгаа болон түүх, соёлын өвөө хадгалж хамгаалах талаар түүхэн уламжлалтай билээ. Хүннүгийн үеэс эхлэн уул ус, ой мод, ан амьтныг дархлан тахиж ирсэн бөгөөд Чингис хааны үед гарсан "Их засаг" хуулиар байгалийн дархан цаазтай газрыг тогтоож хуульчлан хамгаалжээ. Судар бичгийн хүрээлэнгээс 1924 онд "Хуучин зүйлийг сахин хамгаалах дүрэм"-ийг батлан гаргаж Монгол Улсын хязгаар дотор буй хуучны дурсгал болох зүйл цөм Монгол улсын өөрийн хөрөнгө болох, хуучны дурсгал гэж эх түүхэнд холбогдох ямар зүйлийг хэлэхийг тодорхойлон, газрын дээр буюу доороос археологийн дурсгалт зүйлийг ухаж авах, судлан шинжлэх явдлыг Судар бичгийн хүрээлэнгээс удирдаж, харгалзан хянах, зөвшөөрөл олгох, энэ дүрмийг зөрчөгчид буй аваас шүүх цаазны зохих зүйлийн ёсоор яллан шийтгэж байх зэрэг тухайн үеийн соёлт улсын археологийн ухааны хууль ба ёс зүйн шинжтэй зарчмын заалтууд оржээ.

    1932 онд  эртний хот балгас, хэрмийн үлдэгдэл зэрэг 15 дурсгалыг улсын нэгдүгээр зэргийг хамгаалалтад, бичигт хөшөө, сүм хийд зэрэг 16 дурсгалыг улсын хамгаалалтад бүртгэн авсан байна.1944 онд Эрдэнэ зуу, Амарбаясгалант зэрэг уран барилгын дурсгалуудыг улсын хамгаалалтад авч сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн юм.

    1970 онд "БНМАУ-ын Соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль" батлагдсан нь түүх, соёлын дурсгалт зүйлийг нэр төрлөөр нь ангилан тэдгээрийг хамгаалах, ашиглах, судлан шинжлэх, сурталчлах, өвлөн эзэмших, хууль зөрчигсдөд хариуцлага хүлээлгэх зэрэг тодорхой харилцааг зохицуулсан анхны бие даасан эрх зүйн баримт бичиг байв. 1971 онд Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар, Түүх, соёлын дурсгалт зүлийн зураг төсөл, эрдэм шинжилгээний товчоо байгуулагдаж түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, судалж шинжлэх, сурталчлахаар зогсохгүй, тэдгээрийг засаж сэлбэх, сэргээн засварлах ажил төрийн бодлогын түвшинд тавигдах болсон нь энэ талаар  гарсан чухал ололт байлаа.

    1980-аад оны сүүлч, 1990 оны эхээр улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үед хүмүүсийн амьжиргаа дордож үе дамжуулан хадгалж ирсэн түүх, соёлын дурсгалт зүйлээ худалдах, ашиг хонжооны эх сурвалж болгох, хууль бусаар хилээр гаргах, ховор ном судар, түүх, соёлын дурсгалыг зөвшөөрөлгүйгээр хувилан олшруулах, кино, дүрс бичлэг хийх, булш хиргисүүрийг дур мэдэн ухах зэрэг зөрчлүүд гарч эхэлсэн билээ. Иймээс түүх, соёлын дурсгалыг хамгаалах, эрэн сурвалжлах, судлах, сэргээн засварлах ажлыг эрчимжүүлэх, түүний эрх зүйн үндсийг боловсронгуй болгох талаар дараахь эрх зүйн баримт бичигт тусгасан юм. Тухайлбал, "Монгол Улсын Үндсэн хууль" (1992), "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал"(1994), "Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал"(1994)-д Энэхүү баримт бичгүүд дээр тулгуурлан 1996 онд "Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлого"-ыг боловсруулан гаргасан.  Уг баримт бичигт:

    "Монголын эрт эдүгээгийн түүх, соёлын дурсгалт зүйл, сан хөмрөгийг үндэсний эрхэм баялаг гэж үзэж төрийн хамгаалалтад байлгах" гэсэн зарчмыг тодорхойлон түүнийг хэрэгжүүлэх арга замыг "байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс соёлын үнэт зүйлсийг бүтээх, түүх, соёлын дурсгалт зүйлийг судалж шинжлэх, хадгалж хамгаалах үйл ажиллагааг бүх талаар дэмжих", "хууль бусаар гадаад гарсан монголын түүх, соёлын дурсгалт зүйлийг эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулах"  гэж зааснаар түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, түүх, соёлын дурсгал болон байгалийн ховор тогтоц, онцлог, үнэт зүйлийг нөхөн сэргээх, олон нийтийн хүртээл болгох талаар ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллага, сонирхогч орнуудтай хамтран ажиллах зэрэг төрийн соёлын бодлогын үндсэн чиглэлүүд тодорхойлогдсон байна.

    Түүнчлэн 1994 онд "Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах хууль"-ийг шинэчлэн батлав. Энэ хууль түүх, соёлын дурсгалт зүйл гэдэг ухагдахууныг шинжлэх ухаан, урлаг, эрх зүйн үүднээс нарийвчлан тодорхойлж, түүх, соёлын дурсгалыг сурвалжлан олох, бүртгэх, зэрэглэл тогтоох, археологийн малтлага хийх, судлах, сурталчлах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах, өмчлөх, эзэмших, ашиглах, хил гаргахтай холбогдсон бүхий л харилцааг шинээр зохицуулсан байна.

    Энэхүү хуулийг хэрэгжүүлэх ажил үр дүнтэй байсан боловч соёлын бодит бус өвийн эрх зүйн зохицуулалт хангалтгүй байсан учраас 2001 онд дээрх хуульд соёлын бодит бус өв буюу утга соёлын өвийг өвлүүлэн уламжлуулах, хөгжүүлэх, судлах, сурталчлах харилцааг зохицуулах асуудлыг шинээр нэмж "Соёлын өвийг хамгаалах тухай хууль" нэртэй цогц хуультай болсон юм. Соёлын өвийг хамгаалах тухай хууль хэрэгжсэнээр соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан бий болсон, түүх, соёлын дурсгалт зүйлд зэрэглэл тогтоосон, археологийн хайгуул, малтлага, судалгааг шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэдэг болсон, бүх шатны Засаг дарга нар соёлын өвийн  хадгалалт хамгаалалтад хяналт тавьдаг болоод байна. Мөн Монгол Улсад нийтлэг хэрэглэгддэг хуулиуд Иргэний ба Эрүүгийн хууль, Гаалийн хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хууль, Соёлын тухай хууль, Төрийн албан ёсны хэлний тухай хууль зэрэгт  түүх, соёлын дурсгалт зүйлийг зохицуулах нэмэлт өөрчлөлтийг тухай бүр тусгаж байснаараа эрх зүйн суурь тогтолцоо бий болсон юм.

    Монгол Улс  1964 онд "Зэвсэгт мөргөлдөөний үед соёлын үнэт зүйлийг хамгаалах тухай Гаагийн конвенци"-д нэгдэн орж түүний үзэл санаа, зорилтыг хүлээн зөвшөөрч, тууштай дэмжиж ирсэн.  Монгол Улс 1990 оноос хойш хүн төрөлхтний нийтлэг замд нэгдэж, дэлхий дахинд нээлттэй болж эхэлсэн нь олон улсын чанартай гэрээ, конвенцид нэгдэн орж идэвхтэй ажиллах нөхцлийг бүрдүүлсэн юм. Тухайлбал,

    1990 онд  ЮНЕСКО-гийн "Дэлхийн соёлын болон байгалийн өвийг  хамгаалах тухай конвенци"-д, 1991 онд "Соёлын үнэт зүйлсийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай  конвенци"-д, 2005 онд "Биет бус соёлын өвийн конвенци"-д,  2007 онд "Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай конвенци"-д  тус тус нэгдэж орсноор тэдгээрийн үзэл санаа, үндсэн зарчмууд болон шаардлагыг соёлын өвийг хамгаалах хууль тогтоомж, бусад баримт бичигт тусган хэрэгжүүлж эхэлжээ.

    Ийнхүү олон улсын конвенциудад Монгол Улс нэгдэн орсон нь соёлын өвийг хамгаалах үйлс болон түүний эрх зүйн орчинг бэхжүүлэхэд үндсэн эргэлт болсон билээ. Түүнчлэн эдгээр конвенцид нэгдэн орсноор манай улс түүх соёлын үнэт дурсгалаа "Дэлхийн өвийн жагсаалт"-ад бүртгүүлэх, тэдгээрийг хадгалж хамгаалах, сэргээн засварлахад мэргэжилтний болоод хөрөнгийн талаар олон улсын байгууллагын дэмжлэг туслалцааг авах таатай боломж нээгдсэн юм.

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь нүүдлийн соёл иргэншлийнхээ язгуур шинжүүдийг бататган баяжуулж, дэлгэрүүлэх, түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, дэлхийн соёлын дэвшилт шилдэг ололтоос суралцаж, түүнийг сурталчлах талаар идэвхитэй бодлого баримталсаар ирсэн. Соёлын өвийг хамгаалах, сурталчлах зорилгоор "Монгол бичиг" (1995), "Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах" (1999-2005), "Ардын уламжлалт урлагийг дэмжих(1999-2006), "Морин хуур, уртын дуу"(2005-2014), "Үндэсний соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулан хадгалах " (2005-2008) "Монгол Хөөмий" (2007-2014) зэрэг үндэсний хөтөлбөрүүдийг боловсруулж, Монгол Улсын  Засгийн газраар батлуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, Түүх, соёлын дурсгалын өнөөгийн байдал, хэтийн төлвийг тодорхойлох, түүх, соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах ажлыг тодорхой бодлого, дэс дараалалтайгаар гүйцэтгэх зорилгоор "Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах Үндэсний хөтөлбөр"-ийг 1999-2005 онд хэрэгжүүлж 682,9 сая төгрөгийг зарцууллаа. Тус улсын аялал жуулчал, дэд бүтэцтэй уялдуулан "Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөр"-ийг 2008-2015 онд хэрэгжүүлэхээр төсөл боловсруулан  Засгийн газраар хэлэлцэхэд бэлэн болоод  байна. Уг хөтөлбөрт соёлын өвийг зөвхөн хамгаалах, сэргээн засварлах ажил тусгагдаагүй түүнийг сурталчлах, судлах, соёлын өвийг сэргээн засварлах мэргэжилтэн бэлтгэх, шинээр музей байгуулах зэрэг асуудлыг иж бүрнээр тусгасан юм.

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Соёлын өвийг хамгаалах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад байна.

     
    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах