Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСоёл, урлагийн ажилтнуудСудлаачидТүншлэгчид

    МОНГОЛЫН БАГШ НАРЫН 46 ДАХЬ ӨДӨРТ

    МОНГОЛ УЛС ОЛОН УЛСАД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ БОЛОВСРОЛЫН

    ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОХОД ТОМ АЛХАМ ХИЙЛЭЭ

     
    Бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг баталлаа.

    Бага насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжилд гарах өөрчлөлт, онцлог, тэдний асаргаа, эрүүл мэнд, халамж хамгаалал үйл ажиллагаанд тавигдах наад захын энгийн нийтлэг шаардлагыг тусгасан,  энэ чиглэлээр насанд хүрэгчдийн зүгээс үзүүлэх дэмжлэгийг тодорхойлсон бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг баталлаа.

    Энэхүү стандарт нь шинээр мэндэлсэн хүүхдээс эхлэн сургуульд орох хүртэлх 0-6 насны бүх хүүхэд, тэдний эцэг эх, улмаар боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт ажилладаг хүмүүсийн үйл ажиллагааны  гарын авлага болох юм. Уг стандартыг 5000 хувь хэвлүүлэн улсын хэмжээнд түгээж, багш нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа.

    Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан, Улсын Их Хурлаар хэлэлцүүлж эхэллээ.

    Хуулийн төсөл батлагдсанаар боловсролын захиргааны болон мэргэжлийн удирдлагын харилцааны зохицуулалт, эрх үүргийн хуваарилалт оновчтой болж, багш нарын мэргэжил дээшлүүлэх байнгын тасралтгүй үйл ажиллагаатай институцэд суурилсан тогтолцоо бүрдэж, олон улсын түвшинд чанар нь баталгаажсан, өрсөлдөх чадвар бүхий боловсролын үйлчилгээг бий болгох, багш боловсролын ажилтны нийгмийн баталгааг сайжруулах  хууль, эрх зүйн таатай орчин бүрдэнэ.

    Монгол Улсын ерөнхий боловсролын сургалтын чанар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх эхлэл тавигдлаа



    "Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн Их Сургуулийн Кембрижийн Олон улсын шалгалтын  төвийн хооронд бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг"-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Кембрижийн Их сургуулийн Олон улсын шалгалтын төвийн захирал Анн Пунтис нар гарын үсэг зурлаа.

    Хоёр талын хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож, энэхүү арга хэмжээнд Засгийн газар өндөр ач холбогдол үзүүллээ.

    Шинэчилсэн стандарт, хөтөлбөрт нийцүүлэн сурагчдыг үнэлдэг, боловсролын чанараа хянадаг, багшаа бэлтгэдэг, багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлдэг, сурах бичгээ зохиодог тогтолцоог цогцоор нь шинэчилснээр Монгол Улсын ерөнхий боловсролын сургалтын чанар Кембрижийн Их Сургуулийн олон улсын шалгалтын төвөөр баталгаажиж олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөнө.  

    ЕБС-ын сурагчид гадаадын нэр хүндтэй их сургуулиудад шууд элсэн суралцах боломжтой болж эхэллээ

    Энэ хичээлийн жилд олон улсын хөтөлбөрөөр хичээллэх хос хэлний сургалттай "Шинэ эхлэл", "Монгол тэмүүлэл" сургуулиудыг шинээр байгуулж үйл ажиллагааг нь эхлүүллээ. Түүнчлэн аймаг, нийслэлийн дүүргүүдэд 31 сургуулийг сонгож, бага, дунд боловсролын шинэчилсэн стандарт, сургалтын хөтөлбөрийн тохирцыг шалгах бэлтгэл ажлыг хангаж байна.

     Хос хэлний сургалттай сургуулийн төгсөгчид зохих шалгалтуудаа  амжилттай өгсний үндсэн дээр олон улсын нэр хүндтэй их сургуулиудад шууд элсэн суралцах бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчид шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэснээр англи хэлний зохих түвшинг хангасан тохиолдолд гадаадын их сургуулиудад шууд элсэн суралцах боломжтой болно. 

     Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх ажлын хүрээнд 5, 10 дугаар ангийн сургалтын хөтөлбөр, зөвлөмжийг шинээр боловсруулж, сурах бичгийг зохиох ажлыг эхлүүллээ.


    "Иргэний боловсрол" хичээлээр эх оронч шинэ иргэнийг төлөвшүүлж эхэллээ

                Эх оронч, уламжлал, соёлоо хүндэтгэн дээдэлдэг, хүмүүнлэг, хүмүүжилтэй иргэнийг төлөвшүүлэхэд гол анхаарлаа чиглүүлэн бодлогын зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

                "Иргэний боловсрол" хичээлийн 1-12 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулж, энэ хичээлийн жилээс 1-3 дугаар ангийн сурах бичиг, багш нарт зориулсан зөвлөмж, DVD материалыг боловсруулан түгээлээ. Үндэсний уламжлалт ёс заншил, зан үйлийг эзэмшиж, соёл, уламжлалаа дээдэлдэг, иргэний эрх, үүргээ сахин биелүүлдэг, шударга ёсыг дээдэлдэг, хариуцлагатай, идэвхтэй иргэнийг төлөвшүүлэх нь нэн тэргүүний зорилт бөгөөд иргэний боловсрол хичээл нь энэхүү зорилгод хүрэх нэг түлхүүр юм.


    Шатрын спортыг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулахаар боллоо
     
    Сурагчдын логик сэтгэлгээг хөгжүүлэх, тэдэнд тэвчээртэй, тэсвэр хатуужилтай, тууштай байх, аливаа зүйлийг олон талаас нь ургуулан бодох, ул суурьтай төлөвлөх зан чанарыг төлөвшүүлэх гээд хүмүүжлийн олон талын ач холбогдолтой шатрын спортыг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулахаар шатрын анхан, дунд, гүнзгийрүүлсэн 3 шатны сургалтын хөтөлбөрийг баталгаажууллаа. 

    Шатрын спортын хөтөлбөрийг сурагчдын хэрэгцээ, сонирхолд үндэслэн дугуйлангийн хэлбэрээр 2012-2013 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр шатрын хичээл заах сургагч багш нарын сургалтыг зохион байгуулж, багш нарт зориулсан гарын авлага, зөвлөмжийг боловсрууллаа. Сургалтыг Монголын улсын шатрын гавъяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн, Шатрын олон улсын мастер Ц.Лхагвасүрэн, Дэлхийн шатрын холбооны мастер Ж.Лхагва зэрэг мэргэжлийн шатарчид зохион байгуулсан бөгөөд цаашид Дэлхийн шатрын холбоотой хамтран  ажиллахаар төлөвлөж байна.

    Мөн сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор усан спортын сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулаад байна.

    "Хүүхдийн зан суртахуун, төлөвшлийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийг  боловсруулж, 2012 оноос хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд хүүхдийн хүмүүжил төлөвшилд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, компьютер тоглоом, гар утасны үзүүлж буй сөрөг нөлөөллийн байдалд Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сангийн 16,5 сая төгрөгийн санхүүжилтээр судалгаа хийлээ.

     
    Сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч түрээсийн тогтолцоог туршиж эхлэв
     
    Ерөнхий боловсролын сургуульд 2011-2012 оны хичээлийн жилд ашиглах  33 нэрийн сурах бичгийг шинээр, 32 нэрийн сурах бичгийг дахин хэвлэж, нийт   65 нэр төрлийн 1,227,911 ширхэг сурах бичгийн ханган нийлүүлэлтийг хийж, 1,6 тэрбум төгрөг зарцууллаа.

    Сурах бичгийн нэгжийн үнийг дунджаар 2000 төгрөг болгож, 2008 онтой харьцуулахад 50 хувь, 2010 онтой харьцуулахад 20 хувь бууруулснаас гадна бага ангийн бүх сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувь буюу дэмжлэг туслалцаа шаардлагатай сурагчдыг төрөөс үнэ төлбөргүй сурах бичгээр хангалаа.

    Сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сурах бичгийн түрээсийн тогтолцоог нэвтрүүлж, сурах бичгийн эргэлтийн сан байгуулах ажлыг 2011-2012 оны хичээлийн жилээс туршилтын журмаар эхлүүлж, туршилтад Говь-Алтай, Дорнод, Увс, Хөвсгөл аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан, Налайх, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын нийт 166 сургуулийн 13454 сурагчийг хамрууллаа.

    Ерөнхий боловсролын сургуульд үдийн хоолны үйлчилгээг нэвтрүүлэх, олон улсын жишиг, загварт хүрсэн хоол, хүнсний комбинатын болон сургуулийн дэргэдэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох зорилгоор "Хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын тухай" Засгийн газрын 2011 оны 179 дүгээр тогтоолыг батлуулан, ирэх 4 жилийн хугацаанд үдийн хоолны үйлчилгээнд бүрэн шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.


    Монгол улсад орчин цагийн боловсрол үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

    Монгол Улсад ардын хувьсгал ялж, олноо өргөгдсөний арваннэгдүгээр он буюу 1921 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Ардын Засгийн газрын хурлаар "Бага сургууль байгуулах тухай" тогтоолыг баталж,  Нийслэл хүрээнд буюу  одоогийн Улаанбаатар хотод анхны бага сургуулийн шавыг тавьж, 59 хүүхэд, 2 багштайгаар хичээллэж эхэлснээр өнөөгийн шинэ цагийн боловсролын салбарын эхлэл тавигдсан түүхтэй.

    Эдүгээг хүртэл 90 жилийн хугацаанд манай боловсролын салбар маань сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсрол гэсэн тогтолцоотойгоор дэлхий хэмжээний боловсрол болтлоо хөгжөөд байна.

    Өнөөдөр улсын хэмжээнд 879 цэцэрлэг, ерөнхий боловсролын 752 сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн 71 төв, 94 их, дээд сургуульд 900 мянга гаруй хүүхэд багачууд, оюутан залуус эрдэм мэдлэгээр жигүүрлэж, эрдмийн саруул танхимд маань 40,0 мянган багш соёлын үрийг тарьж байна. 


    Багшийн алдрыг мөнхөлж ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын "БАГШ" найраглалаар бүтээсэн хөшөөг босголоо

    "Ус мөрнийг далайд үдээд байрандаа үлддэг уулс юм Та, Тус бүтээж даяныг тэтгээд хариу нэхдэггүй өглөгч юм Та" гэж ардын багшийг нэгэнтээ магтан шүлэглэсэн байдаг.

    Монгол төрийн түшээдээс эхлээд эрдэмтэн судлаачид, эмч сувилагч, инженер технологич, сэтгүүлч зураглаач, цагдаа цэрэг, ажилчин тариаланч, сурагч багачууд гээд хэн бүхнийг эрдмийн дөрөөнд анх дөрөөлүүлж, ухаан билгийн оньсыг тайлсан ачтан бол яахын аргагүй БАГШ билээ. Багшийн гараас хөтлөөгүй, багшаар бичиг эрдэм заалгаагүй хүмүүн гэж байхгүй. Тиймээс хэн бүхний сэтгэл зүрхэнд дээдлэгдсэн, шүлэг, дуунд дуурсагдсан үе үеийн ачит мэргэн багш нарынхаа суу алдрыг мандуулж, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын "БАГШ" найраглалаар бүтээсэн хөшөөг эрдэм оюуны уурхай болсон Багшийн сургуулийнхаа өмнө босгож, хүн ардыг соён гэгээрүүлж, улс орны тусгаар тогтнол, хөгжил, цэцэглэлтэд МОНГОЛ багш нарынхаа түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, хөдөлмөр зүтгэлийг алдаршууллаа.


      Мэргэжлийн болон дээд боловсрол:


    Оюутан залуучуудын сурах бололцоог дэмжих хууль эрх зүйн зохицуулалт хийгдлээ

      "Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай" хуулийг 2011 онд Улсын Их Хурлаар батлуулсан билээ.   

    Шинээр батлуулсан хуулийн зарим, зүйл заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам", "Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох, эргэн төлүүлэх журам"-ыг шинэчлэн батлууллаа.

    Оюутан залуучуудын сурах бололцоог дэмжих, авъяаслаг сурагчдыг дэмжих, сурагч, оюутны идэвхи чармайлтыг нэмэгдүүлэх, дээд боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх ажлыг сайжруулахад журмын гол зорилго оршино.


    Гадаадын нэр хүндтэй их дээд сургуульд суралцах боломж бололцоо нэмэгдлээ

    Манай улс  уул уурхайн мэргэжлийн чиглэлээр  дэлхийн түвшинд хүрсэн хос дипломтой инженер техникийн мэргэжилтэн бэлтгэж эхэллээ. 

    Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль, АНУ-ын Аризонагийн их сургуулийн хооронд Уул уурхайн мэргэжлээр 2+2 хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр хоёр тал гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн сургалтын хөтөлбөрийг АНУ-ын нэр хүндтэй их сургуулийн сургалтын хөтөлбөртэй дүйцүүлж улмаар монголын оюутан залуус АНУ-ын их сургуулийн боловсрол эзэмшиж, хоёр их сургуулийн диплом гардан авах боломжтой боллоо.

    Өөрөөр хэлбэл монголдоо хоёр жил суралцсаны дараа англи хэлний болон бусад шалгуурыг хангасан тохиолдолд Аризонагийн их сургуульд үргэлжлүүлэн суралцаж хоёр их сургуулийг зэрэг төгсөнө.  Аризонагийн их сургууль нь уул уурхайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг дэлхийн нэр хүндтэй их сургуулиудын нэг юм.

    Өөрийн шилдэг оролцогч, өндөр шалгуур болон шударга нээлттэй сонгон шалгаруулалтаараа дэлхийд хэдийнээ танигдсан АНУ-ын Засгийн газрын боловсролын тэргүүлэх хөтөлбөр болох Фулбрайтын Гадаад Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөөр 2011-2012 оны хичээлийн жилд тус улсын  их, дээд сургуулиудад манай 15 оюутан магистрантурт суралцаж байна. Уг тэтгэлгээр өмнө нь жилд  4 оюутан суралцдаг байсан бол Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр болон АНУ-ын Төрийн департмент дахь олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Жүдит Макхале нар монгол оюутнуудад олгох тэтгэлэгт хөтөлбөрийг өргөжүүлэх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурснаар энэ оноос жилд 15 оюутан суралцуулахаар боллоо.

    Дэлхийн тэргүүлэх их, сургуулиудад инженер-технологийн чиглэлээр бакалаврын зэргээр суралцах оюутнуудын сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг Сургалтын төрийн сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлэж, улсын төрөлжсөн олимпиадад болон олон улсын олимпиадад эхний 3 байр эзэлсэн сурагчдад Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцах эрхийн батламжийг гардууллаа. Ингэснээр манай орны оюутан, залуучууд Thomson Reuters-ын зэрэглэлийн шилдэг 50 их сургуульд инженер, технологийн чиглэлээр үндсэн ангид Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцах эрх зүйн орчин бүрдлээ.

     

    Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр "Дээд боловсролын шинэчлэлийн төсөл"-ийг 2012 оноос хэрэгжүүлж эхлэхээр боллоо

    Монгол Улсын боловсролын салбарын мастер төлөвлөгөө, дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр "Дээд боловсролын шинэчлэлийн төсөл"-ийг 2012 оноос хэрэгжүүлэх асуудлыг шийдвэрлүүллээ. Энэ нь дээд боловсролын салбарт авч байгаа анхны хөнгөлөлттэй зээлийн төсөл юм.

    Төслийн зорилго нь олон улсын жишиг шаардлага болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг хангасан, өрсөлдөхүйц чанартай дээд боловсролын тогтолцоог бий болгоход оршино. Төслийн хүрээнд дээд боловсролын салбарын шинэчлэлийн бодлогын зөвлөмж боловсруулах, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын орчин, тоног төхөөрөмжийг сайжруулах, багш, сурган хүмүүжүүлэгчдэд үндэсний үнэлгээний стандартыг тогтоох, хөдөө орон нутгийн их, дээд сургуулиудын чадавхийг дээшлүүлэх зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

    Диплом, гэрчилгээг кирил, монгол зэрэгцүүлсэн бичлэгтэйгээр олгож байхаар боллоо.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх  тухай" зарлигаар бүрэн дунд боловсролын үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээ, мэргэжлийн боловсролын үнэмлэх, их дээд сургуулийн бакалавр, магистр, докторын  дипломыг кирил, монгол зэрэгцүүлсэн бичлэгтэйгээр олгож байхаар боллоо. БСШУ-ы сайдын тушаалаар эдгээр албан баримтын загварыг монгол бичигт хөрвүүлэх ажлын хэсэг бүх шатны  боловсролын баримт бичгийг монгол бичиг рүү хөрвүүлэх ажлыг хийж дуусгалаа. Шинэ бичлэгтэй боловсролын баримт бичгийг 2011-2012 оны хичээлийн жилийн төгсөлтөөс эхлэн олгоно.

    Дээд боловсролын 55  сургалтын байгууллагыг аттестатчилалд хамрууллаа

    "Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах журам", "Дээд боловсролын сургалтын байгууллагын аттестатчиллын шалгуур, үзүүлэлт"-ийн дагуу улсын хэмжээнд 55 дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилалд хамруулан 14 сургалтын байгууллагын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлаад байна.

    Аттестатчилал явуулснаар дээд боловсролын сургалтын байгууллагуудын сургалтын чанар, дээд боловсролын стандартыг хэрэгжүүлэх чиглэлээр ихээхэн ахиц, өөрчлөлт гарч байна.

    Улсын хэмжээнд 2005 онд 183 их, дээд сургууль байсан бол өнөөдрийн байдлаар 94 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж, энэ тоо 48 хувиар буурсан байна.          


    Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар Засгийн газрын тогтоол гарлаа
                                                                                                                                       
     "Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих тухай болон Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний талаар Засгийн газрын тогтоол батлууллаа.

    Энэ хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтыг 2012-2016 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах, багш бэлтгэх, мэргэшүүлэх ажлыг шинэ шатанд гаргах,  ажил олгогч нийгмийн түншүүдийн хамтын ажиллагааны бодит механизмыг бүрдүүлэх, мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан төсвийн шинэ тогтолцоог буй болгох, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ.

     Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар бэлтгэх мэргэжлийн нэр, индексийг олон улсын хөдөлмөрийн байгууллага /ILO/, НХХЯ-ны хамтран гаргасан "Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08"-д нийцүүлэн шинэчилснээр улс орнуудын нийтлэг жишиг, нэр, агуулгаар ажил мэргэжлийг ангилах, мэргэшсэн ажиллах хүчийг олон улсын зөвшөөрөгдөх түвшинд сургалтын нэг стандарт, хөтөлбөрөөр бэлтгэх, үнэлэх, гэрчилгээжүүлэх боломжтой боллоо. 

    58 сая доллар+36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж эхэллээ

     
    Үндэсний мэргэжилтэй боловсон хүчний эрэлт хэрэгцээ,  шаардлагын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хамтран 2014 он хүртэл 3300 мэргэжилтэн бэлтгэх үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөрийг Оюутолгой компанийн  36.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхийн зэрэгцээ 58.0 сая долларын хөрөнгө оруулалтаар Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүдийг шинээр барьж,  шинэчлэн сайжруулж, орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжөөр тоноглоход хамтран ажиллахаар санамж бичиг байгуулж, орон нутагт шинэ барилгын ажлыг эхлүүлээд байна. 


    "Эрэлт-Сургалт-Ажлын байр" хамтран ажиллах гэрээг  холбогдох яамд болон ажил олгогч байгууллагын төлөөлөлтэй байгууллаа
      

    "Эрэлт-Сургалт-Ажлын байр" хамтран ажиллах гэрээг  холбогдох яамд болон ажил олгогч байгууллагын төлөөлөлтэй байгуулж, мэргэжлийн боловсролын салбар дахь нийгмийн түншлэл, салбар дундын зохицуулалтыг хангах механизмыг бий болголоо. Ингэснээр үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд жил бүр шаардлагатай ажиллах хүчнийхээ эрэлтийг тодорхойлон захиалгаа өгөх, сургалтаа хамтран зохион байгуулах, төгсөгчийг ажлын байртай холбох зэрэг ажлыг хэрэгжүүлэхэд төр, ажил олгогчдын хоорондын уялдааг хангасан ач холбогдолтой ажил боллоо. 


    Монголын мянганы сорилтын сангийн 900.0 мянган ам.долларын санхүүжилтээр "Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл"-ийг хэрэгжүүлж байна.

    Уг төслийн хүрээнд мэргэжлийн боловсролын салбарын шинэчлэлийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоо, чадамжид суурилсан сургалтын тогтолцоог бүрдүүлэх, мэргэжлийн сургалтын төвүүдийн хичээлийн болон дадлагын газрын техник, тоног төхөөрмжийг шинэчлэх, багш боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн багц арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд үүний үр дүнд мэргэжлийн боловсролын жишиг  сургуулиуд  бий болно.


    Салбарын хөрөнгө оруулалт:

    Салбарын хөрөнгө оруулалт өсөж нэг их наяд хүрлээ

    Бид 2011 онд 130 шинэ барилга угсралтын ажлыг шинээр эхлүүлсний гадна 314 барилгад их  засвар, өргөтгөл, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, 81 барилгыг ашиглалтад хүлээн авсанаар 3320 ортой 35 цэцэрлэгийн барилга, 5888 суудалтай 16 сургуулийн хичээлийн байр, 930 ортой 7 дотуур байрны барилга, 3456 метр квадрат талбай бүхий 11 спорт заал, 1708 суудалтай 8 соёлын төвийн барилга, 2 музейн шинэ барилгаар хүчин чадлаа өргөтгөлөө.

    Энэ жил сургуулийн 28 барилгыг ашиглалтад оруулж, суудлын тоог 14900-аар, цэцэрлэгийн 38 барилгыг ашиглалтад оруулж, орны тоог 4010-аар, дотуур байрны 6 барилгыг ашиглалтад оруулж, орны тоог 760-аар, 7 спорт заал, соёлын төвийн 10 барилгыг ашиглалтад оруулж, суудлын тоог 2100-аар тус тус нэмэгдүүлнэ.

     

    Төрөөс боловсролын салбарт онцгойлон анхаарч Монгол Улсын 2012 оны Төсвийн тухай хуулиар боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын 2012 оны төсвийг 1100.4 тэрбум төгрөгөөр баталсан нь өмнөх оныхоос 262.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, улсын нийт төсвийн 23.8 хувьтай тэнцэж байна. Түүний дотор салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалт 2011 оныхоос 1.6 дахин нэмэгдэж, 209.8 тэрбум төгрөгт хүрлээ. 

     
    2011 ОНЫ ШИЛДЭГ БАГШ, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД 

    Оны шилдэг багш:

    ·         Шагдарын Дариймаа - Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш

    ·         Пунцагдашийн Пунсалдулам - "Ач" анагаах ухааны сургуулийн багш

    ·         Жавзмаагийн Энхбаяр - Барилгын коллежийн багш

    ·         Бямбарашийн Цэрэндэжид - Завхан аймгийн "Жавхлант" цогцолбор сургуулийн химийн багш

    ·         Шаарийбуугийн Ариунчимэг - Нийслэлийн Баянгол дүүргийн "Шинэ эхлэл" сургуулийн хөгжмийн багш

    ·         Батдондогийн Далайсүрэн - Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш

    ·         Галсангийн Цолмон - Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн химийн багш

    ·         Мягмарсүрэнгийн Дорж - Дархан-Уул аймгийн Дархан сумын 19 дүгээр сургуулийн түүх, нийгмийн ухааны багш

    Улсын тэргүүний сургууль:

    ·         Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Г.Бумцэндийн нэрэмжит нэгдүгээр сургууль

    ·         Булган аймгийн Булган сумын Чин ван Ханддоржийн нэрэмжит "Эрдмийн өргөө" цогцолбор сургууль

    ·         Увс аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын сургууль

    ·         Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 58 дугаар сургууль

    Улсын тэргүүний цэцэрлэг:

    ·         Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Олимп" цэцэрлэг

    ·         Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар  цэцэрлэг
     

    ***
    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах