Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2011 ОНД ХӨГЖҮҮЛЭХ
ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТИЙН МЭДЭЭ
/2011 оны жилийн эцсийн байдлаар/
Зорилт 3. Бодит салбарын хөгжлийг дэмжиж, өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх эрх зүй, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлнэ.
3.10. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, хөгжлийн хандлагатай уялдуулан шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг хөгжүүлэх
Гүйцэтгэл: "Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт"-ыг боловсруулан Засгийн газрын 2010 оны 7 сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн Засгийн газрын 2010 оны 173 дугаар тогтоолоор батлуулсан байна. Монгол Улсын ШУТ-ийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийг Нэг. "Хүний хөгжил, амьдралын чанар" тэргүүлэх чиглэлийн хүрээнд 1) Хүний хөгжил, төлөвшил, боловсролын шинэчлэлийн технологи, 2) Өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний оношлогоо, эмчилгээний технологи, биотехнологи, Хоёр. "Байгалийн нөөцийг хамгаалах, ашиглах" тэргүүлэх чиглэлийн хүрээнд 1) Биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгаль орчны бохирдол, газрын доройтлыг буруулах, нөхөн сэргээх технологи, 2) Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилтийг сааруулах, дасан зохицох технологи, 3) Усны нөөцийг хамгаалах, ашиглах технологи, 4) Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний үр ашиг, хэмнэлтийн технологи, 5) Сэргээгдэх эх үүсвэр бүхий эрчим хүчний технологи, 6) Эрдэс баялгийн хайгуул, олборлолт, боловсруулалтын технологи, 7) Нүүрс, нефть боловсруулах технологи, 8) Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, Гурав. "Хөдөө аж ахуйг эрчимжүүлэх" тэргүүлэх чиглэлийн хүрээнд 1) мал, амьтныг эрүүлжүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх технологи, 2) Үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамлын шилмэл сорт гаргах, тариалах, үйлдвэрлэх технологи, 3) Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи, Дөрөв. "Өндөр технологи, мэдээллийн технологи нэвтрүүлэх" тэргүүлэх чиглэлийн хүрээнд 1) Нанотехнологи, биотехнологи, 2) Мэдээлэл, микропрофессор, программ хангамж, цахим үйлчилгээний технологи гэж тодорхойлсон бөгөөд эдгээр нь 2010-2014 онд хэрэгжих юм. Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийг 2010-2014 онд хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг боловсруулаад байна. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухаан, технологийн салбарын нөөц, хөрөнгө хүчийг төвлөрүүлэх, улс орны эдийн засаг, нийгмийн эрэлт шаардлагад нийцсэн өрсөлдөх чадвартай шинжлэх ухаан, технологийн салбарыг бий болгон хөгжүүлэх зорилгоор ШУА, шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх ажлын хэсгийг БСШУ-ы сайдын 2011 оны 46 дугаар тушаалаар байгуулан ажиллуулж "Төрийн өмчит шинжлэх ухааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх тухай" Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан яамдаас санал авч ЗГХЭГ-т хүргүүлэхэд бэлэн болгосон.
Шинжлэх ухаан, технологийг 2011-2014 онд хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг БСШУ-ы сайдын 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 250 дугаар тушаалаар баталсан ШУТ-ийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний II үе шатны төлөвлөгөөнд тусгаж өгсөн болно.
Тэргүүлэх чиглэл, цөм технологийн хүрээнд 2011 оноос эхлэх цөм технологийн төслийн сэдвийн талаар ШУА, их сургуулиудаас санал авч боловсруулан салбарын яамдтай зөвшилцөн нийтэд зарласан. "Эх орны түүхий эд ашиглан шил, шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи", "Малын тэжээлийн ургамлын шилмэл сорт гаргах, тариалах, үйлдвэрлэх технологи", "Цөлжилтийг сааруулах технологи", "Усыг эргүүлэн ашиглах технологи", "Байгалийн гаралтай түүхий эд ашиглан шинэ эм, уламжлалт жор, биобэлдмэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи", "Нарны эрчим хүчийг ашиглах технологи" гэсэн 6 чиглэлд 43 төсөл хүлээн авч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгууллаа. Эдгээр төслүүдийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд энэ жил 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олголоо. Ингэснээр тодорхой технологийн судалгаа, боловсруулалтын ажлыг хөгжүүлэх, улмаар ойрын ирээдүйд /3-10 жилд/ улс орны эдийн засаг, нийгмийн тодорхой салбарт инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд ахиц дэвшил гарах болно.
2011 оноос эхлэн хэрэгжүүлэх 44 төслийг БСШУ-ы сайдын 2011 оны 186 дугаар тушаалаар батлан тэдгээрийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээг зохих журмын дагуу байгуулав. Эдгээрийн буюу 70 гаруй хувь нь тэргүүлэх чиглэл, цөм технологид хамаарах судалгааны төсөл байгаа болно.
Эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон технологи, бүтээгдэхүүнийг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн бодит хэрэглээ болгох зорилгоор БСШУЯ-наас зарласан судлаачийн инновацийн төслийн сонгон шалгаруулалтад их сургууль, хүрээлэн, аж ахуйн нэгж, иргэдээс дэвшүүлсэн 144 инновацийн төслийн саналыг хүлээн авч сонгон шалгаруулалтыг явуулахдаа уг төсөл нь тэргүүлэх чиглэлд хамаарч байгаа эсэхийг гол шалгуур үзүүлэлт болгосон юм. Эндээс шалгарсан 16 инновацийн төслийг БСШУ-ы сайдын 2011 оны 183 дугаар тушаалаар батлан 2011 оноос эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Технологийн судалгаа боловсруулалт хийх, инновацийн төсөл, зэхэц ажил хэрэгжүүлэхэд нийтдээ 3 тэрбум 391,5 сая төгрөг зарцуулсан нь сүүлийн 3 жилийн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын зардлын 30 шахам хувийг эзэлж байна. ШУТ-ийн салбарт төсвөөс олгох санхүүжилтийг 1/3-ийг суурь судалгаанд, 2/3-ыг хэрэглээний судалгаа, технологийн судалгаа боловсруулалт, инновацийн төсөлд зарцуулахаар тусгагдсан зорилтыг хангахаар ажиллаж байна.
БСШУЯ, ХЗДХЯ, СЯ, ХХААХҮЯ, ҮХШХ-ны хамтарсан ажлын хэсэг Инновацийн тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв. Уг хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж цаашид хэлэлцэн шийдвэрлэхэрр тогтож, анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Уг хуулийн төсөлд аж үйлдвэрийн болон шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, цөм технологид хамаарах инновацийн төслийг тэргүүн ээлжинд санхүүжүүлэх, технологийн туршилт, зүгшрүүлэлтэд грант олгох, инновацийн бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын холбогдох байгууллагуудад патентжуулах зардлыг санхүүжүүлэх зэрэг төрийн дэмжлэг, туслалцаа үзүүлэхээр тусгасан болно. Ингэснээр инновацийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд бодитой хувь нэмэр болно гэж үзэж байна. Биелэлт: 100%
Зорилт 10. Бүх шатны боловсролын хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлж, боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах боломжийг бүрдүүлнэ.
10.1.Хүүхдэд урлагаар дамжуулан гоо зүйн хүмүүжил олгох нөхцөлийг нэмэгдүүлэх
10.1.1 Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын дагуу хүүхдэд зориулсан уран бүтээлийн улсын 4 дүгээр уралдааныг зохион байгуулах
Биелэлт: 2010 онд Хүүхдэд зориулсан шилдэг бүтээл туурвих "Дөрөвдүгээр уралдаан"-нд түрүүлсэн бүтээлийг хүлээн авах ёслолын арга хэмжээг 2011оны 5 дугаар сарын 25-нд зохион байгуулсан. Уг арга хэмжээний үеэр хүүхдэд зориулсан шилдэг бүтээл туурвих тав дахь удаагийн шалгаруулалтыг "Монгол уламжлал, өв соёл, зан заншлаа дээдэлье" сэдвийн хүрээнд уран сайхны кино, хүүхдийн жүжиг, хүүхэлдэйн кино гэсэн 3 төрлөөр "төсөл шалгаруулалт" хэлбэрээр шинэчлэн зохион байгуулахаар тогтсон нь өмнөх уралдаануудаас онцлог болов.
Энэ жилийн уралдаан шалгаруулалтад нийт 40 уран бүтээлчийн 20 төсөл ирсэнээс Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгаас ирүүлсэн С.Надмид, Ж.Жаргалсайхан нарын "Нарны охид" хүүхдийн дуулалт жүжгийн төсөл, "Соно" студээс ирүүлсэн зохиолч Д.Намсрай, Д.Ганбаатар нарын "Жамухын өчил", зохиолч Г.Мөнхбат, Ч.Наранцэцэг нарын "Хотын нохой" хүүхэлдэйн киноны төсөл, "АЙ-СИ-ТИ" кино студээс ирүүлсэн зохиолч Ч.Хоролдорж, О.Энхжаргал нарын "Шарга даага" хүүхдэд зориулсан киноны төслүүд шалгарсан бөгөөд нийт 100 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлээд байна. Шалгарсан төслийн гүйцэтгэгч нартай 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн төрлийн онцлогоос хамааран 6 сараас 1 жилийн хугацаанд бүтээлээ хийж дуусган хүлээлгэн өгөх талаар гэрээ байгууллаа. Цаашид дараагийн төсөл шалгаруулалтад дэмжлэг үзүүлэх санхүүжилтийн хэмжээг журамд заасан 150 сая төгрөг хүртэлх хэмжээнд хүргэж, бүрэн олгохоор 2012 оны төсөвт тусган, мөн төсөл шалгаруулалтын үр дүнг амжилттай болгох үүднээс уралдааныг оны эхнээс эхлэн зарлахаар тус тус төлөвлөн ажиллаж байна. Гүйцэтгэл: 100%
10.1.2. Хүүхдэд зориулсан урлагийг дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх
Биелэлт: Төрөөс баримтлах соёлын бодлогод "Иргэнийг багаас нь үндэсний соёлын мэдрэмж, мэдлэг, хүмүүжилтэй болгох эрэмбэ дараатай ажлыг бүх шатны боловсролын бүрэлдэхүүн хэсэг болгох, "... хүүхдэд зориулсан урлаг, баримтат киног төрийн ивээлд байлгах", "... хүүхдэд зориулсан ном хэвлэл, уран бүтээлийг олшруулж, чанарыг сайжруулах", мөн "Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого"-ын стратегийн зорилтод "Үндэсний уламжлалт болон сонгодог урлаг, хүүхдэд зориулсан урлагийн төрлийг төрөөс дэмжих үндэсний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх, "Соёлын тухай хууль"-д "Үндэсний уламжлалт, сонгодог болон хүүхдэд зориулсан урлагийн бүтээл, улсын захиалгаар бүтээх уран сайхны болон баримтат кинонд санхүүгийн дэмжлэг үзүүлэх" зэрэг олон зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэлийн хүрээнд "Хүүхдийн урлагийг дэмжих үндэсний хөтөлбөр"-ийн төслийг боловсруулсан.
Хөтөлбөрийн төслийг Хүүхдийн төлөө үндэсний газар болон холбогдох бусад байгууллагатай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж эцэслэн боловсруулан яамдаас санал авч нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 2011 оны 12 дугаар сарын 19-ний 1а/7350 тоот албан бичгээр хүргүүлээд байна.
Уг хөтөлбөрийг 2012 - 2019 онд 7 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн улсын төсвөөс нийт 48,4 тэрбум төгрөг зарцуулахаар үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөний төслийг боловсруулаад байна. Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр хүүхдэд зориулсан уран бүтээлийн төрөл зүйл олширох, хүүхдийн уран бүтээлчдийг дэмжих таатай орчин бүрдэх бөгөөд үйлчилгээний орчин сайжирч, чанарын түвшин, үйл ажиллагааны хүрээ нэмэгдэх юм. Ингэснээр сургуулиас өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын урлагийн боловсрол, танин мэдэхүй, гоо зүйн хүмүүжилд ахиц гарчна. Мөн соёлын үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоо 2 дахин нэмэгдэх болно хэмээн тооцсон. Гүйцэтгэл: 90%
10.1.3. Хүүхэлдэйн театрыг байгуулах газрын асуудлыг шийдвэрлүүлэх
Биелэлт: Үндэсний соёл, амралтын хүрээлэнд иргэний зориулалтын барилга байхгүй хэдий ч шинээр баригдах Хүүхэлдэйн театр, уг хүрээлэнгийн үйл ажиллагаа уялдан нийцэх боломжтой гэж үзэн тэнд газар олгох хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт хандаж БСШУ-ы сайдын 1а/2228 тоот албан бичгээр 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүргүүлсэн боловч боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.
Хүүхэлдэйн театрын дарга Ц.Хулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр болон Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Баатарзориг нартай гурван удаа уулзаж газар шийдвэрлүүлэх хүсэлтээ тавихад, өөрсдөө боломжтой газраа олох чиглэл өгсөн. Өгсөн чиглэлийн дагуу Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хан-Ууул дүүрэг зэрэг 5 байршилд газар сонгосон боловч эдгээр газрыг тодорхой байгууллага, иргэнд олгосон талаар шат шатны Засаг даргын захирамж гарсан байлаа.
Театрын барилгыг нийт 5.0 тэрбум төгрөгөөр барина хэмээн тооцож ажил эхлүүлэх зорилгоор 2012 оны төсөвт 500.0 сая төгрөгийг тусгасан боловч хөрөнгийн эх үүсвэр хүрэлцээгүй гэсэн шалтгаанаар хассагдсан. Иймд яамны зүгээс дахин санал боловсруулж БНХАУ-ын буцалтгүй тусламжын эх үүсвэрт энэхүү хөрөнгийг тусгаж өгөх талаар Сангийн яам, Засгийн газарт саналаа хүргүүлээд байна. Гүйцэтгэл: 50%
10.2. Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх
10.2.1. Баг бүрт цэцэрлэг ажиллуулах арга хэмжээ авч, сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх
Биелэлт: 2007-2010 онд улсын хэмжээнд 539 гэр цэцэрлэг байгуулсны 389 нь 2008-2010 онд ногдож байна. 2011 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр 6 аймгийн 20 багт 40 иж бүрэн гэр цэцэрлэг нийлүүлэхэд 87,5 сая төгрөг зарцууллаа. АХБ-ны төслийн хүрээнд зорилтот 4 аймаг, нийслэлийн Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт 76 гэр цэцэрлэг (152 гэр) нийлүүлэхээр төлөвлөж холбогдох хууль, тогтоомжийн дагуу худалдан авах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр 655 гэр цэцэрлэгтэй болж байна. Япон Улсын Засгийн газар, Ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа "Хөдөөгийн нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх" төслийн хүрээнд 2012 онд 100 гэр цэцэрлэг шинээр нэмж байгуулах болно.
Гэр цэцэрлэг байгуулахаас гадна цэцэрлэгийн барилгыг шинээр барих, хувийн цэцэрлэг байгуулах ажлыг дэмжих чиглэлээр ахиц гарлаа. Тухайлбал, 2011-2012 оны хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгийн тоо 12-оор нэмэгдэж 734-д хүрлээ. Хувийн хэвшлийн цэцэрлэгийн тоо 2011-2012 оны хичээлийн жилд өмнөх хичээлийн жилийнхээс 28-аар өсч 145-д хүрлээ. Ийнхүү манай улс 2011-2012 оны хичээлийн жилийн байдлаар 879 цэцэрлэгтэй болоод байна. Үүний үрээр цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн тоо 2011-2012 оны хичээлийн жилд өмнөх оноос 11.2 мянгаар өсч 133351-д хүрэв. Мөн хувилбарт сургалтад 30912 хүүхдийг хамруулаад байна. Энэ бүхний дүнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 2011-2012 оны хичээлийн жилийн байдлаар цэвэр жингээр 70.8%, бохир жингээр 74,9% болж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн энэ үзүүлэлтийг 70 хувьд хүргэх зорилт бүрэн биелээд байна. Гүйцэтгэл: 100%
10.2.2. 2011-2012 оны хичээлийн жилд явуулын цэцэрлэгийн багш бэлтгэн ажиллуулах
Биелэлт: Явуулын цэцэрлэгийн багш бэлтгэх сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг боловсруулж, уг сургалтыг энэ оны 6 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулж Баян-Өлгий, Булган, Хэнтий, Өмнөговь аймаг, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 22 сургагч багш бэлтгэв. Эдгээр сургагч багш нарын хүчээр гэр цэцэрлэгт ажиллах багш нарын мэргэжил дээшлүүлэх Үндэсний сургалтыг 2011 оны 10, 11 дүгээр сард сургалтыг зохион байгуулж, 400 багшийг бэлтгэв. Энэ арга хэмжээнд 90,0 гаруй сая төгрөгийг зарцууллаа. Эдгээр үйл ажиллагаа нь сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, малчдын хүүхдийн сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Гүйцэтгэл: 100%
10.2.3. Шинээр барих 20 цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлж, цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх
Биелэлт: Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд нийт 5480 ор бүхий хүчин чадалтай 61 цэцэрлэг баригдаж байсны 39-ийг нь 2011 онд шинээр барьж эхэлсэн болно. Оны эцсийн байдлаар цэцэрлэгийн 35 барилгыг ашиглалтад оруулж, орны тоог 3320-аар нэмэгдүүлж цэцэрлэгт хамрагдалтын хувийг өсгөх боломж олгосны дээр 2.7 тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн 66 барилгад засвар, шинэчлэлийн ажил хийж хүүхдийн сурч хүмүүжих орчныг сайжруулаад байна. Улсын төсвийн хөрөнгөөр 2009-2011 онд нийт 86 цэцэрлэгийн барилгыг шинээр ашиглалтад оруулж, хүүхдийн цэцэрлэгийн хүчин чадлыг 7,8 мянган ороор нэмэгдүүлсэн нь урд өмнө нь байгаагүй амжилт юм. Ирэх 2012 онд ч энэхүү 3 жилийн амжилттай тэнцэхүйцээр 7,6 мянган ор бүхий хүчин чадалтай 75 цэцэрлэгийн барилга баригдахаас 38-ыг нь ашиглалтад оруулж, орны тоог 4.0 мянгаар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Мөн Улсын төсөв болон Дэлхийн банкны "Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл" төслийн хамтарсан хөрөнгөөр 4,0 мянган хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн модон барилга 40-ийг канад технологиор барих болно. Гүйцэтгэл: 100%
10.3. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын хөтөлбөрийг нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэх
10.3.1. Шинэ сургалтын хөтөлбөр, стандартын туршилтыг хийх
Биелэлт: Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн Их Сургуулийн Олон Улсын Шалгалтын төвтэй хамтран Бага, дунд боловсролын чанарыг олон улсын жишигт хүргэх, чанартай, өрсөлдөх чадвар бүхий бага, дунд боловсролын тогтолцоог бий болгоход чиглэгдсэн Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх талаар 2019 он хүртэл хэрэгжүүлэх урт хугацааны хамтын ажиллагааны стратеги, санамж бичгийг боловсруулж, талууд энэхүү санамж бичигт 2011 оны 4 сард гарын үсэг зурж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэв.
Энэхүү шинэчлэлийн бодлого нь бага, дунд боловсролын чанарыг олон улсын жишигт хүргэх, чанартай, өрсөлдөх чадвар бүхий бага, дунд боловсролын тогтолцоог бий болгоход чиглэгдэх бөгөөд дараахь үйл ажиллагааны хүрээг хамарч байгаа болно:
(i) ерөнхий боловсролын сургалтын агуулга, хөтөлбөрүүдийг Кембрижийн хөтөлбөртэй уялдуулан шинэчлэх,
(ii) шинэчилсэн хөтөлбөрийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн бүх багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх, мэргэжлийн институцэд суурилсан багшийн мэргэжил дээшлүүлэх байнгын, тогтвортой тогтолцоог бий болгох,
(iii) багш бэлтгэх их, дээд сургуулиудын сургалтын агуулга, хөтөлбөр, сургалтын зохион байгуулалтыг өөрчлөх,
(iv) боловсролын үнэлгээ, шалгалтын системийг өөрчлөх, чанарын хяналтын үндэсний тогтолцоог бий болгох,
(v) сурах бичгийг шинэчлэх,
(vi) боловсролын институцуудын мэргэжлийн чадавхийг сайжруулж, тэдгээрийн бүтэц, санхүүжилт, мэргэжлийн чиг үүрэг, хариуцлагын хуваарилалтыг эрх зүйн орчинд тодотгож боловсролын судалгаа, шинжилгээ, мэргэжил, арга зүйн тогтолцоог бэхжүүлэх,
(vii) Ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүн, хөдөлмөрийн бүтээмжийг дэмжсэн цалин, хөлс, удирдлага, санхүүжилтийн тогтолцоог бий болгох
(viii) Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр, Англи, Монгол хос хэл дээр хичээллэдэг төрийн өмчийн сургуулийг аймгийн төв бүрд 1, Улаанбаатар хотод 9, улсын хэмжээнд нийт 30-ийг байгуулж, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургалтад олон улсын хөтөлбөрийн, хос хэлний сургалтийг нэвтрүүлэх гэсэн харилцан уялдаа бүхий, цогц, системтэй шинэчлэлийг хэрэгжүүлнэ.
Шинэчлэлийн бодлогын хүрээнд 2011 онд дараахь ажлыг хэрэгжүүлсэн:
(i) Шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлхэд холбогдох мэргэжлийн судалгаа, шинжилгээ, сургалтын байгууллагуудын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажилласан.
(ii) Шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн түвшний техник, зохицуулалт, зохион байгуулалтыг хангах чиглэлээр байнга ажиллах стандартын шинэчлэлийг дэмжих нэгж болон боловсролын стандарт, сургалтын агуулгыг боловсруулах багуудыг байгуулж, үйл ажиллагаанд нь оруулсан.
(iii) Бага, дунд боловсролын зорилго, ерөнхий боловсролын сургалтаар сурагчдын эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал, чадамжийн хүрээ, сургалтын агуулга, сургалтын төлөвлөгөөний хүрээг тодорхойлсон.
(iv) 9, 10 дугаар ангийн математик, физик, хими, биологи, англи хэл, 1-5 дугаар ангийн математик, байгалийн ухаан, 4-8 дугаар ангийн англи хэлний хичээлийн агуулга, хөтөлбөр, үнэлгээ, багшийн арга зүйг боловсруулсан.
(v) Шинэчилсэн сургалтын агуулга, хөтөлбөр, үнэлгээ, багшийн арга зүйг сургалтын бодит орчинд туршиж нийц, тохирцын тохируулгыг хийх, ерөнхий боловсролын сургуулийн багш нарт шинэ хөтөлбөр, үнэлгээ, арга зүйгээр хичээлийг зохион байгуулах чадварыг бий болгох сургалтыг зохион байгуулах орон нутгийн практик, дадлагын сургалтын төв болох үндэсний 31 лаборатори сургуулийг байгуулж, лаборатори сургуулийн үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлэн байдлыг хангах сургалтыг зохион байгуулсан.
(vi) Шинэчлэн боловсруулсан 9, 10 дугаар ангийн математик, физик, хими, биологи, англи хэл, 1-5 дугаар ангийн математик, байгалийн ухаан, 4-8 дугаар ангийн англи хэлний хичээлийн агуулга, хөтөлбөрийн нийц, тохирцыг тааруулах, үнэлгээ, багшийн арга зүйг нэвтрүүлэх туршилтын менежментийг боловсруулж, уг туршилтыг 2012 оны 2 дугаар сараас эхлэн хэрэгжүүлэх Үндэсний 31 лаборатори сургуульд явуулах бэлэн байдлыг хангах сургалтыг зохион байгуулсан.
(vii) Нийслэлд "Шинэ эхлэл", "Монгол тэмүүлэл" хос хэлний, олон улсын сургуулийг шинээр байгуулж, "Шинэ эрин", "Шинэ эхлэл", "Монгол тэмүүлэл" хос хэлний, олон улсын хөтөлбөрийн 3 сургуулийн багш, сурагчдын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, эдгээр сургуулиудын сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор олон улсын сургалтын зөвшөөрөл авах, олон улсын сурах бичиг болон холбогдох тоног төхөөрөмжөөр хангах, багш нарт нь олон улсын хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах мэргэжлийн ур чадварыг бий болгох, мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах, багш, сурагчдын англи хэлний сургалтыг зохион байгуулах ажлыг хэрэгжүүлсэн.
(viii) Шинэчлэлийн бодлогын ажлын төлөвлөгөөний дагуу Кембрижийн их сургуулийн Олон улсын шалгалтын төвийн 8 удаагийн зөвлөх үйлчилгээг зохион байгуулсан.
(ix) Шинэчлэлийн бодлогын талаар олон нийтэд сурталчлахад зориулсан мэдээлэл, харилцааны төлөвлөгөөг боловсруулж энэхүү төлөвлөгөөний дагуу 9 удаагийн нийтлэлийг өдөр тутмын сонин, хэвлэлд гаргах, 8 удаагийн нийтлэлийг олон нийтийн вэбүүдэд байршуулах, 5 удаагийн тусгайлсан нэвтрүүлэг, ярилцлагыг ТВ, радиогоор нэвтрүүлэх, Монгол Улсын Их Хурлын НББСШУ-ны байнгын хорооны гишүүдэд танилцуулга, мэдээллийг хийх, ерөнхий боловсролын сургуулийн нийт 1500 удирдлага, багш нарын сургалтыг зохион байгуулах ажлыг хэрэгжүүлсэн.
Шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Кембрижийн их сургуультай хамтран 2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, гэрээний төслийг боловсруулж, Кембрижийн талтай эцэслэж, Засгийн газраар хэлэлцүүлхэд бэлэн болгов. Гүйцэтгэл: 100%
10.3.2. Багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах
Биелэлт: 2010-2011 оны хичээлийн жилийн үндсэн сургалтыг бүсчилсэн хэлбэрээр Архангай, Ховд аймагт зохион байгуулав. Архангай аймагт зохион байгуулсан сургалтад Хөвсгөл аймгийн 18, Баянхонгор аймгийн 17, Өвөрхангай аймгийн 29, Архангай аймгийн 30, нийт 94 багш хамрагдсан бол Ховд аймагт зохион байгуулсан сургалтад Баян-Өлгий аймгийн 25, Завхан аймгийн 25, Увс аймгийн 26, Говь-Алтай аймгийн 31, Ховд аймгийн 58, нийт 165 багш хамрагдсан болно.
Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгт тасралтгүй 5 жил ажилласан багш нарын мэргэжил дээшлүүлэх 2010-2011 оны хичээлийн жилийн үндсэн сургалтыг 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Ховд, Архангай аймагт зохион байгуулав. Энэхүү 2 бүсийн 7 хоногийн хугацаатай сургалтад сургагч багшийн 2 баг ажиллаж, агуулгын 9 чиглэлээр нийт 384 багшийг хамруулав.
ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй "Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх нь" төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Завхан, Булган аймгийн загвар сургуулиудийн хичээлийн судалгаа хийж буй үйл ажилагаанд газар дээр нь хяналт-шинжилгээ хийх ажлыг зохион байгуулав. Улмаар төслийн загвар сургуулийн удирдлагууд, багш нарт зориулан 2010 онд зохион байгуулсан сургалтууд болон хичээлийн судалгааны хяналт-шинжилгээний дүнг хэлэлцэх сургалт-семинарыг 6 сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Нэгдсэн сургалт семинарт нийт төсөлд хамрагдсан сургуулийн 120 гаруй удирдах ажилтан багш нар оролцов.
2011-2012 оны хичээлийн жилийн зорилтыг тодорхойлж, бэлтгэлийг хангуулах, бодлогын талаар авч байгаа арга хэмжээг хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцэх аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга нарын сургалт семинарыг 6 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулав.
2011-2012 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид хичээл заах бүх багш нар сургалт зохион байгуулав. Нэгдүгээр ангид хичээл заах багш нарт зориулсан 2011 оны энэхүү сургалтын агуулгыг сүүлийн жилүүдэд зохион байгуулсан сургалтын агуулгыг 3 өдрийн сургалтын агуулга болгон интеграцчилж, орон нутагт бэлтгэгдсэн сургагч багш нарын хүчээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөний дагуу аймаг, дүүрэг бүрээс нэг сургагч багшийг Улаанбаатарт төвлөрсөн сургалтаар бэлтгэх ажлыг 6 сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Орон нутгийн сургалтыг 7 сарын 4-9-ний өдрүүдэд үндэсний хэмжээнд зохион байгуулж, уг сургалтад нийт 1724 багш хамрагдаж, 6 настай хүүхэдтэй ажиллах болон 1 дүгээр ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйгээр хангагдлаа. Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн багш нарт зориулсан сургалтад АХБ-ны зээлийн санхүүжилтээр хэрэгжих хямралын хөтөлбөрөөс нийт 90.0 сая төгрөг зарцуулав.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 72 дугаар тушаалаар батлагдсан "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам"-ын 5.2-т заасны дагуу төрөлжсөн сургалт зохион байгуулах сургалтын хөтөлбөртөө магадлан шинжилгээ хийлгүүлэхээр ирүүлсэн нийт 56 байгууллагын 211 хөтөлбөрийг холбогдох тайлангийн хамт бүртгэн авч, Боловсролын хүрээлэнтэй гэрээ байгуулан хөтөлбөрийн магадлан шинжилгээ хийлгүүллээ. Сургалтын хөтөлбөрийн магадлан шинжилгээний үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн "Сургалтын хөтөлбөр зөвшөөрөх тухай" БСШУ-ы сайдын 2011 оны 262 дугаар тушаалаар нийт 30 байгууллагын 66 хөтөлбөрөөр багш нарт кредит олгох сургалт явуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргаж, 2011 оны 7 дугаар сард яамны цахим хуудсанд байршуулж, нийтэд мэдээлсэн. Сургалтын хөтөлбөрийн магадлан шинжилгээнд ирүүлсэн 211 хөтөлбөрт тайлбар, зөвлөгөө бэлтгүүлэн хөтөлбөрийн хамт буцаан хүргүүлэх ажлыг гүйцэтгэж дууслаа. Түүнчлэн өмнөх жилүүдэд зөвшөөрөгдсөн нийт 88 хөтөлбөрийн тайланд үнэлгээ өглөө. Ийнхүү сургууль, багш нарын тусгай хэрэгцээнд суурилан тэднийг чадваржуулан кредит олгох төрөлжсөн сургалтын үйлчилгээ, дээрх журмын хэрэгжилт үйл ажиллагаа төлөвшиж байна. Яамны цахим хуудсанд сүүлийн 3 жилийн хөтөлбөрүүдийг байршуулж, сургууль, багш нар тэдгээрээс сонголт хийх боломжийг бүрдүүлэв. Кредиттэй төрөлжсөн сургалт зохион байгуулах эрхийг мэргэжлийн шинжээчдийн магадлан шинжилгээний үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн олгож, ирүүлсэн бүх хөтөлбөрүүдэд тайлбар, зөвлөгөө өгүүлж байгаа нь кредит олгох төдийгүй бусад төрлийн сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаа сайжрах, багшийн ур чадварын хөгжилд бодит ахиц гарахад нь эерэг нөлөө үзүүлж байна. Гүйцэтгэл: 100%
10.3.3. Сургалтын хөтөлбөр, стандарт, сургалтын орчин болон бусад чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх
Биелэлт: Бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн чиглэлээр дараахь судалгааны ажлыг гүйцэтгэв. Үүнд:
· Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвийн зөвлөлөөс 2004 онд баталсан сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын нийт 20 стандартад 2009 онд стандартын боловсруулалт, агуулгын тохирц болон хэрэгжилтэд 1 дэх шатны хөндлөнгийн үнэлгээ хийлээ. Энэхүү үнэлгээгээр боловсролын стандарт нь сурагчдын эзэмшвэл зохих чадвар буюу цогц чадамжид суурилсан, дэлхий дахины ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг дагасан, стандарт болон цөм хөтөлбөрийн холимог хэлбэрийг агуулсан, боловсролын шинэчлэлд хөтлөхүйц баримт бичиг болсон, түүнийг цаашид олон улсын боловсролын нийтлэг жишигт ойртуулан боловсронгуй болгох шаардлагатай гэж дүгнэсэн.
· Бага, дунд боловсролын 20 стандартын 2 дахь шатны үнэлгээг нийт ерөнхий боловсролын сургуулийн багш нар, сургалтын менежер, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын мэргэжилтнүүдийг хамруулсан хийлээ. Энэхүү шатны үнэлгээгээр стандартуудын сургалтын практикт хэрэгжиж буй байдлын болон цаашид тэдгээрийг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой дүгнэлтүүд гарсан. Бага, дунд боловсролын стандартын 1, 2 дахь шатны үнэлгээний үр дүн, дүгнэлтэд тулгуурлан түүнийг шинэчлэн боловсруулах зорилго бүхий "Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлэх бодлого"-ын төслийг боловсруулж, Монгол Улсын Засгийн газраар хэлэлцүүлэхэд бэлэн болголоо.
· 1998 онд батлагдсан сургалтын агуулгын 17 стандарт, 2004 онд батлагдсан бага, дунд боловсролын 20 стандарт болон ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1-12 дугаар ангийн сургалтын хөтөлбөрүүдийн агуулгыг өөр хооронд нь харьцуулан судлав. Энэхүү харьцуулсан судалгааны үр дүн, дүгнэлтэд тулгуурлан 20 /математик, монгол хэл гэх мэт/ чиглэлийн тайлан бичив. Энэхүү тайлан нь цаашид бага, дунд боловсролын агуулгыг олон улсын сургалтын хөтөлбөртэй харьцуулан судлах үндсэн баримт бичиг болов.
· Бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 5, 10 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийг Кембрижийн олон улсын ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөртэй харьцуулан судлав. Бүх ангийн сургалтын хөтөлбөрийг 2012 онд багтаан харьцуулан судална.
· Бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 5, 10 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийг Кембрижийн олон улсын ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөртэй харьцуулан судлах ажыг эхлүүлэв.
· Бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажлын хүрээнд шинэчилсэн стандарт, сургалтын хөтөлбөр, сурах бичгийн тохирцыг нь шалгах, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх чиглэлийг тодорхойлох зорилготой сорилын судалгааг хот, хөдөөгийн нийт 7 сургууль, 1100 гаруй сурагчийг хамруулан зохион байгуулав.
· БСШУ-ы сайдын 2002 оны 333 дугаар тушаалаар батлагдсан "Гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах журам"-ын хэрэгжилтийн байдалд үнэлгээ хийх зорилгоор хот, хөдөөгийн 50 сургууль болон Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын сургууль, Хөгжим бүжгийн сургуулийг хамарсан судалгаа хийж энэ журмыг шинэчлэн боловсруулах ажлын бэлтгэлийг хангав.
· Шатрын анхан, дунд, гүнзгийрүүлсэн шатны хөтөлбөрийг шинээр боловсруулахын тулд Орос, Изриаль, Халимаг улсын ерөнхий боловсролын сургуулийн шатрын хичээлийн агуулга, арга зүй, зохион байгуулалтыг харьцуулан судалсны үндсэн дээр ерөнхий боловсролын сургуулийн шатрын спортын анхан, дунд, гүнгийрүүлсэн 3 шатны хөтөлбөрийг боловсруулж "Сургалтын хөтөлбөр батлах, сургалт зохион байгуулах тухай" БСШУ-ы сайдын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 471 дүгээр тушаалаар баталгаажуулав. Ингэснээр 2012-2013 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуульд шатрын дугуйлан хичээллэх бэлтгэл ажлыг хангав.
· Орос, Хятад улсын болон Кембрижийн ерөнхий боловсролын сургуулийн усан спортын хичээлийн агуулга, арга зүй, зохион байгуулалтыг харьцуулан судалсны үндсэн дээр ерөнхий боловсролын сургуулийн усан спортын хөтөлбөрийг "Сургалтын хөтөлбөр батлах, сургалт зохион байгуулах тухай" БСШУ-ы сайдын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний 471 дүгээр тушаалаар баталгаажуулав. Ингэснээр Монгол улсын хэмжээнд одоо ажиллаж буй 20 усан бассейнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид усанд спортоор хичээллэх сургалтын хөтөлбөртэй боллоо. Гүйцэтгэл: 100%
10.4. "Үдийн цай" хөтөлбөрийг "Үдийн хоол" хөтөлбөр болгон өргөжүүлж, уг хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэх
10.4.1. Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээг зохион байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх
Биелэлт: Ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, уг хуралдаанаас ЕБС, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдлын баталгааг хангах зорилгоор хот суурин газарт төвлөрсөн хангамжийн тогтолцоог бүрдүүлэх, сум, багийн түвшинд тохирсон загварыг бий болгох талаар санал боловсруулж, Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгосон. Энэ үүргийн дагуу яамнаас ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн хоол" хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, үүний мөрөөр Засгийн газрын хуралдааны 2011 оны 21 дүгээр тэмдэглэл гарсан. Уг тэмдэглэлд "эхний ээлжинд туршилтын журмаар Улаанбаатар хотод үдийн хоол бэлтгэн боловсруулах хүнсний үйлдвэр байгуулах, хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацааг сунгах, холбогдох байгууллагаас санал авах зэрэг хуралдаан дээр Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг дахин тусган боловсруулахаар хойшлуулав" гэж заасан юм.
Мөн уг хөтөлбөрийн төслийг 2011 оын 6 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлж, хуралдаанаас Үдийн хоол хөтөлбөрийн санхүүжилтийн тооцоог дахин боловсруулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд Улаанбаатар хотод хүнсний загвар комбинат байгуулах талаар Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэв.
Хоол, хүнсний тогтвортой, найдвартай хангамжийн тогтолцоог бүрдүүлэх, хүүхдийн хоолны эрүүл ахуй, аюулгүй байдлын баталгааг хангахад энэхүү "Үдийн хоол" хөтөлбөрийн зорилго чиглэгдэнэ. Улаанбаатар хотод 15000 хүүхдэд үйлчлэх хүчин чадал бүхий хоол хүнсний комбинатыг байгуулах, сум, багийн түвшинд тохирсон загвар бий болгох, аймаг, сумдын гал тогооны орчин, тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэллээ.
Хөтөлбөр хэрэгжсэнээр 2014 оны 9 дүгээр сарын 1-ээс улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид үдийн хоолны үйлчилгээнд 100 хувь хамрагдсан байхаар тусгасан болно.
2012 оны Төсвийн тухай хуульд Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг тусгасан бөгөөд хуралдаанаас өгөгдсөн үүргийн дагуу бодлогын төслийг батлагдсан төсөв, санхүүгийн эх үүсвэртэй уялдуулан боловсруулж, 2012 оны 1 дүгээр улиралд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Хөтөлбөрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж баталгаажуулсны дараагаар журмын төслийг боловсруулна.
Үдийн цайгаар сурагчдад боов, боорцог, жигнэмэг зэрэг үйлдвэрийн бэлэн гурилан бүтээгдэхүүн, ундааны зүйлд сүү, сүүн бүтээгдэхүүн, жимсний шүүс, халуун цай, аарц зэрэг хөнгөн хоолоор үйлчилж эхэлсэн хэдий ч өнөөдөр нийт сургуулийн 70,0 гаруй хувь долоо хоногийн 2-5 өдөрт халуун хоолоор үйлчилдэг гэсэн мэдээтэй байгаа бөгөөд Улаанбаатар хотын хувьд дийлэнх сургуулиуд зориулалтын гал тогоо, хөдөө орон нутагт сумын сургуулийн дотуур байрны гал тогоог түшиглэн хоолоор үйлчилж байна. Үүнээс гадна нийслэлийн 58 дугаар сургууль, Архангай аймгийн "Хүмүүн" цогцолборын 2 дугаар сургууль, Төв аймгийн Алтанбулаг сумын ЕБС, Булган аймгийн Дашинчилэн сумын ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдын үдийн хоолыг сургууль дээрээ бэлтгэж, үйлчлэхэд зориулж, 350,0 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, сургуулийн үдийн хоолны үйлчилгээний загварыг бий болголоо. Биелэлт 90%
10.4.2. Улаанбаатар, Дархан хотод хоол хүнсний комбинатыг байгуулснаар бага ангийн сурагчдыг үдийн хоолны үйлчилгээнд хамруулах
Биелэлт: 2011 онд бага ангийн нийт хүүхдийн 14.5 хувийг хоол хүнсний комбинатын үйлчилгээнд, 21.9 хувийг сургуулийн хоолны газрын үйлчилгээнд хамруулах, хичээллэх хоногийг 170 өдөр, нэг өдөрт 1140 төгрөгийн хоол олгохоор ажлын хэсгээс үндэслэл гаргасны дагуу холбогдох тооцоог хийж, шаардагдах 19.3 тэрбум төгрөгийг ерөнхий боловсролын салбарын 2011 оны төсвийн төсөлд тусгасан боловч төсөв батлагдах явцад эрх зүйн баримт бичиг батлагдаж гараагүй гэсэн үндэслэлээр хасагдсан болно. Харин Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд "Сургалтын орчныг сайжруулах, "Үдийн хоол" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг үргэлжлүүлэх" зорилтын хүрээнд 19.4 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсвийн зарлагад тусгах шийдвэр гарсан. "Үдийн цай" хөтөлбөрт 2009 онд 15.8 тэрбум төгрөг, 2010 онд 16.1 тэрбум төгрөг зарцуулж, 2011 онд 16.3 тэрбум төгрөг батлагдаж байсан бол, 2012 оны төсвийн төсөлд "Үдийн цай" хөтөлбөрт 17.5 тэрбум төгрөг, "Үдийн хоол" хөтөлбөрт 2.2 тэрбум төгрөг тусгаад байна.
Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн хоол үндэсний хөтөлбөрийн төслийг 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний дагуу Засгийн газрын хуралдаанаас Хоол хүнсний загвар комбинатыг Улаанбаатар хотод байгуулах ажлыг эхлүүлэх талаар тэмдэглэл гаргасан бөгөөд энэ үйл ажиллагааг Концессын хуулийн хүрээнд Төрийн өмчийн хороотой хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. Цаашид сурагчдын үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг дараахь байдлаар боловсруулаад байна.
Хоол, хүнсний комбинатын үйлчилгээ: Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвд хоол, хүнсний комбинатын үйлчилгээг бий болгож сурагчдыг үдийн хоолоор хангана. Улаанбаатар хотын төвийн дүүргүүдэд 5, Орхон, Дархан-Уул аймгийн төвд тус бүр 1, нийт 7 хоол, хүнсний комбинатыг байгуулна.
Сургуулийн хоолны газар: Аймгийн төв, сумдын ЕБС-ийн сурагчдын үдийн хоолыг сургуулийн хоолны газрын үйлчилгээгээр хангана. Бэлтгэл үе шатыг хөтөлбөр батлагдсанаас хойш 2013 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд хэрэгжүүлнэ.
Үндсэн үе шат нь 2013 оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн хөдөөгийн бүх сум, багийн ЕБС-ийн бага ангийн нийт сурагчийг сургуулийн хоолны газрын үйлчилгээгээр, Улаанбаатар хот, Дархан-уул, Орхон аймгийн төвийн сургуулиудын бага ангийн нийт сурагчийг хоол, хүнсний комбинатын үйлчилгээгээр, аймгийн төвийн сургуулиудын бага ангийн нийт сурагчдыг сургуулийн хоолны газрын үйлчилгээгээр үдийн хоолны үйлчилгээнд хамруулах болно. Өөрөөр хэлбэл, үдийн хоолоор үйлчлэх эрхзүйн орчинг бүрдүүлсэн бөгөөд тогтоолын дагуу эхний ээлжинд Улаанбаатар хотод хоол хүнсний комбинатыг байгуулахаар заасан. Өнөөдөр нийт сургуулийн 13 хувь нь 7 хоногийн бүх өдөр, 57 хувь нь 7 хоногийн 2-3 өдөр сурагчдад халуун хоолоор үйлчилж байгаа мэдээтэй байна. Цаашид үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 оны хичээлийн шинэ жил гэхэд сурагчдад үдийн хоолоор үйлчилнэ. Гүйцэтгэл: 90%
10.4.3. Ерөнхий боловсролын 130 сургуулийн дэргэдэх хоолны газрыг өргөтгөснөөр бага ангийн сурагчдыг сургуулийн дэргэдэх хоолны газрын үйчилгээнд хамруулах
Биелэлт: Ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх хоолны газрыг шинэчлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. 2011 онд Дэлхийн банкны Үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл төслийн хүрээнд 25 ерөнхий боловсролын сургуулийн гал тогоонд тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг зохион байгуулав. Мөн 36 сургуульд 380.0 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлсний гадна 45 сургуульд 434.8 сая төгрөгийн гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлж эхлээд байна. Үүнээс гадна нийслэлийн 58 дугаар сургууль, Архангай аймгийн "Хүмүүн" цогцолборын 2 дугаар сургууль, Төв аймгийн Алтанбулаг сумын ЕБС, Булган аймгийн Дашинчилэн сумын ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдын үдийн хоолыг сургууль дээрээ бэлтгэж, үйлчлэхэд зориулж, 350,0 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, сургуулийн үдийн хоолны үйлчилгээний загварыг бий болголоо. Гүйцэтгэл: 90 %
10.5. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг зөөврийн компьютерээр хангах ажлыг эрчимжүүлэх
Биелэлт: Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг зөөврийн компьютерээр хангах ажлыг 2010 оноос эхэлсэн бөгөөд тухайн онд 948.6 сая төгрөгөөр 1192 багшид зөөврийн компьютер олгож байсан бол 2011 онд 1243.0 сая төгрөгөөр 1450 багшийг компьютержүүлж өмнөх оныхоос хөрөнгийн хэмжээг 1.3 дахин, компьютержүүлсэн багшийн тоог 1.2 дахин нэмэгдүүллээ. 2012 онд "Шинэ зууны боловсрол" төслөөс үлдсэн бүх багшид компьютер олгохоор 18,6 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг эхлүүлээд байна. Гүйцэтгэл: 100%
10.6. Ерөнхий боловсролын сургуулийн стандартын шаардлага хангахгүй болсон барилгыг шинэчлэх
Биелэлт: Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт тасралтгүй өсч 2011 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 131,388.0 сая төгрөг батлагдсан болно. Энэ нь өмнөх 2010 оны хөрөнгө оруулалтаас 1,7 дахин, 2009 оны хөрөнгө оруулалтаас даруй 2,8 дахин өссөн юм. Үүнд: 2011 оны хөрөнгө оруулалтын 100,440.7 сая төгрөгөөр өмнөх оноос шилжсэн 104, шинээр эхлүүлсэн 130 барилга угсралт, төсөл арга хэмжээний ажил, 13568.8 сая төгрөгөөр 210 барилгын засвар шинэчлэл, 17378.5 сая төгрөгөөр тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын ажлыг тус тус гүйцэтгэхээр төлөвлөн хэрэгжүүллээ.
Улсын төсвийн хөрөнгөөр 2009-2011 онд нийт 46 сургуулийн барилгыг шинээр ашиглалтад оруулж, сургуулийн хүчин чадлыг 16,1 мянган суудлаар нэмэгдүүлсний дотор 2011 онд шинээр сургуулийн хичээлийн байрны 16 барилгыг ашиглалтад оруулж, суудлын тоог 5,9 мянгаар өсгөв.
Улсын мэргэжлийн хяналтын газраас цэцэрлэгийн барилгын 22 хувь, ерөнхий боловсролын сургуулийн барилгын 25 хувь нь 1970-аад оноос өмнө баригдсан учир газар хөдлөлийн хүчийг тооцоогүйгээс стандартын шаардлага хангахгүй хэмээн дүгнэлт гаргасан байна. 2011 онд ийм дүгнэлттэй сургуулийн хичээлийн байр 6, дотуур байр 4, спорт заал 5, цэцэрлэгийн барилга 7-г шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн бөгөөд эдгээр барилга 2012 онд ашиглалтад орох болно. Түүнчлэн 213.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2011 онд сургууль, цэцэрлэг, дотуур байрны 210 гаруй барилгад засвар шинэчлэлийн ажил хийсэн бөгөөд эдгээрийн дотор гамшгийн байдалд ороод байсан болон өвөлжилтийн хүнд нөхцөлтэй байсан 34 сургууль, 10 цэцэрлэг, 4 соёлын төвийг засварлав. Энэ арга хэмжээнд 1.1 тэрбум төгрөг зарцуулсан болно.
2012 онд боловсролын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг 209781.0 сая төгрөгөөр батлуулав. Энэ нь өмнөх 2011 оныхоос 1,6 дахин, 2010 оныхоос 2,8 дахин өсч байгаа болно. Үүний 160265.5 сая төгрөгөөр шилжиж буй 103 барилга угсралтын ажил,н шинээр эхлэх 237 барилга угсралт, төсөл, арга хэмжээний ажил гүйцэтгэхээс гадна салбарын барилгын засвар шинэчлэлд 23,114.5 сая төгрөг, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтад 26,401.0 сая төгрөг хуваарилаад байна.
2012 онд 36,2 мянган суудал бүхий 69 сургуулийн барилга баригдахаас Мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглах боломжгүйг тогтоосон 11 барилгыг шинээр барихад 11,2 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 28 сургуулийн хичээлийн байрны барилгыг шинээр ашиглалтад оруулж, суудлын тоог 15 мянгаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
2012 онд шилжин баригдаж буй болон шинээр барих барилга /стандартын шаардлага хангахгүй гэж дүгнэлт гарч шинэчлэгдэж буй/:
· Сургуулийн барилга, 920 суудал /Баян-Өлгий, Өлгий, 1-р сургууль/
· Сургуулийн барилга, 640 суудал /Завхан, Тосонцэнгэл/
· Сургуулийн барилга, 640 суудал /Говь-Алтай, Баян-Уул/
· Сургуулийн барилга, 928 суудал /Ховд, Жаргалант, Прогресс/

· Сургуулийн барилга, 640 суудал /Завхан, Тэс/
· Сургуулийн барилга, 320 суудал /Завхан, Нөмрөг/
· Сургуулийн барилга, 960 суудал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 92-р сургууль/
· Сургуулийн барилга, 320 суудал /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 70-р тусгай сургууль/
· Сургуулийн барилга, 640 суудал /Улаанбаатар, Баянгол дүүрэг, Оюуны Ундраа цогцолбор, 22-р сургууль/
· Сургуулийн барилга, 960 суудал /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 3-р сургууль/ барилгууд байна. Гүйцэтгэл: 100.0%
10.7. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг боловсролд тэгш хамруулах орчин, нөхцөлийг сайжруулах
10.7.1. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг илрүүлэх, оношлох арга хэрэгслийг боловсруулах, хараа, сонсгол, оюун ухааны бэрхшээлийг илрүүлэх бүрэн хэрэгсэл нийлүүлэх
Биелэлт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг илрүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээ үзүүлэх арга зүй, аргачлал боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нийгмийн цогц үйлчилгээ үзүүлэх арга зүй болон оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг илрүүлэх арга хэрэгслийг боловсруулан, турших ажлыг Баянхонгор, Завхан, Улаанбаатар хотын 2 дүүрэгт 2011 оны 3-4 дүгээр сард зохион байгуулж нийт 80 багшийг хамруулав. Сэтгэл судлаач, оюуны бэрхшээлтэй хүүхдийн согог зүйч багш, сэтгэл мэдрэлийн эмч зэрэг мэргэжлийн багийн төлөөлөл бүхий ажлын хэсгээс оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ой тогтоолт, анхаарал, хэл яриа, танин мэдэхүйн хөгжил зэргийг тусгай боловсруулсан аргачлал, арга хэрэгслийг ашиглан илрүүлэх арга зүйг боловсруулж "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг судлах, үнэлэх арга зүй" хэмээх 10 х,х бүхий гарын авлагыг боловсруулан АХБ-ны БХХ-ийн 10.4 сая төгрөгийн санхүүжилтээр 1000 хувь хэвлүүлж ерөнхий боловсролын сургуулиудад хүргэлээ. Энэхүү арга зүй, арга хэрэгслийг боловсруулснаар танин мэдэхэд хамгийн түвэгтэй байдаг оюун ухааны хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, тэдний онцлог хэрэгцээнд нийцсэн сургалтыг зохион байгуулах боломжийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм.
Монголын нээлттэй нийгэм хүрээлэнтэй хамтран 4 аймгийн сургуульд сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургалтын төв байгуулан тоног төхөөрөмж, холбогдох материалаар хангаж, багш нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалтыг зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд нийтдээ 60,0 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Мөн 29 дүгээр сургуульд суралцагчдын сонсголын аппаратыг шинэчлэх ажлыг зохион байгууллаа. Биелэлт: 100%
10.7.2. Шинээр барих сургуулийн барилгад Монгол Улсын MNS-6055:2009, MNS-6056:2009 стандартыг мөрдүүлэх
Биелэлт: Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2011 оноос шинээр барьж байгаа болон засвар хийсэн бүх барилга байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд зориулсан орц, гарцтай болгож байгаагийн зэрэгцээ бие засах газарт тусгай суултуур хийлгэж байгаа болно. Ийнхүү дээрх хоёр стандартыг мөрдөж байна. Гүйцэтгэл: 100%
10.7.3. Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах нөхцөлийг бүрдүүлж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах
Биелэлт: Энэ онд ерөнхий боловсролын сургуулийн 16 барилга, цэцэрлэгийн 35 барилга, дотуур байрны 7 барилгыг ашиглалтад хүлээн авсан бөгөөд эдгээр барилгуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах орчинг бүрдүүлэх зорилгоор 2010 оны 2 дугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн "Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар MNS-6056:2009", "Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин. Үндсэн шаардлага" Монгол Улсын MNS-6055:2009" стандартын дагуу зам, шат талбайг тохижуулсны гадна ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад стандартыг түгээж холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулж нийслэлийн 100 захирал, эрхлэгчийг хамрууллаа.
Ерөнхий боловсролын тусгай сургалттай 6 сургууль тус бүрт 400,0 мянган ам. долларын өртөг бүхий мэргэжлийн чиг баримжаа олгох (оёдол, үсчин, гоо сайхан, хоол үйлдвэрлэл, хөгжим, хэвлэл, мэдээллийн технологи, биеийн тамир) тоног төхөөрөмж, тусгай боловсролын сургалтын хэрэглэгдэхүүнийг 2011 оны 2 дугаар сард нийлүүлэв. Эдгээр тоног төхөөрөмжийг "Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл хөтөлбөр"-ийн санхүүжилтээр гүйцэтгэсэн болно. Мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт 20,0 сая төгрөгийн тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэв. Зарим тусгай сургуулийг 2012 онд зориулалтын автобусаар хангах хөрөнгийг Улсын Их Хурлаар батлуулаад байна. Гүйцэтгэл: 100%
10.8. Дээд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, төрийн өмчийн их, дээд сургуулийн бүтцийн өөрчлөлтийг зохион байгуулж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэх
10.8.1. Их сургуулийн тухай хуулийн төслийг боловсруулах
Биелэлт: "Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл"-д их сургууль, дээд сургуулийн ангилал, дээд боловсролын сургалтын байгууллагын академик эрх чөлөө, төрийн өмчийн их, дээд сургуулийн санхүүжилттэй холбоотой шинэ зохицуулалтуудыг тусгав. Уг төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлээд байна. Гүйцэтгэл: 100.0%
10.8.2. Дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийг аттестатчилах журмыг боловсруулж, дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах
Биелэлт: "Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах журам", "Дээд боловсролын сургалтын байгууллагын аттестатчиллын шалгуур үзүүлэлт" гэсэн баримт бичгүүдийг боловсруулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 9 дүгээр тушаалаар баталж, 2011 оны 1 дүгээр сарын 26-нд Улсын бүртгэлд бүртгүүлэв. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 104 дүгээр тушаалаар 2010-2011 оны хичээлийн жилийн 2 дугааар улиралд аттестатчилалд хамруулах 25 дээд боловсролын сургалтын байгууллагын нэр, аттестатчиллын комиссын бүрэлдэхүүнийг баталсан. Аттестачилалд хамрагдах байгууллагуудын аттестатчиллын тайланг хүлээн авч, комиссын ажиллах хугацаа, ажлын удирдамжийг батлан аттестатчилах үйл ажиллагааг явуулав. Их, дээд сургуулиудыг аттестатчилах комиссуудын дүгнэлтийг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 263 ба 306 дугаар тушаалуудаар 9 дээд сургууль, коллежийг аттестатчилагдсанаар тооцох, 6 дээд сургууль, коллежийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 8 дээд сургууль, коллежийг аттестатчилагдаагүйд тооцохоор шийдвэрлэсэн. 2011 оны хоёрдугаар хагаст аттестатчилалд хамрагдах сургуулийн нэрс, аттестатчиллын комиссын бүрэлдэхүүнийг сайдын 2011 оны 384 дүгээр тушаалаар баталж, 28 дээд боловсролын сургалтын байгууллага дээр аттестатчиллын комисс ажиллав. Эдгээр сургуулийн 4 нь аттестатчилагдаагүй бөгөөд аттестатчилагдсан зарим сургуулийн тодорхой чигэлэлээр сургалт эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авсан. Ийнхүү 2011 онд 53 дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилав. Гүйцэтгэл: 100%
10.8.3. Төрийн бус өмчийн их, дээд сургуулиудын нэгдэх, нийлэх хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх
Биелэлт: Төрийн бус өмчийн сургалтын байгууллага нэгдэх, нийлэх, тэдгээрийг татан буулгахтай холбогдсон зарим зохицуулалтыг "Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн төсөлд тусгасан. Төсөлд сургуулиуд нэгдэх, нийлэх, татан буугдахад багш, суралцагчидттай холбоотой баримт бичгийг холбогдох этгээдэд шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг мөн тусгав. Түүнчлэн их, дээд сургууль нь харьяа дээд сургууль, коллежтой байх зохицуулалтыг хүчингүй болгохоор тусгасан. Төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барьсан. Гүйцэтгэл: 100%
10.8.4. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Дээд боловсролыг чадавхижуулах төсөл"-ийг хэрэгжүүлж эхлэх
Биелэлт: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцүүлэн дэмжүүлэв. Энэ асуудлаар АХБ-тай хэлэлцээр хийж, гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын Ерөнхий сайдад олгосны дагуу 2011 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан болно. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан уг төслийн зээлийн хэлэлцээрийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэхүү зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2012.12.06-ны өдрийн хуралдаан, мөн УИХ-ын 2012.12.09-ний өдрийн чуулганаар тус тус хэлэлцэн дэмжсэн болно. Төслийг хэрэгжүүлэхэд АХБ-аас 20 сая ам.доллар, манай Засгийн газраас 2.22 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийх болно.Энэ төслийг 2012-2016 онд хэрэгжүүлэх юм. Гүйцэтгэл: 100%
10.9. Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах
10.9.1. Хотхоны хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжид зориулан арилжааны банкнаас хөнгөлөлттэй зээл авах, гадаадын зээл, тусламж, иргэд, аж ахуйн нэгжийн болон гадаадын их сургуулиудын хандив, тусламжийг татварын бодлогоор дэмжих эрх зүйн орчинг бий болгох
Биелэлт: Их сургуулийн хотхон барих хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд гаднын хөрөнгө оруулалтыг татах талаар хэд хэдэн арга хэмжээ авлаа. Тухайлбал, Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжийн зарим хэсгийг их сургуулиудын нэгдсэн хотхоны аль нэг сургалтын байгууллага барихаар тохиролцсоны зэрэгцээ Энэтхэгийн Улсын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр хотхоны Мэдээлэл технологи, аутсорсингийн төвийн барилга байгууламжийг барьж байгуулахаар гэрээ байгуулаад байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын тэргүүний БНСУ-д хийсэн айлчлалын үеэр их сургуулиудын хотхоны бүтээн босголтын ажилд хамтран ажиллах, санхүүгийн тусламж, зээл авах талаар хүсэлт тавьж, санамж бичиг байгуулсны дагуу Хотхоны номын сангийн барилгыг Солонгосын тусламжаар бариулахаар гэрээ хийлээ. Түүнчлэн Концессийн хуулийн хүрээнд их сургуулиудын бүтээн босголтод оролцох ажилчдыг бэлтгэх "Барилгын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв"-ийг Солонгосын "КТ" компанитай хамтран байгуулах гэрээ, санамж бичиг байгуулсан бөгөөд энэ төвийг 2012 онд эхлэх болно.
Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа "Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-д төрийн өмчийн их сургууль, дээд сургууль нь санхүүгийн чадавхиа дээшлүүлэх, материаллаг баазаа өргөтгөн бэхжүүлэх, сургууль хөгжүүлэх зорилгоор зохих журмын дагуу банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлд хамрагдаж болохыг зөвшөөрсөн заалтыг тусгаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль"-ийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх үед энэ хуулийн дагавар хууль болгон "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай" хуульд нэмэлт оруулж дээд боловсролын сургалтын байгууллагад гадаадын зээл, тусламж, иргэд, аж ахуйн нэгжийн болон гадаадын их сургуулиудын хандив, тусламж үзүүлбэл татварын бодлогоор дэмжих эрх зүйн орчинг бий болгох хуулийн төсөл боловсруулсан боловч УИХ-аар хэлэлцэх явцад хасагдсан болно. Гүйцэтгэл: 100%
10.9.2. Их сургуулиудын ашиглаж байсан газар, барилга, байгууламжийг худалдан борлуулсан орлогыг хотхон байгуулахад бүрэн зарцуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох
Биелэлт: Улсын Их Хуралд өргөн барьсан Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд "Тусгай зориулалттай бусад сан бий болгох сангийн зориулалт, сан бүрдүүлэх эх үүсвэр, зарцуулах, гүйцэтгэлийг хянахтай холбогдсон журмыг санхүүгийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан шийдвэрээр батална. Сангийн орлого зарлагын тайлан нь их сургууль, дээд сургуулийн төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна." гэсэн заалтуудыг тусгаад байна. Энэ санг бүрдүүлэх эх үүсвэрүүдийн нэг нь их, дээд сургуулийн ашиглаж байсан газар, барилга байгууламжийг борлуулсан орлого байх бөгөөд уг орлогыг хотхоны бүтээн байгуулалтад зарцуулахаар журамлах юм. Гүйцэтгэл: 100%
10.9.3. Их сургуулиудын хотхоныг тусгай бүс болгон хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх
Биелэлт: "Монгол Улсад их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх бодлого" нь Улсын Их Хурлын 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого (2007-2021 он хүртэл), Улсын Их Хурлын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 35 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 192 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 2 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 306 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоог 2008-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр зэрэг эрх зүйн баримт бичигт тус тус тусгагдсан.
Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх асуудал нь Монгол Улс мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэдэг дээд боловсролын тогтолцоог дэлхийн түвшинд хүргэх, өрсөлдөх чадвартай болгох бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажил болно. Үүнд их сургуулиудыг зөвхөн сургалт явуулдаг байгууллагаас гол нь мэдлэг үйлдвэрлэдэг, шинжлэх ухааны судалгаа явуулдаг байгууллагууд болгож улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулдаг болгох томоохон зорилго агуулагдаж байна. Мөн хотхон нь дотроо сургуулиудаар биш, харин шинжлэх ухааны бүсүүдээр төлөвлөгдөж байгаа нь юуны түрүүнд төрийн их сургуулиудын мэргэжлийн давхардлыг арилгах, өөр өөр салбарын эрдэмтдийн хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих замаар шинжлэх ухааны судалгааны ажлыг өргөсгөж улс орны эдийн засгийн хөгжилд бодитой хувь оруулдаг болгох зорилготой. Ингэснээр их сургуулиудын мэргэжлийн тэнхмүүдэд тархан байрласан судалгааны багаж тоног төхөөрөмжүүдийг нэгтгэсэн дундын шинжилгээ судалгааны төвийг шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн силикон вээлий бүсэд байгуулах боломж бүрдэнэ. Их сургуулиудын нэгдсэн хотхоныг Техник, технологийн шинжлэх ухааны, Нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны, Байгалийн ухааны, Эрүүл мэндийн шинжлэх ухааны, Соёл урлаг, спортын, Худалдаа, үйлчилгээний, Силикон вээлий буюу шинжлэх ухаан үйлдвэрлэлийн, Суурьшлийн гэсэн бүсүүдтэй 100,0 мянга орчим оюутантай, нийт 150,0 мянган хүн амтай, бие даасан дэд бүтэцтэй хотхон байхаар төлөвлөж байна.
Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх асуудлыг Монгол Улсын Засгийн газраас бүсийн хөгжлийн бодлоготой нягт уялдуулан боловсруулсан. Баруун болон Зүүн бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төвүүдийг Ховд, Дорнод аймагт, Геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймагт, Техник, технологийн их сургуулийн хотхоныг Дархан-Уул аймагт байршуулахаар төлөвлөсөн. Эдгээр хотхоны газрын асуудлыг тухайн орон нутгийн засаг захиргаанаас нааштайгаар шийдвэрлэж өгч байгаа. Иймд тухайн бүсүүдийн хөгжлийн чиг хандлага, шаардлагыг хангах дээд боловсролын сургалт, судалгааны ажлын бүтэц, чадварыг нарийвчлан тогтоосны үндсэн дээр хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос "Их сургуулиудын хотхон" төслийн техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийг 2011 оны 7 сард зарлаж, "Монголын логистикийн холбоо" ТББ-ын ажлын баг шалгарсан бөгөөд уг багийн урьдчилсан тайланг 2011 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны удирдлагын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэв. Тус баг нь Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Ховд, Дорнод аймгуудад их сургуулиудыг хотхон хэлбэрээр хөгжүүлэхэд шаардлагатай зардлын тооцоог хийж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлон, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн үндэслэлийг гаргахын зэрэгцээ хотхон барьж байгуулахаар сонгож авсан байршлуудад хувилбар гарган тус бүрийн онцлогийг хотхоны бүтэц, тэдгээрийн хэв шинж, хэлбэр, архитектур төлөвлөлт, орон зайн багтаамж, байгалийн болон нийгэм, эдийн засгийн орчин зэрэг хүчин зүйлүүдээр ялгавартай гаргаж, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулах зорилготой ажиллаж байна.
"Их сургуулиудын нэгдсэн хотхоныг барьж байгуулах зориулалтаар 10,000 га газар эзэмших эрх шинээр олгох тухай" Багануур дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/416 тоот захирамж гарсан бөгөөд энэ асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн "Их сургуулиудын нэгдсэн хотхоныг Багануур дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10,000 га газарт байгуулна" гэж шийдвэрлээд байна. Гүйцэтгэл: 100%
10.10. Мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдийг бэхжүүлэх
10.10.1. МСҮТ-ийн хичээлийн байрны барилгын ажлыг эхлүүлэх
Биелэлт: 2011 онд 4,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөгжим бүжигийн коллежийн өргөтгөлийн барилга, Хэнтий аймгийн МСҮТ-ийн барилгыг тус тус үргэлжлүүлэн барьж, Увс аймгийн Улаангом коллежийн барилгыг шинээр ашиглалтад хүлээлгэн өгөөд байна. Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг дэмжих 1.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус салбарын 16 байгууллагын барилгад засвар шинэчлэл хийх, тоног төхөөрөмж, материаллаг баазыг нь сайжруулахад зарцуулав. Тухайлбал, Архангай аймаг дахь МСҮТ-д шинэ технологиор уурын зуух барихад-45,0 сая төгрөг, Булган аймаг дахь МСҮТ-ийн хичээлийн байрны дээврийг шувуу нуруу болгон завсарлахад-55,3 сая төгрөг, Дорнод аймаг дахь шаталсан сургалттай Техник технологийн сургуульд усжуулалтын систем тавихтай холбогдон хийгдэх засвар шинэчлэлийн ажилд-250,0 сая төгрөг, Дорноговь, Дундговь аймаг дахь МСҮТ-ийн дадлагын байрны засвар, дотуур байрны барилгын зураг төсөв, Завхан аймаг дахь МСҮТ-д бохирын төвлөрсөн системд холбоход-50,0 сая төгрөг, Сэлэнгэ аймгийн Шаамар МСҮТ-ийн хөдөө аж ахуй, автын дадлагын газрын их засвар, Өвөрхангайн ШУТИС-ийн Технологийн сургуулийн уурын зуухны их засварт-50,0 сая төгрөг, Увс аймаг дахь Улаангом коллежийн МСҮТ-д хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж худалдаж авахад 44,5 сая төгрөг, Хэнтий аймгийн Бор-Өндөр тосгон дахь МСҮТ-ийн хичээлийн байрны их засварт-30,0 сая төгрөг, Хөвсгөл аймаг дахь МСҮТ-ийн хичээлийн байрны их засварт-50,0 сая төгрөг, Автомашин худалдан авахад-20,0 сая төгрөг /Фургон/, Төв аймгийн Заамар суман дахь МСҮТ -ийн дотуур байр болон дадлагын байрны их засварт-51,0 сая төгрөг, Улаанбаатар дахь Үйлдвэр-Урлалын сургуулийн хичээл, дадлагын болон складны барилгын их засварт 60,0 сая төгрөг, Улаанбаатар дахь Хөгжим бүжгийн сургуульд дотуур байрны барилгын дээврийн их засвар 50,0 сая төгрөг тус тус олголоо.
Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд тус салбарт 5 270.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр батлагдав. Үүнд: Хөгжим бүжгийн коллежийн өргөтгөлийн барилга, Хэнтий аймгийн МСҮТ-ийн барилгыг дуусгахад 2095,0 сая төгрөг, Завхан, Дундговь аймгийн МСҮТ-ийн барилгыг шинээр барьж эхлүүлэхэд 875.0 сая төгрөг, Булган аймгийн МСҮТ-д спорт заалны барилга барих болон ХАА-н МСҮТ-ийн сургуулийн дадлагын байр худалдан авахад 450.0 сая төгрөг, Дундговь аймгийн МСҮТ-д шинээр дотуур байрны барилга барьж эхлүүлэхэд 300.0 сая төгрөг, МСҮТ-үүдийн хичээлийн болон дадлагын байр, дотуур байр, спорт заалны барилгыг засварлан шинэчлэх, бусад хөрөнгө оруулалт хийхэд 1.5 тэрбум төгрөг зарцуулах болно.
Улаанбаатар хотод загвар политехник коллеж байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 5 сая ам.долларын "Монгол-Солонгосын Техникийн Коллежийн Чадавхийг сайжруулж политехник коллеж болгон өргөтгөх" төслийн санамж бичиг, хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг хангаж, хэлэлцээрт гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээр, санамж бичгийн дагуу тус коллежийн хичээлийн болон дадлагын байрны өргөтгөл баригдаж, суудлын хүчин чадал нэмэгдэх ба техникийн боловсрол олгох мэргэжлийн хүрээг 6 (барилгын сантехник, хөргөлт агааржуулалт, гагнуур, хувцасны дизайн, мод боловсруулалт, хүнд машин механизмын засвар, оператор) шинэ мэргэжлээр өргөжүүлж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, багш нарыг сургах ажлууд хийгдэнэ. 2011 оны 10 дугаар сард тус коллежийн өргөтгөл барих зөвшөөрлийг батлуулсан. 2011 оны 12 дугаар сард зураг төсөв хийж, хөрс, ус, техникийн нөхцөлийн зарим нэгэн зөвшөөрлийг авлаа. 2012 оны 1-2 дугаар сард тендер зарлаж, 3 сард тендерийн шалгаруулалтыг хийж, 4 дүгээр сараас барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Оюу толгой ХХК-ий 1.6 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд 10 мэргэжлийн технологийн лаборатори, спорт-урлагийн зориулалтаар ашиглах 1 заал, 400000 ам.долларын хөрөнгө оруулалтаар 250 хүүхдийн дотуур байрны зориулалтаар ашиглах орон сууцны 2 орцыг худалдан авч засварлах ажлыг эхлүүлээд байна. Мөн Оюу толгой ХХК-ий 1.2 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Даланзадгад сум дахь МСҮТ-д барилга, уул уурхайн чиглэлийн 3 мэргэжлийн дадлагын газрын өргөтгөлийн ажил хийгдэж байна.
Уул уурхайн жишиг сургууль байгуулах зорилгоор Оюу толгой ХХК Налайх дахь МСҮТ-д 6.5 сая ам.доллар, Ханбогд суман дахь МСҮТ-д 2.5 сая ам.доллар, Өмнөговь аймаг дахь уул уурхайн сургуульд 5.0 cая ам.доллар тус тус зарцуулах бөгөөд барилгын ажлуудыг эхлүүлээд байна. Мөн Дарханы Политехник Коллежид 1.9 сая ам.доллар, Эрдэнэт дэх Технологийн сургуульд 0.7 сая ам.доллар, Өмнөговь аймгийн Даланзадгад дахь МСҮТ-д 2.0 сая ам.доллар, Говьсүмбэр аймгийн Уул уурхайн сургуульд 1.9 сая ам.долларын хөрөнгөөр өргөтгөл барих ажлууд тус тус эхлээд байна.
Монголын Мянганы сорилын санийн хөрөнгө оруулалтаар 15 сургууль, 2 жишиг сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэхтэй холбоотой лаборатори, дадлагын газруудыг шинээр барих болон барилгын засварын ажлыг 2011 оны 6 сараас эхлүүлэн дуусгаж, тоног төхөөрөмж суурилуулж эхлээд байна. Эдгээр сургуулийн барилгын ажлын нийт төсөв 3.5 сая орчим ам. доллар болно.
Гүйцэтгэл: 100%
10.10.2. МСҮТ-ийн сургалтын болон дадлагын тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах
Биелэлт: Энэ чиглэлээр дараахь арга хэмжээ авч байна.
Монголын Мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд:
Нэг. Эрүүл мэнд, Уул уурхай, Барилгын салбарын жишиг сургуулийг дэмжиж нийтдээ 3.2 сая орчим ам. долларын хөрөнгө оруулалт бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлнэ. Үүнээс эрүүл мэндийн жишиг сургуулийн тоног төхөөрөмжийг 2011 оны 3 дугаар сард бүрэн нийлүүлж, дадлагын газруудын нээлтийг хийв.
Хоёр. 15 МСҮТ-д хүнд машин механизмын оператор, токарь, цахилгаан, сантехник, гагнуур, халаалт хөргөлтийн технологийн тоног төхөөрөмж зэрэг нийтдээ 10 сая ам.долларын өртөг бүхий эдийн засгийн тэргүүлэх салбарын 6 мэргэжлийн шинэ дэвшилтэт технологи бүхий сургалтын тоног төхөөрөмжийг 2011 оны 7 дугаар сараас эхлэн нийлүүлж байна. Мөн төслийн хүрээнд 2011 онд Завхан, Архангай, Өмнөговь, Сэлэнгэ,Төв аймгуудын МСҮТ-үүдийн дадлагын байрыг шинээр барьж, 12 сургуулийн одоо байгаа лаборатори, дадлагын байрыг шинэчлэх, их засвар хийх ажлуудыг хийж, сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэхээр ажиллаж байнна.
Гурав. Мөн 15 сургуульд 3 сая орчим ам. долларын төсөвтэй сургалт заах аргазүйн мультимедиа болон дижитал тоног төхөөрөмж нийлүүлнэ. Эдгээрээс гадна 2 сая орчим ам. долларын цахим ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, мультимедиа материалыг сургуулиудад худалдан авч нийлүүлнэ.
Дөрөв. АНУ-ын Засгийн газраас хандивын тусламжийг давхар үзүүлж байна. 2011 онд Япон дахь АНУ-ын Номхон далайн тэнгисийн цэргийн баазад ашиглагдаж байсан $1,749,253.00 өртөг бүхий уул уурхай, зам, барилга, хөдөө аж ахуйн салбарын 13 төрлийн, 18 ширхэг хүнд машин механизм, тоног төхөөрөмжийг Сэлэнгэ аймгийн Шаамар, Өвөрхангай ШУТИС-ийн Технологийн сургууль, Дархан-Уул аймгийн "Дархан-Өргөө" сургууль, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн дэргэдэх МСҮТ, Булган аймаг дахь МСҮТ, Хэнтий аймаг дахь МСҮТ, Төв аймгийн Заамар суман дахь МСҮТ-д тус тус нийлүүлсэн. Эдгээр тоног төхөөрөмжийг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад олгосноор зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд шаардлагатай орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий сургалтын орчинг бий болгох шинэчлэлийн үйл явцад тодорхой хувь нэмэр болов.
Оюу толгойн төслийн хүрээнд:
"Оюу толгой" ХХК-иас зарласан 30 симулятор нийлүүлэх нээлттэй тендер зарлан нийт 1 тэрбум 980 сая төгрөгийн өртөг бүхий гагнуурын симуляторуудыг "Оюутолгой" ХХК-ий төслөөр сургалт явагдаж буй Монгол-Солонгосын Техникийн коллеж, Техник технологийн коллеж, Налайх МСҮТ, Барилгын технологийн коллеж, Хүнсний технологийн коллеж, Дарханы МСҮТ, Дархан Өргөө МСҮТ, ШУТИС-ын БК, Архангай МСҮТ, Баян-Өлгий МСҮТ, Булган МСҮТ, Говь-Алтай МСҮТ, Завхан МСҮТ, Ховд МСҮТ, Говь-Сүмбэр МСҮТ, Дорноговь МСҮТ, Дорнод ШШС, Дорнод МСҮТ, Дундговь МСҮТ, Сэлэнгэ /СБ/ МСҮТ, Хэнтий МСҮТ, ШУТИС-ын харьяа Сүхбаатар МСҮТ, Орхон МСҮТ, ШУТИС-ын харьяа МИС, Хөвсгөл МСҮТ зэрэг нийт 25 МСҮТ-д хуваарилж олголоо. Дахин санхүүжүүлэх 3,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий нэн шаардлагатай дадлагын сургалтын тоног төхөөрөмжийн судалгааг хийж тэдгээрийг худалдан авахад дэмжлэг үзүүлэх саналыг "Оюу толгой" ХХк-д хүргүүлээд байна. Мөн Өмнөговь МСҮТ-дэд 2,0 сая ам.долларын өртөг бүхий автомашин, барилгын мужаан, гагнуурын дадлагын газар барих, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг эхлүүлсэн. Говьсүмбэр дэх МСҮТ, Улаанбаатар дахь Техник технологийн коллежийг жишиг сургууль болгох үүднээс 2,7 сая ам.долларын өртөг бүхий сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх, сургалтын орчинг сайжруулахаар ажиллаж байна
"Боловсролын хөгжлийн хөтөлбөр-3"-ын хүрээнд:
Азийн хөгжлийн банк (АХБ)-ны зээлээр хэрэгжүүлж буй "Боловсролын хөгжлийн хөтөлбөр-3"-ын хөрөнгө оруулалтаар 6 МСҮТ-ийг бүс нутгийн мэргэжлийн боловсролын түшиц байгууллага болгон 2010 онд 2,5 тэр бум төгрөгийн өртөг бүхий хичээлийн болон дадлагын ангийн тавилга ширээ сандал, цахим номын сан-мэдээллийн төвийн техник, тоног төхөөрөмж, програм хангамж, тавилга, ширээ, сандал, биеийн тамирын техник хэрэгсэл зэрэг хөрөнгийг нийлүүлсэн. 2011 онд 426,2 сая төгрөгийн санхүүжилтээр дотуур байрын цагаан хэрэглэл, тавилга, гал тогооны болон угаалгын өрөөний иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.Гүйцэтгэл: 100%
10.11. Соёл, урлагийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэн, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх
10.11.1. Орон нутгийн номын санд шинэ ном, хэвлэлээр баяжилт хийж, уншигчийн тоог нэмэгдүүлэх
Биелэлт: Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 140 дүгээр тогтоолоор баталсан "Ном, хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам"-ыг хэрэгжүүлэх зорилгоор "Шилдэг ном-2010" сонгон шалгаруулалтыг 2011 оны 1 дүгээр улиралд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хороо хамтран зохион байгууллаа. Энэхүү сонгон шалгаруулалтыг зохион байгуулах мэргэжлийн зөвлөлийн зүгээс сонгон шалгаруулалтад ирүүлсэн нийт 255 нэрийн ном, хэвлэлийн бүтээгдэхүүнээс 54 нэрийн номыг шилдгээр тодруулан улсын санд 42.7 сая төгрөгөөр худалдан авахаар шийдвэрлэж, орон нутгийн номын сангуудад эдгээр номыг хуваарилан хүргүүлэх ажлыг зохион байгуулав.
2011 оны төсвийн тодотголоор сумдын номын сангийн номын фондыг баяжуулахад сум тус бүрт 400.0 мянган төгрөг, нийт 327 сумд 130800.0 мянган төгрөг хуваарилалт хийж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 85 дугаар тушаалаар батлагдсан "Сумын номын санг ном хэвлэлээр хангах аргачлал"-ын дагуу сумын соёлын төвүүдэд худалдах үйл ажиллагааг зохион байгууллаа. Үүний үр дүнд сумдын соёлын төвд нийт 167532.7 мянган төгрөгийн шинэ ном хэвлэлийн баяжилт хийсэн болно. Мөн Азийн сангаас сум, сургуулийн номын санд хүүхдэд зориулсан номын багц /66 нэрийн 5512 ширхэг/-ыг хандиваар олголоо.
2012 оны төсөвт ном хэвлэл худалдан авах зардалд сумын номын сан тус бүрт 1.0 сая төгрөг нийт 336.0 сая төгрөг тусгагдаад байна. Гүйцэтгэл: 100%
10.12. Орон нутгаасаа 500 км-ээс дээш алслагдсан сургуульд суралцаж байгаа оюутны ирэх, очих зардлыг төр жилд нэг удаа хариуцах
Биелэлт: 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн орон нутгаасаа 500 км-ээс дээш алслагдсан сургуульд суралцаж байгаа оюутны өвлийн амралтаараа ирэх, очих зардлыг төр жилд нэг удаа хариуцах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн 2011 оны 102 дугаар тогтоол баталсан. Оюутны орон нутагтаа ирэх үчих зардалд зориулан 2011 оны улсын төсөвт 1.1 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд 2010-2011 оны хичээлийн жилийн өвлийн амралтаар орон нутагтаа очиж амарсан 11,6 мянган оюутанд 849,6 сая төгрөгийн замын зардал олгож, хамрагдах хүсэлт гаргасан бүх оюутныг хамруулав. Цаашид энэ үйл ажиллагаа тогтмол хэрэгжих учраас үндсэн чиглэлийн тухайн жилийн зорилт хэрэгжиж байгаа төдийгүй Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох заалт биелж байгаа болно. Гүйцэтгэл: 100%
Зорилт 11. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд хүн амд ээлтэй, тэгш, хүртээмжтэй, чанартай эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэж, хүн амын өвчлөлийг бууруулна
11.15. Монгол ажилчдыг ажиллуулах зорилгоор мэргэжлийн сургалтын салбарт Азийн орнуудын мэргэжлийн сургалтын тогтолцоог нэвтрүүлэх, дутагдалтай мэргэжлээр ажилчдыг дотоодод бэлтгэх, хурдавчилсан сургалтаар мэргэжил эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах.
11.15.1. Зам, барилга, уул уурхай, үйлдвэр барих бүтээн байгуулалтын төслүүдэд ажиллах мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, мэргэжил эзэмшүүлэх
Биелэлт: 2011-2012 оны хичээлийн жилд дээрх чиглэлээр элсэгчдийн тоог харуулбал:
- Зам тээвэр, барилга, хот байгуулалтын салбарт- 20514
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдврийн салбарт- 7237
-Уул уурхайн салбарт- 3297
-Байгаль орчны салбарт- 597
Эндээс үзвэл энэ хичээлийн жилд МСҮТ-д суралцагчдын 65.7% нь зам, тээвэр, уул уурхай, үйлдвэрлэл, барилгын чиглэлийн мэргэжлээр суралцаж байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хүрээнд салбарын яамд, ажил олгогч нар эрэлт хэрэгцээгээ нарийвчлан гаргаж, БСШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мэргэжлийн боловсрол, сургалтын газар хамтран бэлтгэж байгаа хүмүүсийн мэдээллээ гаргаж эрэлт, нийлүүлэлтийн талаар санал боловсруулж, инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилтан бэлтгэх төлөвлөлтийг сайжруулах ажлыг хийж байна.
Мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2010 оны 212 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор "Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх" төсөл хамтран хэрэгжүүлэх тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон "Оюу толгой" ХХК "Харилцан ойлголцлын санамж бичигт" гарын үсэг зурснаар жил бүр 3300 ажилгүй иргэдийг 3 жилийн хугацаанд мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулан сурган мэргэшүүлж, ажлын байраар хангах бодит боломж нээгдсэн юм. "Оюу толгой" ХХК-ий санхүүжилтээр Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх төслийн нийт төсөв 36 тэрбум төгрөг байсныг 41 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж одоогийн байдлаар нийт төсвөөс 10 гаруй тэрбум төгрөгийг зарцуулаад байна.
Уг төслийн хүрээнд 2010-2011 оны хичээлийн жилд эхний ээлжинд 955 суралцагч элсүүлснээс 837 нь төгссөн, хоёрдугаар ээлжинд 2300 суралцагч 7 салбарын 23 мэргэжлээр 43 МСҮТ-д элсэн суралцаж 2109 суралцагч төгсөөд байна. Төгссөн суралцагчдаас дурдсан чиглэлээр суралцсан хүмүүсийн тоог тодорхойлбол:
- барилгын салбарт 1368
- уул уурхай 602
- аж үйлдвэр 493
- зам тээвэр 206
- бусад салбарын мэргэжлээр 277 иргэн суралцаж төгслөө. Түүнчлэн энэ хичээлийн жилд уул уурхайн салбарын мэргэжлүүдээр 200 гаруй техникч суралцаж байгаа бөгөөд тэд 2012 оны 7 дугаар сард төгсөнө. Эдгээр хүмүүсийг ажилтай болгох талаар НХХЯ, БСШУЯ, салбарын бусад яам, ажил олгогч нартай хамтран ажиллаж суралцагчдын бүхий л мэдээллийг Хөдөлмөрийн төв биржийн цахим хуудсанд байршуулан зарим ажил олгогчтой эдгээр төгсөгчдийг авч ажиллуулах талаар гэрээ хийж эхлээд байна. Гүйцэтгэл: 100%
11.15.2. Мэргэжлийн боловсрол олгох сургалтад 45.0 мянган хүнийг суралцуулах
Биелэлт: 2010-2011 оны хичээлийн жилд Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад 46071 суралцагч суралцаж байсны 19358 нь шинээр элсэн суралцагч байлаа. 2011-2012 оны хичээлийн жилд суралцагчдын тоо 48134 болж, өмнөх оныхоос 2063 суралцагч буюу 4.5 хувиар өсөөд байна. Суралцагчдын 37227 буюу 77.3 хувь нь төрийн өмчийн, 10907 буюу 22,7 хувь төрийн бус өмчийн МСҮТ-д суралцаж байна. Нийт суралцагчдын 6278 буюу 13 хувь нь техникийн боловсрол, 33597 буюу 69.8 хувь нь мэргэжлийн боловсрол, 8259 буюу 17.2 хувь нь мэргэжлийн сургалтад суралцаж байна.
Мөн үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 2011-2012 хичээлийн жилд хоёрдугаар ээлжийн сургалтад 3005 насанд хүрэгчийг 40 мэргэжлийн чиглэлээр элсүүлэн сургаж байна. Элсэлтийн мэргэжлийн чиглэлийг авч үзвэл гагнуурчин 405, хүнд машин механизмын оператор 320, мэргэшсэн жолооч 255, цахилгаанчин 255 гэсэн хамгийн их элсэгчтэй мэргэжил байгаа бол үр тарианы фермер 20, ойжуулагч 20 гэсэн хоёр мэргэжил хамгийн бага элсэгчтэй байна.
Ийнхүү 2011-2012 оны хичээлийн жилд мэргэжлийн сургалтад суралцагчдын тоо 51.1 мянгад хүрч тавьсан зорилтоос 10 гаруй хувиар давж биеллээ. Гүйцэтгэл: 100%
11.15.3. Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлээр "Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр"-ийг боловсруулж хэрэгжүүлэх
Биелэлт: Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо нь уламжлалт сургалтын тогтолцооноос "Чадамжид суурилсан сургалтын тогтолцоо"-нд шилжиж байгаатай холбогдуулан Мэргэжлийн боловсрол, сургалтын газраас хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ажил олгогч, салбарын байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн, техникийн дэвшил, технологио даган хөгжих боломжтой уян хатан чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, турших ажлыг үе шаттайгаар хийж эхлээд байна. Энэхүү ажлын хүрээнд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн загварыг гадны орнуудын хөтөлбөрийг харьцуулан судалж өөрийн улсын онцлогт тохируулан боловсруулж МБСГ-ын даргын тушаалаар баталгаажууллаа.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн захиалгад тулгуурлан Оюу толгой-3300 хөтөлбөрийн хүрээнд 17 мэргэжлээр, ММСС-ын АБУ консалтинг "Чадамжид суурилсан сургалт" дэд төслийн хүрээнд 28 мэргэжлээр, ММСС-ийн МБС-ын төслийн хүрээнд 35 мэргэжлээр чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн загварыг боловсрууллаа. Эдгээр хөтөлбөрийг боловсруулахад ажил олгогч, шинжээчийн баг, гадаадын зөвлөх баг нягт хамтран ажилласан болно.
Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрт экологи-байгаль хамгаалах чадамжийн нэгжийг шинээр мэргэжил тус бүрт заавал судлахаар тусгасан нь мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчид экологийн талаар тодорхой мэдлэг олгож байгаль орчныг хамгаалах, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулах алхам болсон. Энэ нь 2010 оны 11 сард Филлипин улсын Манила хотноо болсон олон улсын AVET, UNESCO - UNEVOC, Германы INWENT, Ази, номхон далайн бүс нутгийн улс орнуудын Засгийн газар хоорондын CPSC зэрэг байгууллагуудын хамтран зохион байгуулсан "Ногоон техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт ба тогтвортой хөгжил" сэдэвт олон улсын зөвлөгөөний үзэл санааг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний нэг юм.
Чадамжид суурилсан сургалт нь мэдлэг түүнд суурилсан ур чадвар, хандлагыг цогцоор олгодог сургалтын хэлбэр учраас мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд зөвхөн мэдлэг ур чадвараас гадна хөдөлмөрийн болон харилцааны соёл, ажил мэргэжлээрээ бахархах, үнэнч, шударга, сахилга хариуцлагатай байх, ачаалал даах зэрэг хөдөлмөрийн хүнд байх хандлагуудыг төлөвшүүлэх зорилгоор харилцааны ур чадвар эзэмших чадамжийн нэгжийг мөн хөтөлбөрт оруулсан.
"Эрүүл монгол хүн" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор биеийн хүчний ачаалал даах чадвартай, эрүүл чийрэг ажилтан бэлтгэхэд эрүүл мэнд, биеийн тамирын хичээл чухал үүрэг гүйцэтгэдэг тул агуулгын багтаамжийн цагийг нэмэгдүүлж, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс сэргийлэх, ажлын байран дахь дасгал хөдөлгөөн хийх арга зүйг хөтөлбөрт шинээр тусгалаа. Гүйцэтгэл: 100%
Зорилт 12. Гэр бүл, нийгэм, хамт олонд тулгуурласан, зорилтот бүлэгт чиглэсэн халамжийн шинэчлэлийн тогтолцоог төлөвшүүлэн бэхжүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргаанытүвшинг дээшлүүлж, ядруурлыг бууруулна.
12.2. Монгол Улсын иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг, хувь хүртээх ажлыг зохион байгуулах
12.2.2. Иргэн бүрт бэлэн бусаар буюу оюутны сургалтын төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх зэрэг хэлбэрээр хишиг хүртээх эрх зүйн орчин бүрдүүлэх
Биелэлт: Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 347 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам"-ын 5.5, 5.6-д заасны дагуу тус яамны Сургалтын төрийн сан 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2011 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн 16, хувийн хэвшлийн 93, нийт 109 сургуулийн өдрийн ангийн дипломын, бакалаврын, магистрын, докторын зэргийн сургалтад хамрагдан 2010-2011 оны хичээлийн жилд суралцаж байгаа 141762 суралцагчийн судалгааг хянаж, НХХЯ-ны Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлэв. Энэ дагуу "Хүний хөгжил сан"-аас оюутны сургалтын төлбөрт 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг Сургалтын төрийн сангаар дамжуулан хийлээ. 2011-2012 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөрт зориулан 491960 төгрөгийг "Хүний хөгжил сан"-гаас үргэлжлүүлэн олгохоор Засгийн газрын 2011-08-17-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэсэн болно. Мөн хуралдаанаас 2012 оны 1 дүгээр сараас эхлэн сургалтын төлбөрийн зохих хэсгийг Хүний хөгжил сангийн тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын 2012 оны төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон. Мөн өдрийн ангийн оюутны эрүүл мэндийн даатгалыг Хүний хөгжил сангаас олгох болов. 2011 онд батлагдсан "Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай" хуульд "дээд боловсролын өдрийн ангид суралцагчдын эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцаж байх"аар хуульчилсан болно. Гүйцэтгэл: 100%

| |
Биелэлт /%/ |
Дүн |
||||||
| Биелэлтийн хувь |
0 |
10 |
30 |
50 |
70 |
90 |
100 |
97,3% |
| Арга хэмжээний тоо |
- |
- |
- |
1 |
- |
4 |
28 |
33 |
-----------------оОо------------------
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |

English page