Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСоёл, урлагийн ажилтнуудСудлаачидТүншлэгчид

    Яамны үйл ажиллагааны тайлан



    2011 ОНЫ 10  ДУГААР САРЫН МЭДЭЭ

    Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол.  Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарын дунд жил бүр явагддаг улсын төрөлжсөн олимпиадыг зохион байгуулахтай холбогдон гардаг зөрчил дутагдлыг арилгах, сурагч багш нарын оролцоог нэмэгдүүлэх, тэднийг урамшуулах, олон улсын олимпиадад оролцогчдын хүрээг тэлэх, залгамж холбоог бэлтгэх зорилгоор улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулах журмыг шинэчиллээ.

                12 жилийн сургалттай сургуульд үзэж судлах хичээлийн төлөвлөгөөг Сайдын 2011 оны 369 дүгээр тушаалаар баталсны дагуу 2012-3013 оны хичээлээс эхлэн хэрэглэгдэх 5, 10 дугаар ангийн сурах бичгийг шинээр зохиох ажлыг Боловсролын хүрээлэнтэй хамтран эхлүүлж зохиогчийн багийн тендерийг зарлав. 12 жилийн 1 дүгээр ангид 2011-2012 оны хичээлийн жилээс шинээр хэрэглэгдэх монгол хэл, математикийн дасгал ажлын номыг шинээр зохион хэвлэн нийлүүлэх үйл ажиллагааг дуусгав. Мөн 1 дүгээр ангийн Математикийн сурах бичгийг казах хэл рүү орчуулан нэмэлт гэрээгээр хэвлүүлэн түгээх ажлыг эхлүүлээд байна. 2011-2012 оны хичээлийн шинэ жилээс эхлэн шинээр хэрэглэгдэх 12 жилийн 4 дүгээр ангийн 9 нэрийн, 8 дугаар ангийн 1 нэрийн, 9 дүгээр ангийн 17 нэрийн, 1-3 дугаар ангийн Иргэний боловсрол хичээлийн сурах бичгийг хэвлэн Аймаг дүүргийн боловсрол соёлын газарт хүргүүлсэн ба 4 дүгээр ангийн 8 нэрийн сурах бичгийг казах хэл рүү орчуулан Баян-Өлгий, Ховд аймгуудад хүргүүлсэн болно.

                Түрээсийн сангийн журмаар ашиглах 8, 9 дүгээр ангийн сурах бичгийн тендерийг зарлан шалгаруулж гэрээ байгуулан ажиллаж байна. Тухайн сурах бичгийн чанарыг сайжруулах зорилгоор техникийн тодорхойлолтод нэмэлт өөрчлөлт оруулав. Говь-Алтай, Дорнод, Увс, Хөвсгөл аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан, Налайх, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын нийт 166 сургуулийн 12 жилийн 8-9 дүгээр ангийн 13454 сурагчдыг хамран туршилтыг өргөжүүлэн хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.

                Гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулийн талаархи мэдээллийн санг бий болгон суралцагчдыг сурах бичгээр хангах үйл ажиллагааг эхэлж Солонгос, АНУ, Швед дэх монгол сургуулийн сурагчдад 1-8 дугаар ангийн сурах бичгийг үнэ төлбөргүй хүргүүллээ.

                Албан бус боловсролын Монгол Улсын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах нь" төслийн шугамаар 5 аймгийн 20 сумын багш нарын сургалтыг 4 өдөр зохион байгуулж, нутгийн иргэдийн "Гэгээрэл" сургалт-мэдээллийн төвийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өглөө. Тухайлбал, Дорнод, Хөвсгөл, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын аргазүйч багш нарт сургалтын тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

                Дэлхийн гар угаах өдрийг 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгүүдийн дунд гар угаах өдрийг угтсан аяныг зарлаж, 21 аймаг, Улаанбаатар хотоос энэ арга хэмжээг хамгийн сайн зохион байгуулсан тус бүр нэг сургууль, цэцэрлэгийг шалгаруулж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 3 сарын угаалга, цэвэрлэгээний ариун цэврийн хэрэгсэл, угаалгын бодисоор урамшуулж, "Саванхан" хүүхэлдэйн киног монгол хэл дээр орчуулан цэцэрлэг, сургуулиудад тараалаа. Энэхүү хүүхэлдэйн киног "Боловсрол" "БИ" "МҮОНТВ" гэх мэт телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн сувгаар олон нийтэд цацаж байна. Гар угаах өдрийг зохион байгуулсан нь хүүхэд, багачуудад хувийн ариун, цэврийг сахих, бохир гараар дамждаг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн зөв дадал хэвшүүлэхэд ач холбогдолтой ажил боллоо. Уг ажлыг зохион байгуулахад НҮБ-ын Хүүхдийн сан санхүүгийн дэмжлэг үзүүлэв.

    Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар "Монгол мөрөөдлийн баг" сагсан бөмбөгийн тэмцээнийг 2011-2012 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулахаар тэмцээний удирдамжийг боловсруулан зарим шаардагдах зардлын хамт БСШУ-ы сайдын 2011 оны 399 дүгээр тушаалаар баталлаа.

    Тэмцээнийг 3 насны ангиллаар зохион байгуулах бөгөөд үүний зорилго нь сагсан бөмбөгийн спортоор хичээллэх хүүхдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр үеийн бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамирын хичээлийн сургалтын чанарыг сайжруулахад оршино. Тэмцээнд түрүүлсэн баг, шилдэг тоглогч хүүхдүүдийг АНУ-д зочллуулж, сагсан бөмбөгийн тэмцээн үзэх эрхээр шагнах юм.

                Кембрижийн их сургуулийн зөвлөх Рожер Франклин Смиттэй хамтран бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн 14 хоногийн сургалтын бэлтгэл ажлыг хангаж уг сургалтыг Шинэ эрин сургууль дээр зохион байгуулав.

                Ерөнхий боловсролын сургуульд хичээллэх шатар, усан спортын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмжийг эцэслэн боловсруулсны дээр бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх багийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан багийн ахлагч нартай гэрээ байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэв.

                Бага, дунд боловсролын шинэчилсэн стандарт, хөтөлбөрийн тохирцыг шалгах нийслэлийн 9 сургуулийн удирдах ажилтан, багш нарт шинэчлэлийн бодлогыг танилцуулах уулзалт зохион байгуулж, стандартын шинэчлэлийн талаар хэлэлцүүлэв. Бага, дунд боловсролын шинэчилсэн стандарт, хөтөлбөрийн тохирцыг үндэсний хэмжээнд шалгах 30 сургуулийн удирдах ажилтан, багш нарт шинэчлэлийн бодлого танилцуулах, тохирц шалгах арга зүйгээр хангах 2 удаагийн сургалт семинарын хөтөлбөр боловсруулан батлуулж, холбогдох мэдээллийг бэлтгэв. Бага, дунд боловсролын шинэчилсэн стандартын тохирцыг шалгах сургуулиудын мэдээллийн бааз бүрдүүлэх шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, түүний дагуу мэдээллийг цаасан болон электрон хэлбэрээр авч боловсруулалт хийж байна.

    Бага, дунд боловсролын стандартын шинэчлэлийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 5, 8, 10 дугаар ангийн сурагчдын мэдлэг, чадварын түвшин тогтоох шалгалт авах арга зүй, удирдамж боловсруулан, судалгааны бэлтгэлийг хангаж, судалгаа авах багийг арга зүйгээр хангах 1 өдрийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 1320 хүүхдээс тестийн судалгаа авах ажлыг зохион байгуулав.

     

    Дээд болон мэргэжлийн боловсрол. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар бэлтгэх мэргэжлийн нэр, индексийг шинэчлэн журамласны дээр "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам"-ыг шинээр боловсруулан сайдын тушаалаар баталгаажуулав.

    "Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөлд яамдын санал авч эцэслэн боловсруулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүллээ.

    Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчилж, статусыг өндөржүүлэх, зөвлөлийг салбар дундын зохицуулалт шаардсан асуудлыг шийдвэрлэж чадахуйц бүрэлдэхүүнтэй байлгах зорилгоор Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, санал авахаар яамдад хүргүүлээд байна.

    БСШУЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр Соёл, урлагийн их сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж нэрээ дэвшүүлсэн хүмүүсийн материалыг хүлээн авч, ярилцлагыг зохион байгуулж, дүнг БСШУЯ-ны Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүлээлгэн өглөө.

    ЭМШУИС-ийн Анагаахын сургууль дээр Номхон далайн баруун бүсийн анагаахын холбооны 8 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчид ирж, 3-5-ны хооронд хөтөлбөрийн хөндлөнгийн үнэлгээ хийсэн. Шинжээчдийн замын зардал болон урамшуулалтай холбоотой зардлын санхүүжилтийг БСШУЯ хариуцлаа.

    БСШУЯ ба Германы эрдмийн солилцооны албаны хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийн 2012-2013 оны хичээлийн жилийн элсэлтийн зарыг 10 дугаар сарын 7-ны өдрийн Өнөөдөр сонинд хэвлүүлж, Яамны вэб-д тавьсан. тэтгэлэгт хөтөлбөр хамрагдах хүсэлтэй хүмүүсийг 27-28-ны өдөр бүртгэв.

    2011-2012 оны хичээлийн жилийн эхний хагаст аттестатчилалд хамруулах сургуулийн нэр, уг аттестатчиллыг явуулах комиссын бүрэлдэхүүнийг тодорхойлон "Аттесетатчилалд хамруулах сургуулийн нэр, аттестатчилалын комиссын бүрэлдэхүүн батлах тухай" БСШУ-ы сайдын 2011 оны 384 дүгээр тушаалаар баталж, аттестатчилалд хамруулах 28 их, дээд сургууль, коллежид албан мэдэгдэл хүргүүлэв.

    Турк Улсад суралцах хүүхдүүдийн визийн асуудлыг шийдвэрлүүж, Турк рүү нэгдсэн журмаар явуулах ажлыг зохион байгуулав.

    Өндөр хөгжилтэй оронд суралцах хүмүүсийн сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтад 36 иргэн орж, 29 нь тэнцсэнээс 27 хүнийг суралцуулах шийдвэр гаргалаа.

    2012 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган санхүү, хөрөнгө оруулалтын газарт хүлээлгэн өгсөн.

    БСШУ-ы сайдын 2011 оны 380 дугаар тушаалын дагуу Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдрийг 10 дугаар сарын 20-нд их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиуд дээр зохион байгуулав.

    БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр ЭМШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн сургалтын үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль шинэ байртай болж, сургалтдаа хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж ашиглаж, багшлах боловсон хүчнээ

     чадавхжуулахад ихээхэн анхаарсны үр дүнд сургалтын чанар, суралцагчдын идэвх  үлэмж дээшилжээ. Тус сургууль өмнө нь өөрийн байргүй томоохон эмнэлгүүдийг түшиглэж сургалтын үйл ажиллагаагаа явуулж байсан бол одоо 4 давхар шинэ байртай болж сургалтын үйл ажллагаагаа тохилог орчин нөхцөлд явуулах боломжтой болжээ. Тус сургууль шинэ байртай болоод зогсоогүй  нийт 2 сая долларын өртөг бүхий орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг сургалтдаа шинээр ашиглаж байна. Тус сургуульд Япон, Солонгос, Герман, Унгар, Куба зэрэг оронд боловсрол эзэмшсэн 40 гаруй багш хичээл зааж байна. Тус сургуулийн сургалтын үйл ажиллагаатай танилцсан БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашдаа дэлхийн эрүүл мэндийн салбарт гарч байгаа ололт амжилтыг улам түргэн нэвтрүүлэхэд анхаарч ажиллахын чухлыг онцлон тэмдэглэв.

    Соёл, урлаг.  Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, Засгийн газрын шийдвэрийн төсөл, танилцуулгын хамт боловсруулан яамдаас санал авахаар хүргүүлсний зэрэгцээ ЗГХЭГ-аас  2011  оны  10  дугаар  сарын  10-нд  буцааж  ирүүлсэн  Соёлын  тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ЗГХЭГ-ын саналыг тусган дахин боловсруулалт хийж, Засгийн газарт хүргэхэд бэлэн болгов.

    Төр нийгмийн зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч С.Удвалын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн, уг арга хэмжээнд бэлтгэх ажлын төлөвлөгөө боловсруулан баталж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

    Манай улсын соёлын өвийг хамгаалахад ЮНЕСКО-гийн дэмжлэг тусламж үлэмж үүрэг гүйцэтгэж байдаг. БСШУЯ, Япон Улсын Нара хот дахь ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн Соёлын Төвийн Соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааны газартай хамтран  "Соёлын өвийг хамгаалах нь" сэдэвт сургалтыг 2011 оны 10 дугаар сарын 17-22-нд зохион байгуулав.


    Уг сургалтын нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Шимизү Такэнори нар оролцож үг хэллээ. Энэхүү сургалтын зорилго нь соёлын өвийг судлах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах чиглэлээр ажиллаж буй монголын мэргэжилтэн нарын чадавхийг дээшлүүлэх, тэдэнд орчин үеийн арга технологийг эзэмшүү­лэх явдал юм. Сургалтад Соёлын өвийн төв, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Төрийн түүхийн музей, Дүрслэх урлагийн музей, Хархорум музейгээс сэргээн засварлагч, археологич 15 хүн хамрагдав. Сургалтад оролцогчдод археологийн олдворыг хэмжих, зурах, гэрэл зургийг нь авах, цэвэрлэж бэхжүүлэх, сэргээн засварлах талаар японы мэргэжлийн багш нар хичээл зааж, дадлага хийлээ. Сургалтын үеэр -наас хамтран  "Соёлын өвийг хамгаалах нь" сэдэвт сургалтыг цаашид Япон Улсын Нара хот дахь ЮНЕСКО-гийн Ази, Номхон  далайн  Соёлын  Төвийн Соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааны газар, БСШУЯ хамтран зохион байгуулж байхаар санамж бичигт гарын үсэг зурав.

    Япон Улсын Нара хот дахь ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн Соёлын Төвийн Соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааны газар ийм сургалтыг 2007 онд Камбожид, 2008 онд Узбект, 2009 онд Вьетнамд, 2010 онд Лаост зохион байгуулж байжээ.

    2011 оны 10 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элсэн орсны 50 жилийн ой болон Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллагын Ерөнхий бага хурлын ээлжит 36 дугаар чуулганд зориулан Монголын урлагийн тоглолтыг АНУ, БНФУ-д тус тус зохион байгууллаа.

    Монголын урлагийн тоглолтыг 2011  оны 10 дугаар сарын 25-ны өдөр ЮНЕСКО-гийн төв байранд зохион байгуулав. Энэ тоглолтоор Монгол Улсаас ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлсэн Хөөмий, Бий биелгээ, Морин хуурыг өөрийн үндэстний соёлын өв болохыг олон орны төлөөлөгчдөд дахин нотоллоо.


    Мөн энэ сарын 27, 28-ны өдрүүдэд АНУ-ын Нью- Йорк хотноо зохион байгуулав.   Тоглолтод Улсын   филармоний Морин хуурын  чуулга, Үндэсний дуу  бүжгийн  эрдмийн  чуулгын бүжигчид, "Арга билэг" этно жааз хамтлаг  болон  Уртын дуучин Монгол Улсын Ардын жүжигчин С.Нэргүй, ДБЭТ-ын  дуучин МУГЖ  Д. Амартүвшин, дуучин С.Наран, ҮДБЭЧ-ын нугараач Н.Цэцэглэн зэрэг 32 уран бүтээлчийн  шилдэг номеруудыг  оруулав. Тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, удирдаач Ардын жүжигчин Ц.Батчулуун, бүжиг дэглээч соёлын тэргүүний ажилтан Б.Баярбаатар нар  ажиллав.

             2011 оны 10 дугаар сарын 19-нд  Монголын  хүүхдийн ордны концертын  танхимд АНУ, БНФУ-д зохион байгуулах Монголын  урлагийн тоглолтыг Монголын үзэгчдэдээ зориулан тоглолоо. Тоглолтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирал Хелен Кларк нар үзэж сонирхсон болно.

     Монгол Улсын  Засгийн  газрын  2008  оны  120   дугаар   тогтоолоор   батлагдсан

    олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан соёлын  ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журмын дагуу Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 219 дугаар тогтоолоор 9 уран бүтээлчид 193 сая төгрөгийн шагнал олгох ёслолын арга хэмжээг Хөгжим Бүжгийн Коллеж дээр зохион байгуулж, уран бүтээлчдэд шагналыг гардуулав.

    "Ятга  хөгжмийн  уламжлал-шинэчлэл" сэдэвт Олон  улсын  эрдэм  шинжилгээний

    хурлыг Хөгжим бүжгийн коллежтой хамтран зохион байгуулсны гадна С.Мөөмөөгийн "Зөв бичихийн дүрмийн толь" номыг худалдан авч, нийтийн номын сангуудад хуваарилав.

    Үндэсний түүхийн музей дээр зохион байгуулсан "Чингис хаан" үзэсгэлэнг буулгаж, яамтай гэрээ байгуулж, үзмэрээ түрээсэлсэн цуглуулагчдын үзмэрийг хүлээлгэн өглөө. Энэхүү үзэсгэлэнг гадаад дотоодын 9300 гаруй хүн үзэж сонирхсон байна.

    Шинжлэх ухаан, технологи.  "Технологи" үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хөтөлбөрийн төслийг ШУА-ийн Их чуулганаар хэлэлцүүлж, санал, дүгнэлтийг тусган Ерөнхийлөгчийн Тамгийн газарт хүлээлгэн өглөө.

    Залуу судлаачдын "Хүрэлтогоотын семинар-2011" эрдэм шинжилгээний бага хурлыг 5 салбараар хуралдуулав. Хуралд 74 байгууллагын 300 гаруй судлаачид 184 бүтээл ирүүлсэнээс тэргүүлэх чиглэлийн 103 илтгэл сонгон шалгаруулалтад оролцов. Эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн залуу судлаачдын  эдгээр эрдэм шинжилгээний бүлээлээс судалгааны  ажлын үр дүнгээрээ шалгарсан 10 залуу судлаачдад БСШУ-ы сайдын нэрэмжит судалгааны грант /тус бүр 2 сая төгрөг/ олгов.

    Сүүлийн арван жилийн хугацаанд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс монгол судлалыг хөгжүүлэх талаар хоёр удаагийн зөвлөмж гаргаснаас гадна Улсын Их Хурлын 2010 онд баталсан "Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал" гэсэн баримт бичигт: "Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстэн оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн" гэж тодорхойлсон юм.  Энэ  зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор  БСШУ-ы сайдын энэ оны 391 дүгээр тушаалаар Монгол судлалыг  хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллуулав. Ажлын хэсэг энэ онд багтаан уг хөтөлбөрийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулахаар ажиллаж  байна.

    Шинжлэх ухаан, технологийн 2012 оноос хэрэгжүүлэх төслийн гүйцэтгэгчдийн саналыг "Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам"-ын дагуу хүлээн авч дууслаа. Зарлагдсан 47 төслийн чиглэлд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль хувийн хэвшлийн багууллагуудаас нийт 100 санал ирүүлсэн бөгөөд эдгээрийг БСШУ-ы сайдын ШУТ-ийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр бэлтгэлээ.

    Төслийн хэрэгжилтийн явцтай танилцах, хяналт тавих, үйл ажиллагааг удирдлагаар хангах зорилгоор 2009-2011 онд хэрэгжүүлж буй 40 инновацийн төслийн явцыг БСШУЯ-ны яамны газруудын болон Шинжлэх ухаан, технологийн сангийн төлөөлөлтэйгээр хэлэлцэв. Энэ арга хэмжээ нь төслийн хэрэгжилтэд явцын хяналт хийх, үр дүнг тооцоход чухал ач холбогдолтой боллоо. 

    Нанотехнологи-2011 хоёрдугаар симпозиумыг 2011 оны 10-р сарын 7-нд зохион байгуулж, эрдэм шинжилгээний 30 гаруй илтгэл хэлэлцэв. Тус хуралд шинжлэх ухаан, аж үйлдвэрийн төлөөлөл болсон 100 гаруй судлаач оролцож, нанотехнологийг хөгжүүлэх чиг хандлагыг тодорхойллоо. Эрдмийн зэрэг хамгаалсан залуу судлаачдын судалгааны ажлын үр дүнг инноваци болгох, шинэ үеийн эрдэмтэн бэлтгэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын нэрэмжит докторын дараах судалгааны инновацийн тэтгэлгийг 8 судлаачид олголоо.

    Сайдын нэрэмжит 2011 оны тэтгэлгийн эзнээр ЭМШУИС-ийн Г.Ариунтуул, Д.Тэмүүлэн, МУИС-ийн Ч.Сономдагва, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Р. Одбилэг, ШУТИС-ийн М.Дэлгэрмаа, Хими, хими-технологийн  хүрээлэнгийн Д.Гүнбилэг, С.Энхтуул, Ш.Нямдэлгэр нар тодорсон юм. Уг тэтгэлгийг гардуулах үеэр сайд Ё.Отгонбаяр энэхүү тэтгэлгийг авч байгаа залуу эрдэмтэн судлаачдын судалгааны ажлууд нь амьдралд үр дүнгээ өгөх зайлшгүй чухал бүтээлүүд байгаад сэтгэл хангалуун байгаа болон  залуучууд улс орныхоо хөгжлийг урагш ахиулахад хэрэгтэй бүтээлүүд туурвина гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.


     Шинжлэх ухааны салбарын залгамж хойч үеийг бэлтгэх, авьяаслаг залуу судлаачдыг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлын чанарыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор БСШУЯ 2005 оноос сайдын нэрэмжит грант олгож эхэлсэн бөгөөд энэхүү грантыг нийт 70 эрдэмтэн хүртээд байна.

     Салбарын санхүү, хөрөнгө оруулалт. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2011 оны төсвийн багцын санхүүжилтийн сар улирлын хуваарьт өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар шийдвэрлүүлэв. "Төсвийн зардлыг хэмнэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2008 оны 128 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2011 оны төсвийн жил дуустал байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж, батлагдсан төсөвтөө багтаан өр төлбөргүй ажиллах боломжийг бүрдүүлэх үүднээс төсвийн ерөнхийлөн захирагчийн багц дотор зохицуулалт санал, хуваарийг боловсруулан Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, Сангийн сайдын 2011 оны 201 дүгээр тушаалаар зохих өөрчлөлт оруулан шийдвэрлүүлэв. Өөрчлөлт оруулсан хуваарийг орон нутгийн Боловсрол, соёлын газруудад 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүргүүллээ.

    Салбарын 2011 оны хөрөнгө оруулалтын барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг хянаж, санхүүжилтийг олгов. Сангийн сайдын баталсан салбарын хөрөнгө оруулалтын санхүүжилтийн сар, улирлын хуваарийн дагуу 10 дугаар сард нийт 57 гүйлгээгээр 5.1 тэрбум төгрөгийн 52 барилга угсралтын ажил, 3 их засварын ажил, 2 тоног төхөөрөмжийн ажлын гүйцэтгэлийг хянаж, санхүүжилтийг олгон, ажлын явцыг хурдасгав. Мөн 2.0 тэрбум төгрөгийн 14 барилга угсралт, 3 их засварын ажлын гүйцэтгэлийг хянаж, санхүүжилтийн эрхийг нээлгэхээр Сангийн яаманд албан ёсоор хандаад байна. Салбарын барилга угсралтын ажлын гүйцэтгэл оны эхний 10 сарын байдлаар 80 хувьтай, санхүүжилтийн гүйцэтгэл 70.0 хувьтай байна.

     Яаралтай засвар шинэчлэлийн ажил хийх 7 барилгад шаардагдах 172.2 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, ажлыг түргэтгэх үүргийг аймгийн Засаг дарга нарт өглөө. Тухайлбал, Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн уурын зуухны тогооны шинэчлэлд 23.0 сая төгрөг, Булган аймгийн Бугат сумын сургуулийн уурын зуухны тогооны шинэчлэлд 20.0 сая төгрөг, Баян-Агт сумын сургуулийн уурын зуухны завсар шинэчлэлд 30.0 сая төгрөг, Хангал сумын цэцэрлэгийн гадна дулааны шугам, сантехникийн засвар шинэчлэлд 25.0 сая төгрөг, Дорнод аймгийн Халхгол сумын сургуулийн уурын зуухны тогооны шинэчлэлд 20.0 сая төгрөг, Баянтүмэн сумын сургуулийн уурын зуухны тогооны шинэчлэлд 13.5 сая төгрөг, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 156-р цэцэрлэгийн барилгын гадна цэвэр, бохирын шугам засварлахад 30.0 сая төгрөг, Увс аймгийн Өмнөговь сумын дотуур байрны барилгын гадна дулаан, бохир, худаг шинэчлэхэд 10.7 сая төгрөг тус тус шийдвэрлэв.
     
    Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн хэрэмний 2 суварга, 1 хана, хэрэмний суварга хоорондын 4 хана, Ханджамц хатны суваргыг сэргээн засварлахад нийт 113.5 сая төгрөг, Улаанбаатар хотын Богд хааны ордон музейн дотор, гадна дохиолол хамгаалалтын системийг шинэчлэхэд 72.0 сая төгрөг, Чойжин ламын сүм музейн зүүн, баруун асар, хаалга, хашаа, хэрэм сэргээн засварлахад 144.7 сая төгрөг, хэрмийн дээрх өргөст торон хамгаалалт хийх, дохиолол суурилуулахад 50.0 сая төгрөг, Үндэсний номын сангийн гар бичмэл, барын ном судрын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, сэргээн засварлахад 47.6 сая төгрөг, шинэ барилгын талбайн хашаа барихад 15.2 сая төгрөг, Булган аймгийн Баяннуур сумын бунхант булшинд хамгаалалт хийхэд 50.0 сая төгрөг, Увс аймгийн Ховд сумын сүм хийдийн барилгыг сэргээн засварлахад 7.0 сая төгрөгийг тус тус шийдвэрлэж, салбарт 2011 онд түүхийн дурсгал, соёлын өвийг сэргээн засварлах, шинэчлэх ажлын хөрөнгө оруулалтаар дээрх 7 байгууллагад 13 их засвар, шинэчлэл хийхэд 500.0 сая төгрөгийн хөрөнгө олгож, хэрэгжүүлэх эрхийг байгууллагын удирдлагад өглөө.

    Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.2.2-т туссан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 328 гэр цэцэрлэг худалдан авах тендер шалгаруулалтыг зохион байгуулж байна. Боловсролын их сургуульд тавилга, тоног төхөөрөмж худалдан авах тендер шалгаруулалтын үнэлгээг хийж, гүйцэтгэгч байгууллагатай гэрээ байгууллаа. Дархан-Уул аймгийн сургууль, цэцэрлэгт тоног төхөөрөмж худалдан авах тендерийн баримт бичиг боловсруулж, тендер шалгаруулалтыг зарлаад байна. АХБ-ны санхүүжилтээр нийлүүлэгдсэн багшийн хөгжлийн төвийн тоног төхөөрөмж, тавилгыг 35 сургуульд, мэдээлэл, технологийн төвийн тоног төхөөрөмж, тавилгыг 43 сургуульд тус тус хуваарилан олгож байна.

    Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд 65 барилга угсралтын ажлын, 26 багц тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааг зохион байгуулахаас 59 барилгын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах нээлттэй тендер, тоног төхөөрөмжийн 9 нээлттэй тендер шалгаруулалтыг тус тус зарласан болно. Үүнээс 57 барилгын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулж, гэрээ байгуулав. Үлдсэн 8 барилгаас зураг төсөв хийгдэж байгаа 6, үнэлгээ хийгдэж байгаа 2 барилга угсралтын ажил байна. Тоног төхөөрөмжийн 26 багц тендерийг үнэлж, бүгд гэрээ байгуулан ажиллаж байна. Дээрх мэдээллүүдийг өгөгдлийн санд бүртгэн, гэрээ байгуулсан тендерийн үр дүнг Сангийн яамны e-procurement.mn сайтад зарлав.

    Дэлхийн банкны хяналт, үнэлгээний багтай хамтран "Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүргэх санаачилга" төслийн хүрээнд 2007-2010 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баруунбаян-Улаан сумдад хийгдсэн хөрөнгө оруулалт, түүний чанар, үр дүнтэй 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 20-ны өдрүүдэд танилцлаа.

    Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ. Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам"-д нийцүүлэн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн, хүчин төгөлдөр үйлчилж байгаа шийдвэрийг дахин хянах, шинэчлэн бүртгэх, мэдээллийн санг цэгцлэх ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өгсөн удирдамж, зааврыг баримтлан 2010 оноос өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн, хүчин төгөлдөр шийдвэрийн жагсаалтад орсон боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамаарах 54 шийдвэрт дүн шинжилгээ хийлээ. Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр нь (i) хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, (ii) зохицуулалт нь үр дүнтэй эсэх, (iii) тогтоосон хориг саад нь үндэслэлтэй эсэх  гэсэн 3 үндсэн хүрээг хамарч дор дурдсан асуудлуудыг тодорхойлоход дүн шинжилгээний ажил чиглэсэн болно.

    Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрт хийсэн шинжилгээнээс үзэхэд 18 дүрэм, журмыг хүчин төгөлдөр үйлчилж буй Боловсролын багц хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх, хүчингүй болгох, 4 шийдвэр нь хуулиар тусгайлан олгоогүй асуудлаар хэм хэмжээ тогтоосон, 2 шийдвэрийн агуулга давхардсан, зохицуулах шаардлагатай зарим харилцаа тодорхой бус, орхигдсон, хууль тогтоомжид зааснаас давсан зохицуулалттай, хуульд заагаагүй үүргийг шинээр томьёолсон байлаа.

    Дээд боловсролын сургалтын байгууллагуудын мэргэжлийн давхардал болон шинээр мэргэжил нээх тусгай зөвшөөрөл олгож байгаа өнөөгийн байдалд хяналт-шинжилгээ хийж, санал, зөвлөмж гаргалаа. Хяналт-шинжилгээний явцад хувийн их, дээд сургуулиудаас зөвхөн төгсөх ангид оюутантай болон ямар ч оюутангүй 5 сургууль байна. Мөн тухайн мэргэжлээр сургалт эрхлэх эрх авсан боловч элсэгчгүй сургуулиуд цөөнгүй байгаа нь зөвшөөрөл олгох үйл явцад анхаарах шаардлагатайг харуулж байна.     

    Төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулиудын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг 2011 оны 10 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтаар үр дүнд суурилсан хяналт-шинжилгээний тогтолцоог хэрхэн бүрдүүлэх талаар холбогдох мэдээлэл өгч, ХААИС, ЭМШУИС-ийн хяналт-шинжилгээ, үнэлгээний албадын үйл ажиллагаатай танилцлаа.

    Тус яамны цахим хуудсанд 10 дугаар сард нийт 38,374 хэрэглэгч хандсаны 38.3 хувь нь Монгол Улсаас, 54.3 хувь нь АНУ-аас хандсан байна.
     

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

     
    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах