Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСоёл, урлагийн ажилтнуудСудлаачидТүншлэгчид

    ЮНЕСКО-ийн үндэсний комисс
    1. Товч танилцуулга

    1945 оны 11 дүгээр сарын 16-нд Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллагыг \ ЮНЕСКО \ үүсгэн байгуулж, Дүрмэнд 37 улс гарын үсэг зурсан юм.
     Дүрмийг 1946 онд Өмнөд Африк, Саудын Араб, Австрали, Бразил, Канад, Хятад, Дани, Египт, Америкийн Нэгдсэн Улс, Франц, Грек, Энэтхэг, Ливан, Мексик, Норвеги, Шинэ Зеланд, Бүгд Найрамдах Доминикан Улс, Их Британи, Чехословак, Турк зэрэг 20 улс батламжилснаар хүчин төгөлдөр болжээ.
    Энэхүү шинэ байгууллага нь «хүн төрөлхтний оюун санаа, ёс суртахууны эв нэгдэл»-ийг хангаж, дэлхийн шинэ дайн өдөөхгүй байх, боловсрол, шинжлэх ухаан, соёл, байгаль орчин, хэвлэл мэдээллийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, ирээдүйд чиглэсэн бодлого, үйл ажиллагааны стратеги дэвшүүлэн хүн төрөлхтний дэвшил хөгжлийг урагшлуулах зорилготой.

    2. Үндсэн чиг үүрэг

    Бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн бат бэх энх тайвныг тогтоохоор Дүрмэнд гарын үсэг зурсан улс гүрнүүд «боловсрол олох бүрэн бөгөөд эрх тэгш боломж, жинхэнэ үнэнийг чөлөөтэй олж авах, үзэл бодол, эрдэм мэдлэгээ чөлөөтэй солилцох нөхцөлөөр бүх нийтийг хангахаар шийдвэрлээд бие биеэ харилцан илүү ойлгох, тус тусын ёс заншлын талаар хамгийн үнэн зөв, яв цав мэдлэгтэй болохын тулд ард түмнүүдийн харилцааг хөгжүүлж, өргөжүүлэхээр тогтжээ».

    Дүрмийн нэгдүгээр зүйлд ЮНЕСКО « үндэстнүүдийн хамтын ажиллагааг боловсрол, шинжлэх ухаан, соёлд төвлөрүүлэн», « арьс өнгө, хүйс, хэл, шашин ялгаварлахгүйгээр шударга ёс, хууль, хүний эрх ба үндсэн эрх чөлөөг нийтээр хүндэтгэх »-д хувь нэмрээ оруулахаар заасан байна. Дүрмийн бусад зүйлүүдэд тус байгууллагын үүрэг, зохион байгуулалт, үйл ажиллагаа, харилцааны асуудлыг тусгасан байдаг.

    3. Товч түүх

              НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага /ЮНЕСКО/ нь 1945 онд үүссэн дэлхийн хамгийн нэр хүндтэй оюуны байгууллага бөгөөд 1962 онд Монгол Улс түүний 108 дахь гишүүнээр элсэн орсон билээ.

             ЮНЕСКО нь НҮБ-ын системийн бусад байгууллагатай харьцуулбал Гишүүн орнууддаа ЮНЕСКО-гийн Үндэсний Комисс гэсэн үндэсний тогтолцоо бүхий ганц байгууллага юм. Үндэсний Комиссууд нь ЮНЕСКО-гийн үзэл санаа, үйл ажиллгааг түгээн дэлгэрүүлэх, эрх мэдлийн хүрээнд салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, иргэний нийгэмтэй холбож өгдөг бөгөөд үндэсний хэмжээнд ЮНЕСКО-гийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэтэй хувь нэмэр оруулж, боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа холбоо зэрэг салбарт гарсан санал санаачлагыг дэмжиж, үйл хэрэг болгоход нь дэмжлэг үзүүлдэг.

               Тогтвортой хөгжил, хүмүүнлэг ёс, оюун ухаан, мэдлэг мэдээллийн хүчин зүйлийн нөлөө нэн ихээр өсөн нэмэгдэж буй өнөө үед Дэлхийн оюуны байгууллага болох ЮНЕСКО-гийн үзэл санаа, үйл хэрэг дэлхий дахинд улам бүр үнэ цэнэ, ач холбогдолтой болж байна. Нөгөө талаар ЮНЕСКО өөрийн үйл ажиллагаанд төвлөрлийг сааруулах бодлого явуулж, бүсийн болон улс орнууд хариуцсан төлөөлөгчийн газрууд, тэрчлэн гишүүн орнууд дахь Үндэсний комиссуудад илүү ач холбогдол өгч эхэлсэн билээ.

              Монгол Улс ЮНЕСКО-гийн үзэл санаа, уриа дуудлагыг түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд үндэсний байгууллагуудыг өргөнөөр оролцуулах, Монгол улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааг төлөвлөн чиглүүлэх, уялдуулан зохицуулах үүргийг гүйцэтгэх зорилго бүхий ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссыг 1963 оны 3 дугаар сард ЮНЕСКО-гийн дүрмийн заалтын VII зүйлд нийцүүлэн Засгийн газар болон холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулж, дүрмийг баталсан билээ.

              Монголын Үндэсний Комиссын анхны даргаар Соёлын яамны коллегийн гишүүн, Урлал судлалын газрын дарга Э.Оюун, Ерөнхий нарийн бичгийн даргаар ГЯЯ-ны Олон улсын байгууллагын газрын дарга П.Цэрэнцоодол нар томилогдсон байна.

              ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс нь Монгол улс, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүний үзэл санааг дэлгэрүүлэхэд ямагт уриалан санаачлагч, хэрэгжүүлэгч, холбогч зохицуулагч байх, холбогдох асуудлаар Засгийн газартаа зөвлөж, төрийн бодлого чиглэлд ЮНЕСКО-гоос дэвшүүлэн тавьж буй дэлхийн нийтлэг зорилтуудыг тусгах талаар өөрийнхөө чиг үүргийг зохих ёсоор гүйцэтгэж ирсэн.

     

    4.  Үйл ажиллагааны чиглэл


    • эрдэм түгээн дэлгэрүүлэх төв бөгөөд оюун санааны үүрэг нь боловсрол, соёл, мэдээлэл харилцаа, шинжлэх ухаанд гарч ирэх гэж буй өөрчлөлт, тулгамдсан зорилтуудыг урьчилан харж, тэдгээрийг шийдэх бодлого, арга замыг эрэлхийлэх явдал юм. Энэхүү зорилгуудаа биелүүлэхэд ЮНЕСКО дотоод хүчин чадлаа дээд зэргээр ашиглаад зогсохгүй олон улсын нэр хүндтэй их дээд сургуулиуд, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдыг татан оролцуулж байдаг.
    • ЮНЕСКО олон улсын эрх зүйн баримт бичгийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг. Ийнхүү ЮНЕСКО Конвенц, Мэдэгдэл, Тунхаглал, зөвлөмж батлан хэрэгжүүлдэг.
    • ЮНЕСКО нь мэдээлэл солилцох төв.

    ЮНЕСКО ном хэвлэл, интернетээр дамжуулан мэдлэг, туршлага, мэдээлэл цуглуулах, дамжуулах, солилцох, түгээх үүрэг гүйцэтгэдэг. Тэрбээр олон улс, бүс нутаг, үндэсний хурал, уулзалт семинар зохион байгуулж, мэргэжилтнүүдэд  үзэл бодол, туршлага мэдлэгээ солилцох боломжийг олгодог.

    ЮНЕСКО гишүүн орнуудынхаа боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл харилцааны салбарын байгууллага болоод мэргэжилтний мэдлэг чадварыг байнга дээшлүүлэх үүргийг хүлээдэг. Энэ үүргээ ихэвчлэн ЮНЕСКО-гийн Төлөөлөгчийн газрууд болон өөрийн байгуулсан хүрээлэнгүүдээр дамжуулан хэрэгжүүлнэ. 

    • ЮНЕСКО боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбооны салбарт өөрийн гишүүн 190 улс гүрэн, туслах гишүүн 6 улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмждэг. ЮНЕСКО олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, идэвхжүүлэх үүрэгтэй. Дакар хотноо хуралдсан Дэлхийн боловсролын чуулганаас дэвшүүлсэн Бүх нийтийн боловсролын хөдөлгөөнийг жишээ болгон авбал ЮНЕСКО тус хөдөлгөөнийг дэмжиж буй олон улс, бүс нутаг, үндэсний бүхий л үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж, удирдан чиглүүлж байна.
    • ЮНЕСКО 60 жилийнхээ ойн босгон дээр өөрийн үйл ажиллагааны стратеги, чиглэлүүдийг орчин үеийн дэлхий дахины хөгжлийн шинэ дуудлагад нийцүүлэн шинээр тодорхойлоод байгаа билээ.           Ирж буй эрин үе бол мэдээлэл, интернетийн эрин үе, шинэ техник, технологийн эрин үе, үүнийгээ дагаад дэлхийн амьдралын даяаршлын эрин үе болно гэж дэлхий нийтээр үзэж байна. Ийм ч учраас олон иргэншил, олон соёлын харилцан солилцон хөгжих цаг үеийг авчирлаа гэж үзэж байна.
    • Ямраар ч авч үзлээ гэсэн ЮНЕСКО-гийн эрх мэдлийн салбарууд болох боловсрол, шинжлэх ухаан, соёл, хүрээлэн буй орчин, мэдээлэл харилцаа холбооны хөгжил нь манай эрин үеийн олон талт хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлоход төдийгүй нийт хүн төрөлхтний цаашдын дэвшил, хөгжилд амин чухал үүрэгтэй нь тодорхой байна. НҮБ, дэлхийн улс түмнүүд үүнийг гүнзгий ухамсарлаж, ЮНЕСКО-гийн үзэл санаа, үйл ажиллагаанд тэргүүн зэргийн ач холбогдол өгсөөр байна.
    • ЮНЕСКО 2001 онд болсон Ерөнхий Бага Хурлынхаа 31 дүгээр чуулган дээр үйл ажиллагааныхаа дунд хугацааны стратегийг «Даяаршлын эрин зуунд боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбоог хөгжүүлэх замаар энх тайвныг сахин бэхжүүлэх, хүний хөгжлийг хангахад тус дэм үзүүлэх болно» гэж тодорхойлсон билээ. Үүнийг ЮНЕСКО-гийн эрх мэдэл, үүрэг зорилгыг даяаршлын үйл явцыг хүмүүнлиг шинжтэй болгох, хүн төрөлхтний хөгжилд эергээр нөлөөлүүлэхэд чиглүүлэх гэсэн зорилго гэж тайлбарлаж байна. өЭнэхүү стратеги зорилгынхоо хүрээнд ЮНЕСКО нэгд: ядуурал, ялангуяа нэн ядуурлыг арилгах, боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээллийн салбарыг хөгжүүлэх, мэдлэгт тулгуурласан нийгэм төлөвшүүлэхэд мэдээлэл, холбооны технологийн хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгуудыг онцлоод байна.

    5. Бүтэц, зохион байгуулалт

     



    6. Холбоо барих

     

    Хаяг:  Шуудангийн салбар 38, Хувьсгалчдын гудамж, Засгийн газрын 11 дүгээр байр, Улаанбаатар хот, Монгол улс

    Утас:     Утас: 315652
    Факс:     Факс: 322612

    И-мэйл: mon.unesco@mongol.net

    Вэб хаяг: http://www.natcom-unesco.mn/

     

     

    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах