Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСоёл, урлагийн ажилтнуудСудлаачидТүншлэгчид

    Соёлын өвийн төв
    1. Товч танилцуулга

    БНМАУ-ын Соёлын сайдын 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 130 дугаар тогтоолоор “Музейн үзмэр сэргээн засварлах урлан” нь бие  даасан байгууллага болсон байна. 
    Музейн үзмэр сэргээн засварлах урлан нь 1988 онд шинээр баригдсан Соёлын төв өргөөнд өөрийн зориулалтын байраа хүлээн авч, материаллаг бааз, боловсон хүчнээ бэлдэж эхэлсэн юм. 1988-1996 онуудад тус урлан нь О.Цэвэгжавын “Азраганы ноцолдоон” (Уран зургийн галерей), Б.Шаравын “Монголын нэг өдөр” (Дүрслэх урлагийн музей), “Хайстай лаврин”, “Өвлийн ордон” (Богд хааны ордон музей), Б.Гаваа “Алтайн уулс” (Уран зургийн галерей), 1976 онд галд өртөж шатсан “Дүншигийн гучин таван бурхан” том хэмжээний зээгт наамал, Н.Рерих “Улаан хөлөгт баатар” (Дүрслэх урлагийн музей), “Жамсрангийн шүрэн баг”, “Рэгдэндагва”-гийн том хэмжээний цаасан шуумал баримал (Чойжин ламын сүм музей) зэрэг монголын төдийгүй гадаад орнуудын үзэгчдийн хэдийний танил болсон олон арван алдарт бүтээлүүдийг сэргээн засварлан музейн үзүүллэгт дэглэсэн билээ.

    1994 онд Монгол Улсын “Түүх, соёлын дурсгалыг хамгаалах тухай хууль” батлагдан, хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын “Соёлын өв хамгаалах төв байгуулах тухай” 1995 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар тогтоол, Монгол Улсын Соёлын сайдын “Соёлын өвийн төвийг байгуулах тухай” 1996 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаар тушаалаар “Музейн үзмэр сэргээн засварлах урлан”-гийн судлаач сэргээн засварлагч, санхүү, үйлчилгээний ажилтан нийт 27 хүний орон тоо, төсөвт багтаан түүх, соёлын дурсгалт зүйлийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санг бий болгох, түүх, соёлын дурсгалт зүйлийг бүртгэх, хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах үүрэг бүхий “Соёлын өвийн төв” болгон өөрчлөн зохион байгуулжээ.

    2. Үндсэн чиг үүрэг

    Соёлын өвийн төв нь Монгол Улсын биет ба биет бус соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлэх, соёлын өвийг уг санд бүртгэх, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, сэргээн засварлах, сэргээн засварлалтын ажлын арга зүй, технологийг боловсруулж хэрэгжүүлэх, соёлын өвийг хадгалж, судалж, сурталчилж байгаа байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэгтэй.

    3.  Байгуулсан эрх зүйн акт

    Монгол Улсын Засгийн газрын “Соёлын өвийн төвийг өргөжүүлэх тухай” 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 302 дугаар тогтоолыг баталсан.

    4. Товч түүх

    1996 оноос эхлэн Соёлын өвийн төв нь “Түүх, соёлын дурсгалт зүйлийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан”, “Музейн үзмэрийг сэргээн засварлах урлан” гэсэн үндсэн хоёр нэгжтэйгээр, монгол улсын хэмжээнд түүх, соёлын хөдлөх болон үл хөдлөх дурсгалын бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлэх, музейн үзмэрийг сэргээн засварлах үйл ажиллагаа явуулж ирсэн.

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Соёлын өвийн төвийг өргөжүүлэх тухай” 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар тогтоолоор “Утга соёлын үндэсний төв” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлөөс гаргасан санал хүсэлтийн дагуу тус байгууллагыг Соёлын өвийн төвд нэгтгэн, төвийн бүтэц, орон тоог нэмж, үйл ажиллагааны чиг үүргийг нь өргөжүүлжээ.

    5.  Үйл ажиллагааны чиглэл


    -Тус төв нь биет ба биет бус соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлж, соёлын өвийг уг санд бүртгэнэ. 
    -Биет ба биет бус соёлын өвийн тодорхойлолт, судалгаа шинжилгээний ажлын товч тайлан, гэрэл зураг, слайд, дуу болон дүрс бичлэгтэй хальс ба цахим зээрэнцэг, сэргээн засварлах ажлын товч тайлан зэрэг мэдээ баримтыг цуглуулж соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сангийн бүрдлийг баяжуулна. 
    -Соёлын өвийг бүртгэх бүртгэлийн програмыг нэвтрүүлэн, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн сангийн улсын нэгдсэн сүлжээ, мэдээллийн бааз бий болгоно.
    -Соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэл-мэдээллийг бүрдүүлэх арга зүйгээр хангаж зөвлөлгөө өгнө. 
    -Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд хамруулах, утга соёлын өвийг ур чадварын өндөр төвшинд өвлөсөн билэг авъяастны жагсаалт, түүнд оруулах нэмэлтийн тухай саналыг Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тодорхойлох мэргэжлийн зөвлөлд оруулна.
    -Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн болон утга соёлын өвийг өвлөсөн билэг авъяастны гэрчилгээг олгох ажлыг зохион байгуулна.
    -Түүх, соёлын дурсгалт зүйлийг анхны төрхөөр нь сэргээн засварлана.
    -Сэргээн засварлах ажлын арга зүй, технологийг боловсруулж, хэрэгжүүлнэ.
    -Соёлын өвийг бэхжүүлж хамгаалах, лабораторийн оношлогоо шинжилгээ хийнэ.   
    -Гадаад орны ижил төрлийн байгууллагатай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

    6. Бүтэц, зохион байгуулалт

    Соёлын өвийн төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх тухай тушаал шийдвэрийг хэрэгжүүлж Боловсрол, соёл, шинжлэх, ухааны сайдын “Дүрэм батлах тухай” 2008 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 125 дугаар тушаалаар тус төв нь “Биет соёлын өвийг хамгаалах хэлтэс”, “Биет бус соёлын өвийг хамгаалах хэлтэс”, “Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах хэлтэс” гэсэн үндсэн 3 хэлтэс, Захиргааны албаны бүрдсэн бүтэц, зохион байгуулалттай болон өөрчлөгдөж, 28 хүний орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.


    7.
    Холбоо барих

    Хаяг: Монгол улс, 210620а, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай 3, Жамъангийн гудамж, Соёлын Төв Өргөө “Б” хэсэг, Соёлын Өвийн Төв

    Утас:  976-11-312735; 70110877

    Факс: 976-11-312735

    И-мэйл хаяг: cch@monheritage.mn,

    Вэб хаяг:     
    www.monheritage.mn



    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах