Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСоёл, урлагийн ажилтнуудСудлаачидТүншлэгчид

    Яамны үйл ажиллагааны тайлан



    2011 ОНЫ 8  ДУГААР САРЫН МЭДЭЭ

    Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол.  Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2011-2012 оны хичээлийн жилийн нээлтийн бэлтгэлийг хангах арга хэмжээг зохион байгууллаа. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "Монголын сайхан орноор" ТВ хичээлийг бэлтгэх, Монгол Улсын төр, засгийн тэргүүн, өндөр албан тушаалтан нарыг их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох хуваарийг гаргаж, холбогдох зохицуулалтыг хийх гэх мэт арга хэмжээ авсны дээр Боловсролын салбарын 2011-2012 оны хичээлийн жилийн зорилтыг тодорхойлон боловсролын нийт байгууллагад хүргүүллээ. Мянганы хөгжлийн цогц зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, "Монгол улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө", Боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөрүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг үндэслэн 2011-2012 оны хичээлийн жилд дараахь зорилтыг дэвшүүллээ:


    Нэг. Бага, дунд боловсролын стандарт хөтөлбөрийг шинэчилж, боловсролын чанарыг олон улсын жишигт хүргэх бодлогын хүрээнд:

    1. Хөгжлийн шинэ хэрэгцээнд хариу өгөх, боловсролын хөгжлийн бодлого, стратегийг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, багш ажиллагчдын нийгмийн баталгааг бэхжүүлэх зорилгоор Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт өргөн барина.

    2. Бага насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн нас насанд тавигдах нэгдмэл шаардлагын зэрэгцээ бага насны хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйлчилгээнд тавигдах шаардлага, насанд хүрэгчдийн үзүүлэх дэмжлэгийг тодорхойлсон "Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт"-ыг хэрэгжүүлнэ.

    3.Бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн ерөнхий боловсролын стандарт, хөтөлбөртэй уялдуулан шинэчлэх ажлын хүрээнд 5, 10 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулж, улсын хэмжээнд 30 лаборатори сургууль сонгон тохироцыг шалгаж эхэлнэ.

    4.Ерөнхий боловсролын үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор хос хэлний сургалтын системийг бий болгох ажлыг үргэлжлүүлж, энэ хичээлийн жилд Кембрижийн олон улсын ерөнхий боловсролын хөтөлбөрөөр монгол, англи хос хэл дээр хичээллэх 3 сургуулийг Улаанбаатар хотод ажиллуулна.

    5. Хамран сургалтын бохир жинг өмнөх хичээлийн жилээс сургуулийн өмнөх боловсролд 0.1%, бага боловсролд 0.4%, дунд боловсролд 0.1 хувиар тус тус ахиулна.

    6.Ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багшийн хангалтыг 0.1 хувиар нэмэгдүүлж, 99.1 хувьд хүргэнэ.

    7.Энэ хичээлийн жилээс эхлэн монгол үндэсний ёс заншил,  соёл, үнэт зүйлс, бахархал, монгол сэтгэлгээний уламжлалыг хүүхэд залуучуудад өвлүүлэх, хүүхэд, хойч үеийнхний үндэсний дархлааг бэхжүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургалтад шинэ агуулгыг бий болгож, иргэний боловсрол хичээлийн хүрээнд сургалтыг зохион байгуулж эхэлнэ.

    8.Хүүхэд, багачууд хар тамхи, мансууруулах бодис, буруу зуршил, гэмт хэргээс ангид байхад чиглэсэн хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн талаар баримтлах бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж эхэлнэ.

    9.Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдуулан багш бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх тогтолцоог шинэчлэх, боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх, боловсролын мэргэжлийн байгуулагуудын чадавхийг сайжруулах, сурах бичгийг шинэчлэх ажлыг эхлүүлнэ.

    10.Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид шатар болон усан спортоор хичээллэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж эхэлнэ.

    11.Сургуулийн номын сангаар дамжуулан ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн бага ангийн сурагчдыг 100 хувь,  дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувийг төрөөс сурах бичгээр үнэ төлбөргүй хангах, эцэг эхээс сурах бичигт зарцуулж буй зардлыг багасгах зорилгоор сурах бичгийн түрээсийн тогтолцоог нэвтрүүлж, сурах бичгийн эргэлтийн сан бий болгох туршилтыг өргөжүүлнэ.

    12.Төрийн өмчийн ерөнхий боловсролын бүх сургуульд цахим сургалтын хөдөлгөөнт лаборатори байгуулж, багш бүрийг зөөврийн компьютероор ханган сургалтад цахим сургалтын технологийг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ.

    13.Багш нарыг давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх байнгын, институцид суурилсан тогтолцоог бий болгох ажлыг эхлүүлж, Багшийн хөгжлийн ордонг 2011 онд ашиглалтад оруулна. 

    14.Ерөнхий боловсролын сургуульд үдийн хоолны үйлчилгээг нэвтрүүлэх бэлтгэлийг хангах зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 15000 хүүхдэд үдийн хоолоор үйлчлэх хүчин чадалтай хоол, хүнсний комбинатыг байгуулж, 2012 оны IV улиралд ашиглалтад оруулах, аймаг, сумдын сургуулийн сурагчдад үдийн хоолоор үйлчлэх загварыг бий болгох, хоолны газрын байр, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг үргэлжлүүлнэ.

    Хоёр. Чадамжид суурилсан сургалтын тогтолцоог бүрдүүлэх замаар сургалтын чанарыг дээшлүүлж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад насанд хүрэгчид, ажилгүй иргэдийг хамруулан сургаж, төгсөгчдийг ажлын байртай болгоход нийгмийн түншлэлийн хариуцлагыг өндөржүүлэх стратегийн хүрээнд:

    1. Чадамжид суурилсан сургалтын арга зүйг сургалтад нэвтрүүлж, сургалтын чанарыг дээшлүүлнэ.

    2.Сургалтын стандарт, хөтөлбөр боловсруулах ажлыг үргэлжлүүлж, мэргэжлийн боловсрол, сургалтын стандартыг ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн, баталгаажуулна.

    3.Хүн бүр суралцах тэгш боломжийг бүрдүүлж, насанд хүрэгчид, хөдөлмөр эрхлээгүй иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулна.

    4.Суралцагч бүрийг ажил олгогчтой холбосноор ажлын байранд дадлагажих, төгсөөд ажлын байртай болох бодит нөхцлийг бүрдүүлнэ.

    5."Мэргэжлийн боловсрол, сургалтын багш" хөтөлбөрийг боловсруулж, тэднийг давтан сургах, мэргэшүүлэх хэлбэрээр хүний нөөцийг чадваржуулна.

    Гурав. Их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, стандартыг олон улсын жишигт ойртуулах, дээд боловсролын сургалтын орчин, үндэсний мэргэжилтний чадавхийг дээшлүүлж, эдийн засгийн өсөлтөд үр нөлөө үзүүлэх стратегийн хүрээнд:

    1.Дээд боловсролын санхүүжилтэд эзлэх сургалтын төлбөрийн хувь хэмжээг бууруулж, эрдэм шинжилгээ судалгаа, инновацийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, их дээд сургуулиудын санхүүжилтийг бусад эх үүсвэртэй болгоно.

    2.Дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд тавих шаардлагыг өндөржүүлж, сургалтын байгууллагыг аттестатчилах, магадлан итгэмжлэх тогтолцоог сайжруулна.

    3.Дээд боловсролын чанарыг дээшлүүлэх, олон улсын стандартад нийцүүлэх бодлогыг хэрэгжүүлж, олон улсын магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр, хос дипломын хөтөлбөр хэрэгжүүлэх замаар сургалтын хөтөлбөрийг чанаржуулах, сургалтын бааз, сургалт, судалгааны лабораторийн тоог нэмэгдүүлэх, сурлагын амжилтад хөндлөнгийн үнэлгээ хийх зэрэг ажлыг дэс дараатай хэрэгжүүлнэ.

    4.Их, дээд сургуулиудын эрдэм, шинжилгээ, судалгааны ажлын санхүүжилтийг тодорхой болгох, старт-ап компани, аж ахуйн нэгж байгуулах замаар судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх эрх зүйн боломжийг олгох, цаашид хөгжилтэй орнуудад байдаг санхүүжилтийн тогтолцоог жишиг болгон нэвтрүүлэх замаар санхүүжилтийн олон эх үүсвэрийг дэмжинэ.

    2011-2012 оны хичээлийн шинэ жилээс эхлэн шинээр хэрэглэгдэх 12 жилийн 4 дүгээр ангийн 9 нэрийн, 8 дугаар ангийн 1 нэрийн, 9 дүгээр ангийн 17 нэрийн, 1-3 дугаар ангийн Иргэний боловсрол хичээлийн сурах бичгүүд болон 1 дүгээр ангийн Монгол хэл, Математикийн дасгал ажлын номыг хэвлүүлэн аймаг, дүүргийн боловсрол соёлын газарт хүргүүлсний зэрэгцээ Кембриджийн IGCSE, AS болон A хөтөлбөрөөр хичээллэхэд ашиглах 70 төрлийн 4815 сурах бичгийг худалдан авах ажлыг зохион байгуулж сурах бичгийг нийлүүлж байна. Мөн 12 жилийн сургалттай сургуулийн 2, 3 дугаар ангийн сурагчдад шаардлагатай сурах бичгийн тооцоог гарган, хэвлэлийн компаниудтай нэмэлт гэрээ байгуулан нөхөн хангах ажлыг хийлээ.

    Түрээсийн сангийн журмаар ашиглах 8, 9 дүгээр ангийн сурах бичгийн тендерийг зарлан шалгаруулж гэрээ байгуулан ажиллаж байна. Тухайн сурах бичгийн чанарыг сайжруулах зорилгоор техникийн тодорхойлолтод нэмэлт өөрчлөлт оруулав. Говь-Алтай, Дорнод, Увс, Хөвсгөл аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан, Налайх, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын нийт 166 сургуулийн 12 жилийн 8-9 дүгээр ангийн 13454 сурагчдыг хамран туршилтыг өргөжүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

    Ерөнхий боловсролын 8, 9 дүгээр ангийн сурах бичгийг зах зээлд борлуулах эрхийг тухайн сурах бичгийг хэвлэсэн компаниудад олголоо. Тухайн дунд ангийн сурах бичиг 8 дугаар сарын 15-наас эхлэн зах зээл дээр худалдаалагдаж байна.

    Гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулийн талаархи мэдээллийн санг бий болгон суралцагчдыг сурах бичгээр хангах үйл ажиллагааг эхлүүлэв.

    Бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг хэрэгжүүлэх арга зүйн Үндэсний сургалтыг 2011 оны 8 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд 8 бүсэд зохион байгуулж, аймаг, нийслэлийн нийт 400 гаруй цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нарыг оролцуулав. Мөн сургалтын үеэр стандартыг орон нутгийн удирдлага, эцэг эх, бусад байгууллагад сурталчлах ажлыг зохион байгуулж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчиллаа. Бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг 5000 хувь, стандартыг хэрэгжүүлэх зөвлөмжийг 1000, Бэлтгэл бүлгийн хөтөлбөр, зөвлөмжийг 1000 хувь тус тус хэвлүүлэн орон нутгийн цэцэрлэгүүдэд хүргэх ажлыг зохион байгууллаа.

    Дээд болон мэргэжлийн боловсрол. "Сургалтын төлбөрийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэв. Энэ дагуу 2011-2012 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежийн суралцагчийн сургалтын төлбөрийн 2011 оны 9-12 дугаар сард ногдох хэсгийг нь суралцагч өөрөө хариуцах, 2012 оны 1 дүгээр сараас эхлэн сургалтын төлбөрт зориулан 491960 төгрөгийг төрөс олгох асуудлыг шийдвэрлэсэн болно. Үүнтэй холбогдуулан сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламжийн холбогдолтой эрхийн актыг Сургалтын төрийн сан 2011 оны 12 дугаар сарын 31 хүртэл мөрдөхөөр тогтсон болно. Сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламжид зарцуулагдах 9,9 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр нь 2011 оны төсөвт тусгагдсан тул санхүүгийн нэмэлт эх үүсвэр шаардагдахгүй байхаар зохицуулсан болно.

    2011-2012 оны хичээлийн жилийн оюутан суралцагчдын сургалтын төлбөрийн хэмжээг инфляцийн түвшнөөс хэтрүүлэхгүй байлгах талаар төрийн өмчийн их, дээд сургуулийн захирал нарт чиглэл өгч, энэ дагуу сургуулиудын Удирдах зөвлөлийн хурлыг 2011 оны 8 дугаар сарын 25-ны дотор хийлгэж, оюутан, суралцагчдын сургалтын төлбөрийн хэмжээг тогтоолгох асуудлыг шийдвэрлүүллээ.

    2011-2012 оны хичээлийн жилд сургалтын зардлыг СТС-ийн зээл, буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх их, дээд сургууль, коллежид шинээр элсэгчдийн хяналтын тоог /6200 оюутан/ боловсруулж, БСШУ-ы сайд, Сангийн сайдын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 315/179 дүгээр хамтарсан тушаалаар шийдвэрлэлээ.

    Нийслэлийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан "Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй явах шаардлагатай сурагч, оюутныг тээвэрлэх" журмын дагуу "Эс Эм Ай Ти" ХХК-ийн үйлдвэрлэсэн  "Нийтийн тээврийн оюутны карт"-аар 2010-2011 оны хичээлийн жилд оюутныг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулсан. Гэтэл уг карт чанарын шаардлага хангахгүй бараг 50 орчим хувь нь гэмтэж, оюутнуудыг хохироосон талаар Монголын оюутны холбооноос удаа дараа гомдол ирүүлснийг үндэслэн 2011-2012 оны хичээлийн жилд оюутны карт дээр нь нэмэлт наалт хийх замаар тэднийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахаар шийдвэрлүүлээд байна.

    Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу 2011-2012 оны хичээлийн жилд ОХУ-д бакалаврын сургалтын 1-р дамжаа, магистрантурт суралцах болон Унгар, Чех, Болгар, Украин, Казахстан улсад хэлний бэлтгэлд суралцах суралцах оюутнуудын тухайн улсад зорчихтой холбоотой бэлтгэл ажлыг зохион байгуулж, 97 оюутныг илгээсэн.

    Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу дотоодын их сургуулиудад 2011-2012 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах гадаадын иргэдийн асуудлыг шийдвэрлэж, суралцагчдыг хүлээн авах бэлтгэл хангалаа.

    Төрийн зарим өндөр албан тушаалтнуудыг их, дээд сургуулийн хичээлийн жилийн нээлтэд оролцуулах хуваарийг хийж, мэдээлэл хүргүүлэх, шинээр элсэж буй оюутныг Сүхбаатарын талбайд нэгдсэн журмаар тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

    2011 оны 8 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд нийт 57 Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын 360 гаруй багш, удирдах ажилтан оролцсон "МБС-ын чадамжид суурилсан тогтолцоо, бодлого, хичээлийн шинэ жилийн зорилго, хэрэгжүүлэх арга зам" сэдэвт V бага хурлыг Дорноговь аймгийн Сайншанд суманд зохион байгуулав.

    Бага хурлаар өмнөх жилийн ажлаа дүгнэж, 2011-2012 оны хичээлийн шинэ жилийн зорилтыг тодорхойлж, Мэргэжлийн боловсрол, сургалтыг чадамжид суурилсан тогтолцоонд шилжүүлэх болон бодлогын зарим баримт бичгийг хэлэлцүүлж, оролцогчдын санал авлаа.

          ХХААХҮЯ, ЗТБХБЯ, ЭБЭХЯ зэрэг мэргэжилтэй ажилтан ихээр шаардагддаг салбарын яамдтай БСШУЯ, НХХЯ, тухайн салбарын хувийн хэвшлийн төлөөлөл хооронд харилцан тохиролцож, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 343 тоот тогтоолоор батлагдсан "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр болон "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 349 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, мөн тухайн салбарт ажлын байр нэмэгдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэж, ажлын байраар хангах, хамтын ажиллагааны тогтвортой байдлыг төлөвшүүлэх зорилгоор "ЭРЭЛТ-СУРГАЛТ-АЖЛЫН БАЙР" Хамтран ажиллах гэрээнд 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурав.

    Гэрээнд оролцогч талуудын хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг дараахь байдлаар тодорхойлсон болно:

    v  Салбарын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, мэргэжилтэй ажилтны хэрэгцээг тооцон тодорхойлох,

    v  Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дадлагын сургалтын орчин, нөхцөлийг бэхжүүлэх, шинэчлэн сайжруулахад хамтран оролцох,

    v  Багшлах боловсон хүчнийг хөгжүүлэх чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагын инженер, техникч, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын мэргэжлийн багш нарыг үйлдвэрлэлийн шинэ технологи, чадамжид суурилсан сургалтын заах арга зүйд сургах, гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэх, туршлага судлуулах ажлыг хамтран зохион байгуулах,

    v  Суралцагчдыг дадлагын байраар хангах ажлыг аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогчидтой хамтран зохион байгуулах,

    v  Сургалтын явцад хяналт тавьж, дүн шинжилгээ хийх,

    v  Төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг үнэлэх, шалгах, баталгаажуулах хөндлөнгийн шалгалтыг хамтран зохион байгуулж, сонгон шалгаруулах, ажлын байраар хангах чиглэлээр идэвхитэй хамтран ажиллах,

    v  Мэргэжлийн боловсрол, сургалтын мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан тогтолцоог нэвтрүүлэх боломжийг хамтран судалж, санал боловсруулах,

    v  Сургалтыг  хосолсон  болон  чадамжид  суурилсан  сургалтад тулгуурлан зохион байгуулах тогтолцоонд шилжих.

    Соёл, урлаг. Мэргэжлийн   урлагийн   байгууллагуудын  уран  бүтээл   туурвилын   чанарыг  сайжруулах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 294 дүгээр тушаалаар Драмын эрдмийн театрын орон тоог 129, Дуурь, бүжгийн эрдмийн театрын орон тоог 295, Улсын филармоний орон тоог 159, Богд хааны ордон музейн орон тоог 29 болгон нэмэгдүүлж баталлаа.

    Оросын Холбооны Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын

    хэлэлцээр, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Оросын Холбооны Улсын Холбооны Соёл яамны хоорондын 2009-2011 оны хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2011- 2012 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын их, дээд сургуульд соёл, урлагийн чиглэлээр суралцах оюутан, магистрант, аспирантыг сонгон шалгаруулах ажлыг дуусгалаа. Энэ хичээлийн жилээс соёл, урлагийн чиглэлээр 15 оюутан суралцуулах болно.

    Энэ оны 9 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд Эрхүү хотноо зохион байгуулах "Байгалийн олон улсын эдийн засгийн VII форум"-д Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид оролцох гэж байгаатай холбогдуулан 60 уран бүтээлчээс бүрдсэн "Монголын өдөр" сэдэвт соёл, урлагийн арга хэмжээг уг форумын үеээр зохион байгуулахаар бэлтгэлийг хангалаа.

    Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 101 дүгээр тогтоолоор  Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт  орших "Амарбаясгалант"  хийдийн хамгаалалтын бүсийг тогтоосонтой холбогдуулан тус хийд дээр 2011 оны 8 дугаар сарын 21-27-ний хооронд семинар зохион байгууллаа. Энэхүү семинарт Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёлын газрын соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн Газрын харилцаа, барилга хот төлөвлөлтийн газрын мэргэжилтэн,  Баруунбүрэн сумын засаг дарга, газрын албаны мэргэжилтэн, орон нутаг судлах танхимын эрхлэгч, сүм хийдийн захиргаа болон Японы соёлын өвийн мэргэжилтэн Масахико Томада, Тоосока, Накамура нарыг  оролцуулав. Энэ удаагийн семинараар Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүсийг хадгалан хамгаалах менежментийн төлөвлөгөө боловсруулах төслийг хэлэлцсэний зэрэгцээ соёлын өвийг сэргээн засварлах чиглэлээр мэргэшиж байгаа 3 сурагч тус хийдийн Богдын шарилын сүмийг сэргээн засварлах барилгын зураг гаргах сэдвээр дадлага ажилтай хосолсон сургалт явуулав.

    БНСУ-д зохиогдох Монголын  Соёлын  өдрүүдийн   хаалтын   ажиллагааг  зохион байгуулахад шаардагдах төсвийн тооцоог гаргасны зэрэгцээ Монгол Улсын НҮБ-д элссэний 50 жилийн ойд зориулсан тоглолтын бэлтгэлийг хангаж, тоглолтын хяналтыг 2011 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр  хийхээр тогтлоо.

    Монгол   Улсын  Засгийн  газрын  2011  оны   158 дугаар  тогтоолоор Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Х.Чойбалсангийн тухай "Тусгаар тогтнол" уран сайхны кино бүтээхэд 74.378.000 төгрөг, Ж.Батмөнхийн тухай баримтат-уран сайхны кино бүтээхэд 55.400.000 төгрөгийг тус тус Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар баталсан болно. Үүний дагуу Ж.Батмөнхийн тухай баримтат уран сайхны кино худалдан авах үйл ажиллагааг  холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулав. Ж.Батмөнхийн тухай баримтат-уран сайхны кино бүтээх ажил 85%-ийн гүйцэтгэлтэй байна.

    Шинжлэх ухаан, технологи.  2012 оноос хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийн захиалгын саналуудыг БСШУ-ы сайдын ШУТ-ийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэв. Нийт 10 байгууллагаас төслийн 80 санал ирүүлсэн ба төслийн захиалгын саналуудыг шинжлэх ухааны 5 салбараар ангилж, шаардлага хангаагүй төслийн саналыг хасах, үр дүн ижил төстэй төслийн саналуудыг нэгтгэн дүгнэж, нийт 49 төслийн саналыг зарлахаар шийдвэрлэв.

    "Инноваци-оюуны өмч" сургалт семинарыг Дэлхийн оюуны өмчийн газар, БНХАУ-МУ Оюуны өмчийн газартай хамтран 8-р сарын 29-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулж, "Инновацийг Оюуны өмчийн тогтолцоог ашиглан хөгжүүлэх талаар Засгийн газраас авч буй арга хэмжээ" сэдэвт илтгэл хэлэлцүүлсний дээр төсвийн хөрөнгөөр санхүүжсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийн ашиглалт; дэлхийн хөгжлийн чиг хандлага; БНХАУ-ын туршлага зэрэг сэдвээр 40 гаруй эрдэмтэн, судлаач нарт сургалт семинар зохион байгууллаа. 

                "Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх тухай" Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 180 дугаар тогтоолын дагуу БСШУЯ, Түүхийн хүрээлэн, МЗЭХ-ноос "Монголын тусгаар тогтнол -100" эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн тойрон аялалыг 2011-07-20 - 2011-08-02 өдрүүдэд зохион байгуулав. Уг аялалд эрдэм шинжилгээ, судалгааны 30 гаруй байгууллагын 58 залуу судлаач хамрагдсан бөгөөд Төв, Өвөрхангай, Архангай, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн нутгаар аялж, олон нийтэд үндэсний эрх чөлөөний хувьсгалын талаар сурталчлах, түүхэн хүмүүсийн хөшөө, дурсгалд хүндэтгэл үзүүлэх, эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн лекц унших зэрэг ажлуудыг зохион байгуулсан болно.

    Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их монгол улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн түүхэн ойг тохиолдуулан  Олон улсын монголч эрдэмтийн Х дугаар их хурлыг энэ оны 8 дугаар сарын 9-13 нд Улаанбаатар хотноо зохион байгуулав. Тус их хуралд  260 гадаадын төлөөлөгчид/ 200 судлаач, эрдэмтэд илтгэл тавьсан/, 100 гаруй монголын төлөөлөгчид оролцов. Их хурал: Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монгол ба гадаад ертөнц; Монгол хэл, соёлын тулгамдсан асуудлууд; Монголын эдийн, засаг улс төр; Монголын гадаад харилцаа, дипломат ёс; Монголын тусгаар тогтнол, хувьсгал гэсэн 5 салбараар хуралдлаа. Олон улсын монголч эрдэмтийн Х их хурал нь Монгол судлал, монголын түүх, соёлыг олон улсын хэмжээнд сурталчлан, түгээн дэлгэрүүлснээрээ түүхэн ач холбогдолтой боллоо.

    Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрмийн "Шороон бумбагар" гэдэг газраас Түрэгийн үеийн бунхныг Монгол-Казахын хамтарсан экспедиц илрүүлэн архелогийн малтлага хийж түүх, соёлын үнэт олдворууд  олоод байна. Баяннуур сумаас арваад­хан километрийн зайтай уудам цэлгэр хөндийд орших энэхүү бунхныг 1500-гаад жилийн өмнөх Уйгарын нэртэй том язгууртны булш гэж судлаачид үзэж байна. Арван гурван метрийн гүнд байгаа энэхүү бунханд хүрэх хонгил нь 2 метрийн өргөнтэй, 40 гаруй метр урт нүсэр том байгуу­ламж юм. Хон­гилын хоёр талын ханаар луу, морь хөтөлсөн хүн, сүм, олон туг дарцаг, үхрийн толгой зэргийг улаан хар өнгөөр зурж дүрсэлсэн нь гайхалтай тод томруун хадгалагдан үлдсэн аж. Бунхны үүдийг тагласан чулууг зайлуулахад дахин хоёр метрийн урттай хонгил гарч ирсэн байна. Уг хонгилын хоёр талын хананд тахилын хөмөг байжээ. Тахилын хөмөгийн алтан тоногтой модон хаалга нь 1500 шахам жил болсон гэхэд ялзарч муудаагүй байсан нь гайхал төрүүлж байна.

                Бунханд  налайхын уур­хайн аврах ангийн мэр­гэжлийн баг ирж ажиллаж байна. Судлаачид бун­ханд орж судалгаа шин­жилгээний ажлаа эхэлсэн бөгөөд бунханд тухайн үеийн том язгууртны чан­дарласан шарил байжээ. Бунхнаас 270 шахам олдвор олдоод байна. Одоо судлаачдын сэтгэл түг­шээж байгаа асуудал бол төв азийн нутгаас анх удаагаа олдож бай­гаа энэхүү бунхны ханын зургийг хэвээр нь хад­галж хам­гаалж авч үлдэх асуудал юм. Яарал­тай ханын зур­гуудыг бэхжүү­лэхгүй бол агаар чийг­нээс шалт­гаалж бүдгэрч арилах аюул тулгарчээ. Анх байснаасаа уг зургууд нэлээд бүдгэрээд байгаа гэнэ. Ийм төрлийн ханын зургийг бэхжүүлэх бодис манайд байхгүй бөгөөд ОХУ-аас яаралтай авах асуудлыг Монгол-Казахс­таны тал хамтран хөө­цөл­дөж байна. Бунхнаас  олдсон түүх соёлын хосгүй олдворуудыг сэргээн засварлах ажлыг удахгүй хийж эхлэх болно. Олдворуудыг цагдаагийн хамгаалалтад аваад байна. Уг олдворыг авран хамгаалах, засварлах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

    Салбарын санхүү, хөрөнгө оруулалт. Боловсрол, соёл, шинжлэх ухааны Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2012 оны төсвийн төсөл, 2013-2014 төсөөллийг боловсруулан Сангийн яаманд хүргүүлэв.

    Монголын ард түмэнд боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн үйлчилгээг хүргэх төрийн бодлогын хүрээнд дэвшүүлэн тавьсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 2012 оны Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцын зарлага нийтдээ 1,052.4 тэрбум төгрөгөөр төлөвлөв. Үүний 217,0 тэрбум төгрөгийг шинэ барилга барих болон барилгын их засвар, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтэд, 835,4 тэрбум төгрөгийг улсын төсөвт байгууллагуудын урсгал зардалд зарцуулахаар тооцлоо. Энэ нь 2012 оны төсвийн зарлагын хязгаараас 412.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр болж байна. Төсвийн төслийн 930.1 тэрбум төгрөгийг сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын үйлчилгээнд, 88,4 тэрбум төгрөгийг мэргэжлийн тайзны урлаг, музей, номын сан, соёлын төвийн үйлчилгээнд, 33.8 тэрбум төгрөгийг шинжлэх ухаан, технологийн үйлчилгээнд тус тус зарцуулахаар төлөвлөлөө.

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2012 оны төсвийн төсөлд нийт 2239 байгууллага, 70704 төрийн албан хаагч хамрагдах болно.

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2011 оны төсвийн тодотголын саналыг боловсруулан Сангийн яаманд хүргүүлэв. Боловсрол, соёл, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн 2011 оны батлагдсан төсвийн багц нь 655,3 тэрбум төгрөг бөгөөд 2011 оны 8 дугаар сарын байдлаар хүлээгдэж буй төсвийн гүйцэтгэлийн тайлан болон орон нутгаас ирсэн санал хүсэлтүүдэд үндэслэн 2011 оны төсвийн тодотголд 42,9 тэрбум төгрөг нэмэгдүүлж 698,3 тэрбум төгрөг болох санал боловсруулан Сангийн яаманд хүргээд байна.
     

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах