Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСоёл, урлагийн ажилтнуудСудлаачидТүншлэгчид

    Яамны үйл ажиллагааны тайлан



    2011 ОНЫ 7  ДУГААР САРЫН МЭДЭЭ

     
    Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол Цэцэрлэгийн "Бэлтгэл бүлгийн сургалтын хөтөлбөр"-ийг түүнийг хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмжийн хамт боловсруулж БСШУ-ы сайдын 2011 оны 279 дүгээр тушаалаар сургалтын хөтөлбөрийг баталлаа. Энэ нь шинээр батлагдсан "Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт"-ыг хэрэгжүүлэхэд цэцэрлэгийн багш нарт арга зүйн дэмжлэг болох ач холбогдолтой хөтөлбөр юм.

    Иргэний боловсрол хичээлийн III ангийн сурах бичгийн эх бэлтгэх ажлыг дуусгасны гадна ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 4, 9 дүгээр ангийн нийт 26 хичээлийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмжийг хэвлэх компанитай гэрээ байгуулан хэвлэлийн эхийг бэлтгэж хэвлэлд шилжүүлэв.

    БСШУЯ НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй "Суурь боловсрол" хөтөлбөрийн "Хүүхдэд ээлтэй сургууль" төслийн хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн нийт 30 сургуульд тус бүр 7,0 сая, нийт 210,0 сая төгрөгийн өртөг бүхий "Хүүхэд хөгжлийн танхим"-ын тоног төхөөрөмжийг нийлүүллээ. Энэ нь ЕБС-ийн сурагчдын өөрийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааг дэмжих орчин нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм.



    Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш, ажилтанд зориулсан мэргэжил дээшлүүлэхкоредиттэй төрөлжсөн сургалтын 66 хөтөлбөр, тэдгээрийг хэрэгжүүлэх 30 байгууллагыг БСШУ-ы сайдын 2011 оны 262 дугаар тушаалаар батлан хэрэгжилтийг зохион байгуулж байна. 2011-2012 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид хичээл заах багш нарын сургалтыг  зохион байгуулах үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг орон нутагт 7 дугаар сарын 4-8-нд зохион байгуулсны зэрэгцээ улсын төрөлжсөн олимпиадад эхний гурван байр эзэлсэн ЕБС-ийн 64 сурагчийн 2010-2011 оны хичээлийн жилд их, дээд сургуульд сонгосон мэргэжлээрээ шалгалтгүй элсэн суралцах эрхийг баталгаажуулав.

    Нийслэлд төвийн шугам сүлжээнд холбогдоогүй  ерөнхий боловсролын 8 сургууль байдаг бөгөөд эдгээр сургуулийн сурагчид бохир орчинд бие засдагаас болж халдварт өвчнөөр өвчлөх тохиолдол цөөнгүй гарч байжээ. Энэ асуудлыг БСШУЯ энэ онд багтаан шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд үүний анхныхыг хувийн хэвшлийнхний дэмжлэгээр шийдвэрлэлээ. Байгальд ээлтэй дэвшилтэт технологиороо хүмүүсийн талархлыг хүлээж байгаа "Атмор" компаний хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан нийслэлийн төвийн шугаманд холбогдоогүй ерөнхий боловсролын 72-р сургуулийн гадна бохир системийг иж бүрнээр өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө. Уг гадна бохирыг хийснээр тус сургууль жилдээ бохирын зардалд 17,1 сая төгрөг зарцуулдаг байсныг 1,5 сая төгрөг зарцуулдаг болгож 15,6 сая төгрөгний хэмнэлттэй дэвшилтэт септик систем техно­ло­гийг суурилуулсан болно. Уг системийг АНУ, Канад, Австрали, Европын холбооны орнуудад төвийн холболтгүй газар баригдсан барилгад өргөнөөр хэрэглэж байна. Манай орны хувьд 4 жилийн өмнөөс эхлэн "Атмор" компани анх уг системийг нэвтрүүлсэн бөгөөд энэ хугацаанд Дэлхийн банкны санхүүжилтээр хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын 30 гаруй сургууль, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 10 гаруй сургуулийн бохирын асуудлыг шийджээ. Хотын төвөөс зайдуу гэр хороололд оршдог Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуульд 1900 орчим хүүхэд сурдаг бөгөөд тус сургуулийн хамт олон эрүүл цэвэр орчинд ажиллаж, сурч хүмүүжих боломж нэмэгдлээ.


    Дээд болон мэргэжлийн боловсрол. "Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журам"-ыг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Засгийн газрын 2011 оны 217 дугаар тогтоолоор батлуулсны зэрэгцээ Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадын их сургуульд магистантур, докторантурт суралцагчдын шалгаруулалтыг зохион байгуулж, БСШУ-ы сайдын 2011 оны 276 дугаар тушаалаар 31 хүнийг суралцуулахаар шийдвэрлэв.

    Дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг аттестатчилсан дүнг хэлцэн шийдвэрлэж дараахь арга хэмжээ авлаа:

    1. "Чингис хаан" дээд сургууль, Олон улс судлалын дээд сургууль, "Гурван-Эрдэнэ" дээд сургууль, Дорнод Казахстаны их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль, Утга зохиол, нийгмийн ажилтны коллеж, "Гэгээ" коллеж, "Далай ван" коллеж, "Гурван Тамир" коллежийг  аттестатчилагдсанд  тооцож, гэрчилгээ олгох;

    2. "Хан-Уул" дээд сургууль, "Архангай" коллеж, "Шинэ Дархан" коллеж,  "Ховд-эрдэм" коллеж, "Хархорум" коллеж, "Мон-Фреш Мөнх-Ану" коллежийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг 2011 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүй болгох.   

    3. 2011-2012 оны хичээлийн жилээс "Улаанбаатар-Эрдэм судлал" дээд сургуулийн олон улс судлал /D 221200/, нийгмийн ажил /D760100/, эрх зүй /эчнээ//D 380100/,  бизнесийн эдийн засгийн /D310700/ бакалаврын, эрх зүйн магистрын /E380100/  мэргэжлийн элсэлтийг тус тус зогсоох, "Маргад" дээд сургуулийн комьпютерийн удирдлагатай систем /D480500/, гадаад хэлний орчуулга /D 220700/, үйлдвэрлэлийн менежмент /D340900/, байгалийн аялал жуулчлал /D850300/ бакалаврын мэргэжлийн элсэлтийг зогсоох, "Евро-Ази" дээд сургуулийн англи хэлний багш /D 143200/, орос хэлний багш /D143400/,  үйлдвэрлэлийн менежмент /D340900/, мэдээлэл зүйн багш /D141700/, бизнесийн эдийн засаг /D 310700/, гадаад хэл, шинжлэл /E220100/, аялал жуулчлал-гадаад хэлний /D 811000/ мэргэжлийн элсэлтийг зогсоох, "Хэл судлаач" дээд сургуулийн монгол хэл-гадаад хэлний багш /D141200/, , англи хэлний багш /D143200/, англи, орос хэлний багш бакалаврын мэргэжлийн, хэл шинжлэл /E220100/  мэргэжлийн магистрын элсэлтийг тус тус зогсоох, Бизнесийн коллежийн Бизнесийн эдийн засаг /D310700/ мэргэжлийн элсэлтийг зогсоох, "Номун далай" коллежийн комьпютерийн программ хангамж /D480200/, англи хэлний  багш /D143200/ мэргэжлийн элсэлтийг зогсоох.

    4. Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан сургалтын байгууллагуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу татан буулгуулах, одоо суралцаж буй оюутнуудыг шилжүүлэн суралцуулах арга хэмжээ авах.

    МСҮТ-үүдийг барьж байгуулах, шинэчлэн сайжруулах, таван жилийн стратеги төлөвлөгөө, сургалтын хөтөлбөр, тэтгэлэгт сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох зэрэгт 58 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцон Тус яам Оюу Толгой ХХК-тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм. Мон­голын үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэх хөтөлбөрүүд нь эхнээсээ хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Налайх дүүрэгт бас нэгэн шинээр баригдах МСҮТ-ийн шавыг тавилаа. Уг МСҮТ-д 6-7 мэргэжлээр мэргэ­жилтэй боловсон хүчнийг бэлтгэхээс гадна мэргэжлийн боловсролын багш нарыг сургах юм. Өнөөгийн боловсролын тогтолцооны тулгамдсан асуудлын нэг нь мэргэжлийн сургуулийн багш бэлтгэх явдал байлаа. Тэгвэл Налайхын МСҮТ-д мэргэжилтэй ажилчдаас гадна багш бэлтгэх, давтан сургахаар болсон нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Энэхүү МСҮТ нь нэг хичээлийн жилд 400-гаад оюутан, 40-50 багш бэлтгэх багтаамжтай. МСҮТ-ийн цогцолборыг барьж байгуулахад Оюу Толгой ХХК-ийн зүгээс нийт таван сая ам.доллар зарцуулах болно.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Ирина Бокова 2011 оны 7 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа. ЮНЕСКО нь Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд 1969 онд тухайн үеийн Политехникийн дээд сургуулийг Монгол Улсын их сургуулийн бүрэлдэхүүнээс тусгаарлан, бие даалган зохион байгуулахад "МОН-1" төслийг амжилттай хэрэгжүүлэн сур­галтын лабораториуд байгуулж мате­риаллаг баазыг бэхжүүлэх, багш­лах боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэхэд ихээхэн туслалцаа үзүүлсэн билээ.


    Өнөөдөр ЮНЕСКО-гоос шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар олон чухал бодлого, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь тус их сургуулийн хөгжилд ч зохих үр нөлөөг үзүүлсээр байна. Энэ байдлыг харгалзан Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны саналыг үндэслэн ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Боковад ШУТИС-ийн "Хүндэт доктор" цол олгохоор шийдвэрлэж "Хүндэт доктор" цол олгох ёслолын ажиллагааг 2011 оны 7 дугаар 10-нд  зохион байгуулав. Ёслолын ажиллагаанд БСШУ-ы сайд болон ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүд ёслолын хувцастайгаа хүрэлцэн ирж оролцож хүндэтгэл үзүүллээ.

    Соёл, урлаг.

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ОХУ-ын БНБурУ-ын Соёлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт 2011 оны 7дугаар сарын 10-нд гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн дагуу талууд соёл урлаг, монгол судлалын чиглэлээр соёл, урлагийн их, дээд сургуулиу­дад жил бүр 3-5 оюутныг сургалтын тэтгэлэг олгон харилцан сургах боллоо. Тэтгэлэгт сургалтад нэр дэвшигчдийн сонгон шалгаруулал­тыг хоёр талын мэр­гэжлийн болов­сон хүчний бүрэл­дэхүүнтэй баг сонгон шалгаруулах юм. Сүүлийн жилүүдэд хил залгаа, монгол угсаа нэгт улс орнуудаас манай Соёл, урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллежид суралцах хүсэлтэй иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа бөгөөд тэд монгол судлал, уламжлалт урлагийг илүү сонирхон судалж байна.


    Их Монгол Улс байгуулагдсаны 805, Монголын үндэсний тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жил зэрэг түүхэн тэмдэглэлт ойнууд давхцаж буй энэ үед АНУ, Сингапурт гарсан "Чингис хаан" үзэсгэлэнгийн зарим үзмэрүүдийг 2011 оны 7 дугаар сарын 10-наас 10 сарын 10-ны хооронд Монголын Үндэсний Музейд үзэгч олноо толилуулж эхэллээ. Тус үзэсгэлэнгийн гол зорилго нь Чингис хааныг гагцхүү цэргийн гарамгай жанжин, дэлхийг байлдан дагуулагч гэдэг талаас нь бус, улс төрийн зүтгэлтэн, дипломатч, шударга ёсыг тогтоогч, суу билэгтэн зэрэг бүх талаас нь харуулах явдал юм. Үзэсгэлэнд Монголын Үндэсний Музей, Монгол Цэргийн музей, Монгол Улсын Үндэсний Номын сан, Хархорум музей, дотоод гадаадын хувь цуглуулагчдад хадгалагдаж буй Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой нийт 150 гаруй үзмэрийг дэлгэн тавьж буйн дотор анх удаа гадаадын хувь цуглуулагчийн үзмэрийг Монголын үзэгчдэд үзүүлж байгаагаараа онцлогтой. Энэхүү үзэсгэлэн нь дэглэлтийн хувьд өвөрмөц бөгөөд Монголд анх удаа орчин үеийн шинэ технологи, техник хэрэгслийг цогц байдлаар ашигласан тусгай үзэсгэлэн юм.


    Үзэсгэлэнгийн үзмэрийн дийлэнх хэсгийг Монголын Үндэсний Музейн үзмэрүүд бүрдүүлж байгаа бөгөөд Чингис хааны тахин дээдэлж байсан хар, цагаан сүлд, Мөнх хааны гэрэлт хөшөө, гэр тэрэгний болон тэрэгний цөн, монгол цэргийн хөө хуяг, ширэн хуяг, нум сум, сумын зэв, саадаг, ваар шаазан, анжисны хошуу, төмөр шанага, ширмэн тогоо, хусуур, ооль, язгууртны дээл, ялтсан гутал зэрэг хосгүй үнэт, үнэт, ховор үзмэрүүдийг толилуулж байна. Мөн өрнө, дорныг холбосон худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийг буй болгосны гэрч болох их хаадын алт, мөнгөн зоосыг эх хувиар нь энэ үзэсгэлэнгээс үзэж болно.

    Чингис хааны үлдээсэн их өвийг судлах, дэлхийн олон нийтэд таниулах, сурталчлах ажлыг олон хэлбэрээр хийж байгаагийн нэг нь Чингис хаан, Монголын эзэнт гүрний сэдэвт үзэсгэлэн зохион байгуулж байгаа явдал билээ. Тийм үзэсгэлэнгийн тоонд "Чингис хаан" үзэсгэлэн орох бөгөөд тус үзэсгэлэн 2009 оны 2 дугаар сараас эхлэн АНУ-ын Хьюстен, Денвер, Сан Хосе хот болон Сингапур улсад гарч нийт 300 гаруй мянган хүн сонирхсон байна.

     "Чингис хаан" үзэсгэлэнг үзэж сонирхсоноор Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүх, соёлтой танилцах, эх түүхээрээ бахархах, түүхээсээ суралцах өргөн боломж нээгдэнэ хэмээн үзэж байна.

    Монгол Улсын төрийн  хошой  шагналт,  урлагийн  гавьяат  зүтгэлтэн  Донровын Намдагийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг боловсруулан  Засгийн газрын 2011 оны 215 дугаар тогтоолыг батлуулав. Уг тогтоолоор ойн арга хэмжээнд шаардагдах 31,5 сая төгрөгийг арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий комиссын бүрэлдэхүүний хамт баталлаа. Мөн өдрийн Засгийн газрын 216 дугаар тогтоолоор Монгол Улсын Төрийн шагналт, академич Дамдины Пэрлээгийн мэндэлсний 100 жилийн ойг 2011 онд тэмдэглэн өнгөрүүлэх, зохион байгуулах, 30,5 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэв.

    Хүннү гүрэн байгуулагдсаны 2220  Ардын   хувьсгалын  90,  Их   Монгол  Улс  байгуулагдсны   805,   жилийн ойн хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 600 гаруй Ардын авъяастан урчууд оролцсон "Ардын урлагийн V их наадам"-ыг орон даяар бүсчлэн зохион байгуулан шалгарууллаа. Наадмын шалгаруулалтыг аймаг, бүс, нийслэл гэсэн гурван шатаар явууллаа. Энэ наадамд оролцогчид яруу найраг, уртын дуу, үндэсний хөгжим, уран дархан, үйл урлах урлаг, аман хуур зэрэг нийт 14 төрлөөр өрсөлдсөн юм.  Эцсийн шатны төвлөрсөн арга хэмжээ, үзэсгэлэнг 2011 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 2-ныг дуустал нийслэл Улаанбаатар хотод зохион  байгууллаа. Наадмын үеэр бүх аймаг, дүүргийг 6 бүс болгон 3 өдрийн зэрэг тоглолт, үзэсгэлэн зохион байгууллаа. Энэхүү "Ардын урлагийн их наадам"-ын тэргүүн гран при буюу 1 дүгээр байрын шагналыг Төв аймаг, 2 дугаар байрын шагналыг Баян-Өлгий аймаг, 3 дугаар байрын шагналыг Хэнтий аймгийн ардын авъястнууд хүртлээ.

    Тус яам жил бүр хариуцан гүцэтгэдэг уламжлал ёсоор Хүннү гүрэн  байгуулагдсаны  2220  жил,  Их  Монгол  улс  байгуулагдсаны  805,  Монголын үндэсний тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жил зэрэг түүхт их ойнууд давхцсан Үндэсний их баяр наадмын урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулах салбар хороо Баяр наадмын нээлт, хаалтын ажиллагаа, "Төрийн хүндэтгэлийн концерт", "Уран зургийн үзэсгэлэн", "Улаанбаатарын үдэш" цэнгүүн, "Монгол туургатны соёлын өдрүүд", "Морь барианы тоглолт", Төрийн хүлээн авалтын урлагийн тоглолт зэрэг арга хэмжээг зохион байгууллаа. Энэ хугацаанд баяр наадмын салбар хороо удаа дараа хуралдаж, найруулагчдын гаргасан сценари, хөтөлбөр, төлөвлөгөө  төсвийг хэлэлцэж, шуурхай зохицуулах, бэлтгэлийг эрчимжүүлэх, зохион байгуулах арга хэмжээ аван  ажиллав.

    Олон    Улсын   хэмжээний   уралдаан   наадам,    номын     яармаг,    үзэсгэлэнд амжилттай оролцсон уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох асуудлыг боловсруулан шийдвэрлүүлэв. ОХУ-ын Москва, Санкт- Петербург хотноо зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит  олон улсын уралдаанд 2-р байр эзэлсэн Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Э.Амартүвшинд 52.0 сая, Франц улсад зохиогдсон М.Магины нэрэмжит олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд оролцож онцгой амжилт үзүүлж, нэгдүгээр байр эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Ж.Ариунзаяа, Ө.Анхзаяа нарт тус бүр 19.0 сая, мөн уралдаанаас хоёрдугаар байр эзэлсэн Г. Болормаа, К. Солензаяа, Ч.Дөлгөөн, Э.Амина нарт тус бүр 14.0 сая, гуравдугаар байр эзэлсэн "Авьяастан төв"-ийн сурагч Ө.Цовоод 9.0 сая, Бүгд Найрамдах Чех Улсад зохиогддог Косианы нэрэмжит олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Хөгжим Бүжгийн коллежийн сурагч Г.Чингүүнд 19.0 сая төгрөгийн мөнгөн шагнал буюу нийт 193 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэв.

    Түүх, соёлын хосгүй үнэт  зүйлсийн  жагсаалтад  нэмэлт  оруулах  тухай   Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын 2011 оны 214 дугаар тогтоолоор батлуулав. Ингэснээр улсын музей, шашны байгууллагад байгаа Занабазарын эдэлж хэрэглэж байсан, түүнтэй холбогдолтой эд өлгийн 16 зүйлийг түүх, соёлын хосгүй үнэт зүйлсийн жагсаалтад оруулснаар Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт 609-д хүрээд байна.

    Шинжлэх ухаан, технологи. Шинжлэх ухааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтын тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан, яамдаас санал авч Засгийн газрын хэрэг эрхлэх газарт  шийдвэрлүүлэхээр хүргүүлсний зэрэгцээ "Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө"-г хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2-р шатны төлөвлөгөөг боловсруулан сайдын тушаалаар батлуулав.

    "Хүн -байгаль-зан үйл" сэдэвт олон улсын хурлыг Соёл урлагийн их сургууль, Солонгос дахь Зүүн өмнөд Азийн уламжлалт соёл судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа. Тус хурлыг зохион байгуулсан нь Монголын соёл, хэл, түүхийг судлах, сурталчлах, хамгаалах үйл ажиллагаанд ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

    БНХАУ-ын Шинжлэх Ухаан Технологийн Яам, ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамтай  хамтран ӨМӨЗО-ны Манжуур хотноо хятад, орос, монголын хамтарсан шинжлэх ухаан, техникийн наймдугаар үзэсгэлэнг 7-р сарын 3-6-ны зохион байгууллаа. Үзэсгэлэнд БНХАУ- аас 302, ОХУ-аас 52, Монгол Улсаас 32 байгууллага оролцлоо.

    Хятадын үзмэрийн талбай нь дэвшилтэт шинэ технологийн үр дүнг танилцуулах хэсэг, барилгын материалын үзэсгэлэнгийн хэсэг, машин, төхөөрөмжийн үзэсгэлэнгийн хэсэг, гадаад худалдааны барааны хэсгүүдээс, Оросын Холбооны Улсын үзмэрийн талбай нь шинжлэх ухааны судалгааны ажлын үр дүнгийн сурталчлах хэсэг, шинэ технологийн бүтээгдэхүүнийг танилцуулах, худалдах хэсэг  шинээр байгуулагдсан их, дээд сургууль, шинэ мэргэжлийн сурталчилгааны хэсэг, Монгол Улсын үзмэрийн хэсэг нь шинжлэх ухааны судалгааны ажлын үр дүнг сурталчлах хэсэг, шинэ технологийн бүтээгдэхүүнийг танилцуулах, худалдах хэсгүүдээс бүрдэж байлаа. 

    Монгол Улсаас нийт 26 байгууллагын 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний сурталчилгааны самбар бэлтгэн байрлуулж, танилцуулга  тараах материал, тохимол бэлтгэсэн юм.


    Үзэсгэлэнгийн үеэр Хятад, Орос, Монгол Улсын техникийн үзэсгэлэнгийн төсөл танилцуулах хурал зохион байгуулж, төлөөлөгчид хамтарсан төслийн үр дүнгийн талаарх 7 илтгэлийг сонсож танилцсан бөгөөд Монгол Улсаас Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Рэнцэнханд, Газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Шийрэв-Адъяа нар илтгэл тавьсан бөгөөд хамтарсан байгууллагуудын хүрээнд тавигдсан илтгэлүүдээс Рэнцэнханд тэргүүн байр эзлэв.

                "Мэдлэгт суурилсан үйлдвэрлэл-2011" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2011 оны 7 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Шинжлэх ухаан, технологийн их сурууль дээр зохион явуулав. Тус хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Москвагийн холбоо, мэдээллийн технологийн их сургууль, Тайваний үндэсний технологийн их сургууль зэрэг байгууллагууд дэмжиж, хамтран зохион байгуулсан юм. Хуралд ШУТИС-аас гадаад орнуудад магистрантур, докторантурт суралцаж буй багш нар, ШУТИС-ийн болон бусад их сургуулийн судлаач багш нар, гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид өндөр технологи, суурь шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн технологи ба менежментийн чиглэлээр олон сонирхолтой илтгэл тавьж оролцов.
     
    Салбарын санхүү, хөрөнгө оруулалт. Монгол Улсын 2012 оны төсвийн төсөл, 2013-2014 оны төсвийн төсөөллийг бэлтгэх ажлын хүрээнд орон нутгийн Боловсрол, соёлын газруудад төсвийн байгууллагуудын төсвийн төслийн нэгтгэлийг хүлээн авч тэдгээрийг урьдчилсан байдлаар хянаж байна.
     
    Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын 2011 оны эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэх ажлыг эхлээд байна. Уг ажлын хүрээнд доорхи ажлууд хийгдээд байна.

    Сангийн яамны Төрийн сангийн газар, салбарын төсвийн байгууллагуудын болон харьяа байгууллагуудын хоорондын санхүүжилтийн тооцоо, төсвийн байгууллагуудын төсвийн гүйцэтгэлийг гаргуулан авч, нэгтгэн харьяа байгууллагууд, орон нутгийн санхүүгийн тайлан, бүртгэл хариуцсан мэргэжилтнүүдэд тус тус хүргүүлэв. Санхүүгийн тайлангийн Plastic программд 2011 оны эхний хагас жилийн батлагдсан төсвийг төв, орон нутгийн төсөвт байгууллага бүрээр оруулаад байна.

    БСШУЯ-ны шууд харьяа буюу Төв төрийн сангийн харилцагч 40 нэгж байгууллага, 10 их, дээд сургуулийн санхүүгийн тайланг авч хянан, программд шивэх ба төсөвт байгууллагуудыг 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс мөн сарын 21-ний өдөрт багтаан, санхүүгийн тайлангаа хуульд заасан хугацаанд ирүүлэх хуваарийг гарган хүргүүлсэн болно. Одоогоор 36 төсөвт байгууллагын санхүүгийн тайланг хянаж, программд шивсэн байна.

    Соёл, урлагийн байгууллагын нэмэлт орлогыг төвлөрүүлэх, зарцуулах журмыг Сангийн болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 153/267 дугаар хамтарсан тушаалаар батлуулав. Энэ журам батлагдсанаар соёл, урлагийн салбарын төсөвт байгууллагуудын бие даасан үйл ажиллагааг дэмжих боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

    Монгол Улсын Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх "Газар хөдлөлтийн гамшгийг бууруулах чиглэлийн судалгаа хийх, судалгааны багаж төхөөрөмж сонгож авах, суурилуулах ажил"-ын газар хөдлөлтийн бүсэд нарийвчилсан судалгаа хийх зөвлөх үйлчилгээ, хот орчмын газар хөдлөлтийн идэвхтэй хагарлууд дээр геофизикийн ажиглалтын цэг байгуулахад шаардагдах тоног төхөөрөмж худалдан авах гүйцэтгэгчээр Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн судалгааны төвийг сонгон, шууд гэрээ байгуулах тухай шийдвэрийг Үнэлгээний хороо гаргасныг Сангийн яаманд мэдэгдээд байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих "Өвөрхангай аймгийн Хархорин сумын музейн үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор авто замын ажил"-ын гүйцэтгэгч сонгох нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон, 225.4 сая төгрөгийн гэрээ байгуулав.

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй "Боловсролын салбарын шинэчлэл" төслийн хүрээнд Монгол Улсын Боловсролын Их Сургуульд байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох нээлттэй тендерийг зарлаад байна.


     

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

     
    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах