Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСоёл, урлагийн ажилтнуудСудлаачидТүншлэгчид

    Яамны үйл ажиллагааны тайлан



    2011 ОНЫ 6  ДУГААР САРЫН МЭДЭЭ

    Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол.  "Боловсролын шинэчлэлийн менежмент-орон нутгийн удирдлагын үүрэг оролцоо" сэдэвт семинарыг 2011 оны 6 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулан аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга нараас гадна Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нарыг оролцуулж орон нутгийн боловсрол, соёлын арга хэмжээг хэрэгжүүлэхэд БСШУЯ-аас явуулж буй бодлогын баримт бичигтэй танилцуулах, хэрэгжилтийг хангаж ажиллахад чиг үүрэг болох олон асуудлыг хамтарч хэлэлцэн зөвлөлдлөө.
     
    Ерөнхий боловсролыг сургууль, цэцэрлэгт 5 жил ажилласан багш нарт зориулсан 2011 оны үндсэн сургалтын төсвийг БСШУ-ы сайдын 2011 оны 225 дугаар тушаалаар баталж, 2011 оны 6 сарын 22-оос цэцэрлэгийн багш нарын сургалтыг Улаанбаатарт эхлүүлээд байгаагийн зэрэгцээ албан бус боловсролын багш нарт зориулсан бүсийн сургалтыг 2011 оны 6 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт зохион байгууллаа.
     
    Япон Улсын ЖАЙКА байгууллагтай хамтран хэрэгжүүлж буй "Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх нь" төслийн БСШУЯ-аас хариуцах зардлын төсвийн зарцуулалтын төлөвлөгөөг БСШУ-ы сайдын 2011 оны 240 дүгээр тушаалаар баталгаажуулж, төслийн хэрэгжилтийн хэвийн үйл ажиллагааг хангав.

    БСШУ-ы сайдын 2008 оны 72 дугаар тушаалаар баталсан "Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журам"-ын дагуу кредиттэй төрөлжсөн сургалтын хөтөлбөрт магадлан шинжилгээ хийлгүүлэхээр ирүүлсэн 36 байгууллагын 211 хөтөлбөрт магадлан шинжилгээ хийж шаардлага хангасан хөтөлбөрүүдийг сонголоо. 

                2010-2011 оны хичээлийн жилд ЕБС төгсөгчдийн суурь болон бүрэн дунд боловсролын бичиг баримт олгох ажлыг зохион байгууллаа. Энэ оны 5 дугаар сарын 15-аас 25-ны хооронд орон нутагт Боловсролын бичиг баримтыг битүүмжлэн хүргүүлсэн бөгөөд олголт хийсэн тухай аймаг, дүүргийн тайлан мэдээг 6 сарын 15-аас 25-ны хооронд яаманд хүлээн авч тайланг нэгтгэх ажил хийгдэж байна. Урьдчилсан байдлаар 2010-2011 оны хичээлийн жилд суурь боловсролын түвшинд 53573, бүрэн дунд боловсролын түвшинд 35238 сурагч төгсөж боловсролын бичиг баримт хүлээн авсан дүн гарч байна. Энэ хичээлийн жилээс эхлэн төгсөгчдөд олгосон сурагч бүрийн суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэхийг Боловсрол, соёлын газар, боловсролын хэлтсийн дарга нар эцэслэн баталгаажуулсан хуулбарыг нэгтгэж архивт авч хадгалах журам тогтоогоод байна. Ингэснээр боловсролын бичиг баримтыг орон нутагт олгож байгаа ажлын чанарт хяналт тавих, үрэгдүүлсэн тохиолдолд хуулбар хувийг үндэслэн нөхөн олгох нөхцөлийг бүрдүүллээ. Төгсөгчдөд олгосон гэрчилгээ, үнэмлэхний хуулбараас харвал орон нутагт суурь боловсролын гэрчилгээнд бичилт хийхдээ хайнга хандах асуудал байгааг илрүүлж, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймагт дахин засварлан бичиг баримтыг олгууллаа. Боловсролын баримт бичиг олгосон маягтыг аймаг, дүүргээр нэгтгэн цаасан болон электрон хэлбэрээр хүлээн авч архивт шилжүүлэхэд бэлэн болоод байна.

                2010-2011 оны хичээлийн жилд ЕБС-д багшилсан багш нарт БСШУ-ы 2008 оны 74 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу Багшлах эрхийн үнэмлэх олгох ажлыг зохион байгуулж байна. 2011 оны 2 дугаар сард хүлээн авсан судалгаагаар улсын хэмжээнд 4670 гаруй багш багшлах эрх авахаар туршилтын хугацаанд ажиллаж буй мэдээ гарсан бөгөөд шаардлага хангаж, аргазүйн зөвлөлөөр хэлэлцэж батлагдсан бүх аймаг, нийслэлийн багш нарын багшлах эрхийн үнэмлэх олгуулах хүсэлт, холбогдох бичиг баримтыг хүлээн авч олголт хийж дууслаа. Багшлах эрхийн үнэмлэх олгосон нийт материалыг 38 боть болгон хавтаслаж архивт шилжүүлэхэд бэлэн болголоо.

                   2011-2012 оны хичээлийн шинэ жилээс эхлэн шинээр хэрэглэгдэх 12 жилийн 4 дүгээр ангийн 9 нэрийн, 8 дугаар ангийн 1 нэрийн, 9 дүгээр ангийн 17 нэрийн, 1-3 дугаар ангийн Иргэний боловсрол хичээлийн сурах бичгийг хэвлэн, нийлүүлэх тендерийг Сангийн Яам болон АХБ-ны зөвшөөрлийн дагуу зарлан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, шалгарсан хэвлэлийн компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байгаагийн зэрэгцээ мөн 12 жилийн 1 дүгээр ангид шинээр хэрэглэгдэх монгол хэл, математикийн дасгал ажлын номыг шинээр зохион хэвлэж нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулаад байна. Түүнчлэн 12 жилийн 2, 3 дугаар ангийн сурагчдад шаардлагатай сурах бичгийн тооцоог гарган, хэвлэлийн компаниудтай нэмэлт гэрээ байгуулан нөхөн хангах арга хэмжээ авлаа.
       

    Дээд болон мэргэжлийн боловсрол. "Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хооронд 2011-2016 онд хэрэгжүүлэх Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө"-нд гарын үсэг зурсны дээр "Монгол Улсын Сангийн яам болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Экспорт, импорт банктай хамтран ажиллах тухай санамж бичиг"-ийг баталгаажуулав.



    Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС), АНУ-ын Аляскийн Фейрбанксын Их Сургуулийн хооронд Уул уурхайн мэргэжлээр 2+3 хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд 2011 оны 6-р сарын 14-ний өдөр АНУ-ын Аляскийн Фейрбанксын Их Сургуулийн Канцлер Браин Рожерс, ШУТИС-ийн Ректор Б.Дамдинсүрэн нар гарын үсэг зурав. АНУ-ын Аляскийн Фейрбанксын Их Сургууль нь Уул уурхайн чиглэлээр дэлхийн түвшинд мэргэжилтэн бэлтгэдэг нэр хүндтэй их сургууль юм. Энэ хөтөлбөрийн дагуу Монголын олон мянган оюутан залуус АНУ-ын их сургуулийн боловсрол эзэмшиж, 2 их сургуулийн диплом гардан авах боломж бүрдэх юм.

                2011-2012 оны хичээлийн жилд Фулбрайтын Гадаад Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөөр 15 оюутан АНУ-ын их, дээд сургуулиудад магистрийн зэргээр сурах боллоо.  Фулбрайт нь АНУ-ын Засгийн газрын тэргүүлэх боловсролын  хөтөлбөр бөгөөд өөрийн шилдэг оролцогч нар, өндөр шалгуур болон шударга нээлттэй сонгон шалгаруу­лалтаараа дэлхийд танигд­жээ.  1994 оноос хойш 100 орчим Монгол оюутан АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр суралцаад байна. 

    2010 оны 1 р сард БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр болон АНУ-ийн Төрийн Департамент  дахь олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Жүдит Макхале нар Монгол оюутнуудад олгогдох тэтгэлэгт хөтөлбөрийг өргөжүүлэх талаархи хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсны үрээр 2009 онд 4 оюутан явдаг байсан Фулбрайтын магистрын тэтгэлгээр 2011 онд 15 оюутан АНУ-д суралцахаар болоод байна. Эдгээр 15 оюутан нь  эрүүл мэнд,  хот тохижолт, боловсрол, төрийн удирдлага, шинжлэх ухаан, технологийн чиглэлүүдээр  Нью-Йорк, Охайо, Небраска, Иллиной, Техас,  Жоржия зэрэг АНУ-ын  нэр хүндтэй их дээд сургуулиудад суралцана.     

                2012-2013 оны Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр боловсрол, инженер, эрүүл мэнд, мэдээллийн технологи болон шинжлэх ухаан, технологийн  мэрэгжлээр магистрын зэргээр сурах хүсэлтэй оюутнуудад зарлагдаад байна. 

    Өндөр хөгжилтэй оронд магистрантур, докторантурт сургах захиалгыг нэгтгэж, нийтэд өдөр тутмын хэвлэлээр 108 хуваарийг зарлан сонгон шалгаруулалтад орох хүмүүсийг бүртгэх ажлыг зохион байгуулав. Бүртгэгдсэн хүмүүсийн тоо хэт цөөн байсан тул бүртгэлийн үйл ажиллагааг 14 хоногоор хойшлуулсны дээр Куба Улсад сургах оюутан элсүүлэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, суралцуулах  оюутнуудыг тодрууллаа.

    Стандартчилал Хэмжил зүйн төвийн зөвлөлөөр инженерийн чиглэлийн бакалаврын боловсролын 15 стандартыг батлуулсны зэрэгцээ их, дээд сургуулиудыг аттестатчилах комиссуудыг байгуулан үйл ажиллагааг нь 6 сарын 5-наас эхлүүлэн  21 сургуулийг аттестатчилж дүгнэлт гарган дүнг авч хэлэлцэхэд бэлэн болоод байна.

    Дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын өдрийн ангид элсүүлэх оюутны хяналтын тоог Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын  2011 оны 224 дугаар тушаалаар, төрийн өмчийн зарим их сургуульд орон нутгаас элсүүлэх оюутны хяналтын тоог сайдын 2011 оны 243 дугаар тушаалаар тус тус батлан холбогдох этгээдүүдэд хүргүүлсний гадна хяналтын тооны дагуу Үндэсний үнэт цаас ХХК-д элсэгчдийн эрхийн бичгийн захиалга өгч хэвлүүлэн сургуулиудад түгээв.

    Оюутан залуучуудын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилготой Монголын үндэсний олон нийтийн телевизээс 10 дахь жилдээ зохион байгуулж буй  "РОБОКОН 2011" улсын уралдааныг БСШУЯ дэмжин ажиллав. 2011 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Тэмүүжин спорт цогцолборт болсон уг тэмцээнд амжилттай оролцож багаараа үндэсний ялагч болсон ШУТИС-ийн МХТС-ийн Telecom Mongolia багийн 3 гишүүний үлдсэн хугацааны сургалтын төлбөрийг Сургалтын төрийн сангаас бүрэн хариуцахаар шийдвэрлэлээ.

     БСШУ-ы сайд, ЭБЭХ-ний сайдын 2011 оны 182/110 дугаар хамтарсан тушаалаар "Сургалтын дансны хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам"-ыг баталлаа. Энэ журмын дагуу газрын тос, түүнтэй холбогдох чиглэлээр их, дээд сургуулийн нэг, хоёрдугаар дамжаанд амжилттай суралцаж буй 5 оюутныг сонгон шалгаруулалтад хамруулахгүйгээр ЭБЭХЯ, БСШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар, МҮОНТелевиз хамтран жил бүр телевизийн уралдаант нэвтрүүлэг болон уралдаант шалгаруулалт зохион байгуулж суралцах эрх олгохоор энэ журамд тусгасан болно. Үүнтэй холбогдуулан дээрх ажлыг эхлүүлэн эхний шатны тестийн шалгалтыг ШУТИС дээр 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдөр математик, англи хэлний шалгалт авч эхний 30 оюутныг шалгаруулаад байна. Телевизийн уралдаант нэвтрүүлгийн дараагийн шатны шалгаруулалтыг 2011 оны 7 дугаар сарын 18-наас 22-ны хооронд зохион байгуулж дүнгээ гаргах болно.

                "Их сургуулийн хотхоны концессын тухай" Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүллээ. Энэхүү тогтоолд "Их сургуулийн хотхон барих-өмчлөх-ашиглах, барих-ашиглах-шилжүүлэх, барих-шилжүүлэх онцгой эрх олгох концессын гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаатай зохих журмын дагуу байгуулахыг Төрийн өмчийн хороонд зөвшөөрөх",  "Концессыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг зээлийн гэрээ байгуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх" зэрэг зохицуулалтыг тусгав.

    Соёл, урлаг. Улс, аймгийн музейд үзмэр худалдан авах журмыг шинэчлэн баталж мөрдүүлсний дээр "Түүх, соёлын хосгүй үнэт  зүйлсийн  жагсаалт"-д  нэмэлт  оруулах  асуудлыг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хүргүүлээд байна.

                "Соёлын өвийг хууль бусаар хил давуулах, соёлын дурсгалт газар хууль бусаар малтлага хийх, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хулгайд алдагдахаас сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т Монголын талаас, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Хятадын талаас БНХАУ-ын Соёлын өвийн газрын дарга Шан Зисянг нар гарын үсэг зурав.

    Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Манчестер хотноо 2011 оны 5 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд болж өнгөрсөн ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны ээлжит 10 дугаар бага хуралдаанаар гишүүн орнуудаас 2010 онд нэр дэвшүүлсэн нийт 80 гаруй баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Бүртгэлийн хорооны тайлан, үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн 45 хосгүй үнэт дурсгалыг Олон Улсын Баримтат өвийн (Дэлхийн Баримтат өв)  жагсаалтад бүртгэсний дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Лу."Алтан Товч", "Монгол Шунхан Данжуур" багтсан байна. Дэлхийн Баримтат өвд бүртгэсэн байна. Эдгээр өвүүд нь Монгол Улсаас Дэлхийн баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлэн бүртгүүлсэн анхны өвүүд болж байна. Баримтат өвийн Олон улсын болон бүсийн бүртгэлийн жагсаалтад өнөөдрийн байдлаар дэлхийн нийт 238 баримтат өв бүртгэгдээд байгаа юм байна.


     

    БНФУ-ын Парис хотноо энэ сарын 19-29-ний өдрүүдэд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 35 дугаар чуулган хуралдав. Энэ удаагийн хуралдаанаар нийтдээ 40 улсын 42 байгалийн болон соёлын өвийг хэлэлцэж 25-ыг баталсны дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн "Монгол Алтайн нурууны хадны зураг цогцолбор"-ыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх шийдвэрийг гаргалаа. Дэлхий Өвийн Хорооны чуулганаар нийтдээ 42 байгалийн болон соёлын дургалт газруудыг нэр дэвшүүлснээс 25 нэр бүхий газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэхээр шийдвэрлэв. Үүнээс 3 нь байгалийн, 21 соёлын, 1 нь холимог өвүүд юм байна.

    Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор нь Монголын төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох сүг зургийн галлерей бөгөөд хүний хөгжлийн түүхийн олон үеийг нэг дор харуулж байдгаараа онцлогтой. Энэ нь манай ард түмний эртний түүхийн нэгэн чухал сурвалж, тэр үеийн хүмүүсийн аж ахуй, нийгэм, оюун санааны хөгжлийн олон талыг тусгасан археологийн дурсгал билээ. Энэхүү цогцолборт газар нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дахь Арал толгой, Шивээт хайрхан, Улаанхус сумын Цагаан салаа, Бага-Ойгорын хадны зургийг хамардаг юм. Хадны зураглалын хувьд бусад улсуудтай харьцуулахад талбай, тоо хэмжээ, уран сайхны илэрхийллээрээ гайхамшигтай дурсгал хэмээн судлаачид үздэг.



    Ийнхүү дэлхийн хосгүй үнэ цэнэ бүхий соёлын өв гэдгийг чуулганд оролцсон гишүүн улсууд хүлээн зөвшөөрлөө.

    ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад нийтдээ 153 улсын 936 өв бүртгэгдээд байна.

    Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурийг 1971 онд улсын хамгаалалтад авсан бөгөөд 2004 онд ЮНЕСКО Хархорум хотын туурийг багтаасан "Орхоны хөндийн соёлын дурсгалт газар"-ыг Дэлхийн өвд бүртгэсэн билээ.



    ШУА-ийн Археологийн хүрээлэн, ХБНГУ-ын Бонны Их сургууль, Германы Археологийн Институттай хамтран 1999 оноос Хархорум хотын туурьт археологийн малтлага хийж  түүх, соёлын үнэт олдворуудыг илрүүлсээр байгаа ч эдгээр олдворыг хадгалж хамгаалан, дэлгэн үзүүлж, сурталчлах байргүй байсан юм. Ийм учраас "Хархорум музей" барих төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам боловсруулан Япон Улсын Засгийн газрын соёлын өвийн буцалтгүй тусламжийн хөтөлбөрт  анх 2004 онд хүргүүлсэн бөгөөд энэ төслийг Япон Улсын Засгийн газар дэмжиж, Японы Засгийн газрын соёлын буцалтгүй тусламжийн хүрээнд 6,7 тэрбум төгрөгөөр "Хархорум" музейн  барилгыг барих ажлыг Япон Улсын Коноике барилгын ком­пани 2009 оны 6 дугаар сараас эхэлж жил гаруйхан хугацаанд барьж дуусган ашиглалтад өгч байгаа "Хархорум" музейг нээх ёслолын ажиллагаа 2011 оны 6 дугаар сарын 4-нд болов. Нээлтийн ажилла­гаанд БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Япон Улсаас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такуо Кидокоро, ХБНГУ-аас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Пиус Фишер нар оролцлоо.



    Музейд олон сонирхолтой үзмэр тавигдсаны дотор Чингис хааны үед хэрэглэгдэж байсан мөнгөн зоос, Өгэдэй хааны үеийн мөнгөн зоос, Хубилай хааны үеийн пайз буюу гэрэгэ зэрэг үзмэр үзэгчдийн сонирхлыг ихээр татлаа. Пайзан дээр таван мөр дөрвөлжин бичгээр "Мөнх тэнгэрийн хүчин дор хааны зарлигийг эс хүндэлбээс буруутай" гэж бичсэн байна. 14 дүгээр зууны үед Марко Поло Монголоос ийм пайзтай нутагтаа очиж байжээ.

    Хархорум музей нь 3 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд үзмэрийн хэсгийг Чулуун зэвсгийн үе, Хүрэл зэвсгийн үе, эртний улсууд, Монголын эзэнт гүрэн гэж ангилаад тэдгээр түүхэн үеүдтэй холбоотой эд өлгийн зүйл, газрын зураг, гэрэл зураг,  уран зураг, макет зэргийг дэлгэн үзүүлсэн болно. Түүнчлэн Хархорум хотын туурьт хийж буй археологийн малтлагаас шинээр олдсон эд өлгийн зүйлс, бусад гадаад улс орон, монголын музейд хадгалаг­даж байгаа холбогдох түүх, соёлын дурсгалт зүйлсийн эх болон хуулбарыг тавив. Музейн дараагийн хэсэгт түр үзэсгэлэнгийн танхим, сан хөмрөгийн өрөө; захиргааны хэсэг буюу захирал, музейн ажилтны өрөө, номын сан, хурал-семинарын танхим; судалгааны хэсэг буюу сэргээн засварлах лаборатори, судлаачдын өрөө байна.

    Сүүлчийн үлдсэн хэсэг буюу үйлчилгээний хэсэгт мэдээллийн булан, цайны газар, бэлэг дурсгалын дэлгүүр зэргийг төлөвлөсөн бөгөөд Хархорум хотын туурийг үзэх шаттай өндөрлөг байна. Музейн гаднах эргэн тойрны ногоон талбай болон дээврийн хэсгийг ил музей, үзэсгэлэнд зориулж ашиглаж болно. Үзмэрийн танхим, сан хөмрөгийн өрөө, сэргээн засварлах лабораторийг  музейн зориулалтын орчин үеийн тоног төхөөрөмж, гэрэл, хорго, тавиур зэргээр тоногложээ.  Засгийн газраас Хархорум музейг дохиолол хамгаалалт, хяналтын системээр бүрэн тоноглох, музейд шаардлагатай тавилга, тоног төхөөрөмжөөр хангах, музейн  гадна талбайг тохижуулж, хашаа барих зэрэг ажилд улсын төсвөөс 450 сая төгрөгийг зарцуулаад байна.

    Хархорум хотын туурийн дэргэд Хархорум музейг байгуулж байгаа нь үзэгчдэд газар дээр нь бодит хэрэглэгдэхүүнийг үзүүлж үнэн мэдээллийг өгөх нь түүх, шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдолтой учраас Хархорум хотын туурь нь музейн үзмэрийн маршрутад орж үзмэрийн нэгэн хэсэг байх болно.  Хархорум хотын туурийн малтлага дууссаны дараа судлагдсан хэсгийг бэхжүүлж хамгаалан ил музей болгон тохижуулахаар төлөвлөж байна.

    Ийнхүү Дэлхийн өвд бүртгэлтэй Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурийг багтаасан "Орхоны хөндийн соёлын дурсгалт газар"-аас олдсон соёлын үнэт олдворуудыг гадаад, дотоодын гийчид үзэж сонирхох боломжтой дэлхийн жишигт хүрсэн орчин үеийн музей манай улсад анх удаа үүдээ нээлээ. 

    Өвөрхангай аймагт Хархорум музей байгуулсантай холбогдуулан Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу тус музейн үзмэрийг баяжуулах зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт орших Бага эрээний хүн чулууны хэвийг авч Хархорум музейд байршуулах ажлыг Соёлын өвийн төвөөр гүйцэтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 241 дүгээр тушаалаар шийдвэрлэллээ.

    Монголын Улсын Засгийн Газрын 2010 оны 32 дугаар тогтоолоор Монгол Улсын нутаг дэсгэр дээр оршиж байсан Түрэгийн хаант улсын түүх, соёлтой холбогдол бүхий хосгүй үнэт эд өлгийн зүйл, олдворыг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий Хөшөө Цайдам  музейг байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу эртний Түрэгийн хаант улсын оршин тогтнож байсан дэлхийд алдартай Хөшөө Цайдам хэмээх энэхүү түүхт газар "Хөшөө Цайдам музей"-г 2011 оны 6 дугаар сарын 26-д албан ёсоор нээлээ.


    Турк Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ТИКА)-аас "Монгол нутаг дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах нь" төслийг хэрэгжүүлэхэд нийт 4,5 сая ам.доллар зарцуулсан бөгөөд Монголын Засгийн газраас Хөшөө Цайдам музейн үйл ажиллагааг явуулахад шаардагдах үзмэр бэлтгэх, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлэх, ажлын нөхцөлийг хангахад зориулж 34 сая төгрөг зарцуулаад байна.

     

    Хөшөө Цайдамын музейг байгуулснаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төр улсаа байгуулж байсан түрэг угсаатны түүхтэй холбогдох дурсгалыг уугуул орон нутагт нь хадгалж хамгаалах, судалгаа, сурталчилгааны хэрэглэгдэхүүн болгох, гадаад, дотоодын үзэгчдэд  газар дээр нь бодит хэрэглэгдэхүүнийг үзүүлж үнэн мэдээллийг өгөх нь түүх, шинжлэх ухаан, танин мэдэхүйн чухал  ач холбогдолтой юм.



    Монголын түүхийн сэдэвт "Цогт тайж" уран сайхны киног сэргээн засварлаж, дижитал хувилбарт шилжүүлэх талаар Франц Улстай хэлэлцэн тохиролцсоны дагуу уг киног Францын Соёлын яамны харьяа "CNC" кино урлагийн төвд сэргээн засварлах ажил эхлээд байна. "Цогт тайж" уран сайхны кино нь негатив, контратив, лаванд, дуу, дүрсний гэсэн таван төрлөөр  Үндэсний төв архивын кино гэрэл зураг, дуу авианы баримтын төвд хадгалагддаг бөгөөд ямар ч тохиолдолд анхны хувилбар буюу негатив хальсыг гадагшаа явуулж, бусдад өгдөггүй. Харин хоёр улсын гэрээний дагуу хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд уг киног сэргээн засварлаж, дижитал хувилбарт шилжүүлэх гэж байгаа учраас хоёр дахь хуулбар буюу контратив хальсыг өгч явуулсан юм. 1945 онд бүтээгдсэн уг кино дэлгэцнээ олон жил тавигдаж гэмтэж муудсан тул сэргээн засварлахад нилээд цаг хугацаа шаардана.  Хоёр ангит энэ киноны дүрс, дууны 30 бүлэг 18 мянган метр урт хальсны гэмтлийг тогтоох ажил хийгдэж байна. Уг киноны гэмтлийг тогтоосны дараа сэргээн засварлана.

    БСШУЯ-ны   дэргэдэх   түүх,   соёлын    дурсгалт    зүйлийн   зэрэглэл,     үнэлгээ тодорхойлох мэргэжлийн зөвлөлийн хурлыг хуралдуулж, гаальд хураагдсан болон хувь хүмүүсийн өргөдөл хүсэлтийн дагуу ирүүлсэн эд зүйлийг хэлэлцэн, зэрэглэл ангилаллыг тогтоож хариуг өглөө.

                Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 101 дүгээр тогтоолоор Сэлэнгэ  аймгийн Баруунбүрэн сумын нутагт  орших "Амарбаясгалант"  хийдийн хамгаалалтын бүсийг тогтоосонтой холбогдуулан тус хийд дээр уулзалт семинарыг 2011 оны 6 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус семинарт Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёлын газрын Соёл хариуцсан мэргэжилтэн, Баруунбүрэн сумын Засаг дарга, газрын албаны мэргэжилтэн, орон нутаг судлах танхимын эрхлэгч, хамгаалалтын бүсэд орсон Сант сумын төлөөлөгчид, сүм хийдийн захиргаа болон Японы соёлын өвийн мэргэжилтэн Масахико Томада оролцож, менежментийн төлөвлөгөө боловсруулах бэлтгэл ажлыг хангах талаар ажиллалаа. БСШУЯ, Япон Улсын Соёлын өвийн төвтэй хамтран ажиллах гэрээний дагуу Японоос холбогдох мэргэжилтнүүд ирэх 8 дугаар сард хүрэлцэн ирж, тус хийд дээр дахин сургалт семинар зохион байгуулах бөгөөд түүний бэлтгэл ажлыг хангалаа.

    Монгол Улсын хөдөлмөрийн баатар  Төрийн  шагналт  академич  Б.Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ойг 2012 онд тэмдэглэх тухай асуудлыг боловсруулж, Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэв.

    Монгол Улсын төрийн хошой шагналт, урлагийнэ гавъяат зүтгэлтэн  Д.Намдагийн

    мэндэлсний 100, Төрийн шагналт академич Д.(хөдөөгийн)Пэрлээгийн мэндэлсний 100 жилийн ойг 2011 онд тус тус тэмдэглэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлээд байна. 

    Ардын  хувьсгалын  90,  Их  Монгол   Улс   байгуулагдсны    805,    Хүннү    гүрэн  байгуулагдсны 2220 жилийн ойн хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 600 гаруй Ардын аюъяастан урчууд оролцсон "Ардын урлагийн их  наадам"-ын 3 дугаар шатны төвлөрсөн арга хэмжээ, үзэсгэлэнг  2011 оны 6 дугаар сарын 29-нөөс нийслэл Улаанбаатар хотноо эхлүүллээ. Наадмын үеэр 21 аймаг, 9 дүүргийг 6 бүс болгон хувааж 3 өдрийн тоглолт, үзэсгэлэн явуулах юм.

    ОХУ-д  соёл,  урлагийн  чиглэлээр  2011  онд  оюутан   суралцуулахаар   сонгон

    шалгаруулалт зарласны дагуу бүртгэл хийж, урьдчилан шалгаруулалтад нийт бүртгүүлэгчдийг хамрууллаа. Эцсийн шалгаруулалтыг ОХУ-аас хүрэлцэн ирсэн төлөөгчдийн хамт зохион байгуулж, нийт 15 оюутныг ОХУ-д суралцуулахаар шийдвэрлэлээ. Энэ удаагийн суралцагчдаас балеттейстр мэргэжлээр сүүлийн 20 жилд анх удаагаа 2 оюутан суралцуулах болсон нь онцлог байлаа.

    Шинжлэх ухаан, технологи.  Инновацийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт болон төрийн дэмжлэгийн эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааны зохицуулалтыг тусгасан Инновацийн тухай хуулийн төслийг яамдын саналыг тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ЗГХЭГ-т хүргүүлсний зэрэгцээ "Шинжлэх ухааны байгуулагуудын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх тухай" Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан яамдаас санал авч ЗГХЭГ-т хүргүүлэхэд бэлэн болгов.

    "Докторын дараах судалгаанд  сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам"-ыг боловсруулж сайдын 2011 оны 6 сарын 14-ний өдрийн сайдын 222 дугаар тушаалаар батлав. Энэхүү  журмыг хэрэгжүүлснээр шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр ажиллах залуу эрдэмтэн судлаачдыг бэлтгэх, мэргэшүүлэх, залуу докторуудын судалгаа, шинжилгээний ажилд чанарын ахиц гаргах, эрдмийн зэрэг хамгаалсан докторын бүтээлийг инноваци болгоход төрөөс дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Уг журмаар жил бүр шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан 10 хүртэлх залуу докторт эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт зохион  бүтээх  ажилд зориулан 10 сая хүртэлх төгрөгийн тэтгэлэг олгож байхаар шийдвэрлээд байна.

    Засгийн газрын 2010 оны 174 дугаар тогтоолоор батлагдсан Шинжлэх ухаан, технологийн салбарын менежментийн шинэчлэлийн хэрэгжилт болон Засгийн газрын 2008-2012 үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангахуйц судалгаа, боловсруулалтын ажлын чанар, өрсөл­дөх чадварыг дээшлүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог өргөт­гөхийн хамт, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтдийг дэмжих" зорил­тыг хэрэгжүүлэх хүрээнд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна. Шинжлэх ухаан, технологид бизнес, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг татах, иннова­цийн сан­хүү­жилтийн арга хэлбэрийг сайж­руулах, төр, хувийн хэвшлийн инновацийн салбар дахь түншлэлийг хөгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

    Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж, үндэсний томоохон компаниуд судалгаа боловсруулалтын нэгж, орон тооны судлаачтай болж зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх гэсэн жам ёсны үзэгдлийг бид бүх талаар дэмжих шаардлагатай байгаа юм. Зах зээлийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэмүү өртөг шингээх нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нэг гол арга билээ. 


    Эрдэмтэд, судлаачдын оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, практик хэрэглээ болгох, бизнес эрхлэгчдэд оюуны багтаамжтай, нэмүү өртөг шингэсэн инновацийн бүтээгдэхүүнийг таниулан сурталчлахад энэхүү хамтын ажиллагаа чиглэгдэх болно.

    Засгийн газрын 2010 оны 174 дугаар тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн салбарын менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-нд тусгагдсан "Судалгааны төслөөр боловсруулсан технологи, бүтээгдэхүүнийг эрэлтэд нийцүүлэн бодит хэрэглээ болгох тогтолцоог боловсронгуй болгох" арга хэмжээний хүрээнд сургалт-аж үйлдвэр-инноваци уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор ХААИС, ШУТИС-д БСШУЯамнаас урилга хүргүүлсэн юм. Энэ дагуу их сургуулиуд "Экологийн цэвэр бордоо", "Чипэд суурилсан компьютерийн процессорын технологийг өргөн хэрэглээний үйлдвэрлэлд нэвтрүүлэх", "Малын халдварт өвчний оношлуур, праймер, халдварт өвчнийг эмчлэх, сэргийлэх үйлчилгээтэй шинэ эм үйлдвэрлэл" төслийг хэрэгжүүлэхээр саналаа ирүүллээ. Эдгээр төслийн саналыг шинжлэх ухаан, технологийн мэргэжлийн зөвлөлөөр 2011 оны 6 дугаар сар 23-нд хэлэлцүүлэн шийдвэрлэллээ.

      2011 онд суурь судалгааны 87, хүмүүнлэгийн 42 төсөл ирүүлснээс 2 талын  экспертүүдийн үнэлгээ хийлгэж хэлэлцүүлсний үндсэн дээр ОХУ-ын суурь судалгааны  сантай 22 төсөл, Хүмүүнлэгийн сантай 16 төсөл хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. 2010 оны 10 сард Монгол Улсын БСШУЯ, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын хооронд байгуулсан хамтын ажиллагааны Протоколын дагуу "Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлын үр дагаврыг бууруулах", "Утаагүй түлш, малын тэжээлийн үйлдвэрлэл-туршилт", "Чацарганыг гүн боловсруулалх, шинэ бүтээгдэхүүн гаргах", Эрчим хүчний бус нүүрсийг цөлжилтийг сааруулахад ашиглах технологи нэвтрүүлэх" гэсэн 4 төслийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. 2010 онд БНСУ-тай байгуулсан хамтын ажиллагааны Протоколын дагуу Монголын шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлээр 2 төсөл хэрэгжүүлэхээр тохиролцож сонгон шалгаруулах шатандаа байна.                      

    ХХААХҮЯ, ЗТБХБЯ, ЭБЭХЯ-тай хамтран нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, зорилттой уялдуулан салбар дундын тулгамдсан, томоохон асуудлыг шийдвэрлэх инновацийн төсөл хэрэгжүүлэхээр яам хоорондын түншлийн гэрээ байгуулах  бэлтгэл ажлыг хийж яамдын холбогдох  газар, ажил хариуцсан хүмүүстэй санал солилцов.  Энэ нь шинжлэх ухааны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн хамтарсан хөрөнгө оруулалт хийж,  бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэгдэх болно. ХХААХҮЯ-тай хамтран "Өвөрхангай аймгийн мал сүргийн чанар, удам угсааг сайжруулах нь" төслийг түншлэлийн гэрээ байгуулан Мал аж ахуйн хүрээлэнгээр гүйцэтгүүлэхээр 270,0 сая төгрөгөөр санхүүжүүлэв.

    Палеонтологийн мэргэжлийн зөвлөлийн хурлыг хуралдуулж, Палеонтологийн чиглэлээр хайгуул судалгаа явуулсан 3 экспедицийн 2010 оны тайланг хэлэлцэн, олдсон олдворуудын хадгалалт, хамгаалалтын асуудлаар гарч байгаа эерэг, сөрөг талуудад дүгнэлт өгч цаашид авах арга хэмжээг тодорхойлов. 2011 онд Палеонтологийн олдворт газарт хайгуул, малтлага судалгаа хийх 7 экспедицид зөвшөөрөл олгов.  

    Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороотой хамтарсан ажлын хэсэг байгуулан эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн нэмэгдэл, унаа хоолны зардлын талаар холбогдох судалгаа тооцоо хийж,  шийдвэрийн төсөл боловсруулаад байна.

    Тайландын Вант Улсын Шинжлэх ухаан, технологийн яамны хэлтсийн дарга   Churdchan Juangbhanich болон NECTEC-ийн орлогч захирал доктор Pensri Guntasopatr  нартай 2011 оны 5 дугаар сар 27-ны өдөр тус яаман дээр уулзалт зохион байгуулав. Уулзалтын үр дүнд  Тайландын Вант улсын Шинжлэх ухаан, технологийн яам, БСШУЯ-дын хооронд Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулахаар тохиролцов.

    Шинжлэх ухаан, технологийн зэхэц ажил зарласны дагуу эрдэм шинжилгээний байгууллага, компани, эрдэмтдээс 14 ажил ирүүллээ. БСШУ-ы сайдын томилсон шинжээчид эдгээр ажлуудад дүгнэлт хийж, эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон, цаашид инкубаторт бойжуулан худалдах буюу шууд жижиг, дунд үйлдвэрлэл бий болгох боломжтой 9 ажлыг сонгон шалгаруулж БСШУ-ны сайдын 2011 оны 196 дугаар тушаалаар батлан нийт 369 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэв.

    Боловсрол,соёл шинжлэх ухааны яамнаас "Монгол хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөгөөн"-ийг 2011 оны 6-р сарын 10-11-нд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Төрийн хэлний зөвлөл, МУБИС, МУИС, ШУА, Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэд, их, дээд, ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нар, хэл судлаачид оролцов. Зөвлөгөөнөөр кирил бичгийн зөв бичих дүрэм, олон хувилбараар бичдэг үгсийг нэг мөр болгон оноон тогтоох асуудлыг хэлэлцэв. Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол ,соёл, шинжлэх ухааны сайд бөгөөд Төрийн хэлний зөвлөлийн дарга Ё.Отгонбаяр хэлсэн үгэндээ өнөө хэрэглэж байгаа кирил бичгийн зөв бичгийн дүрмийг засан сайжруулах шаардлага, олон хувил­бараар бичиж байгаа үгсийг нэг мөр болгон оноон тогтоох талаар Төрийн хэлний зөвлөл, БСШУЯ-наас хийж ирсэн ажил, цаашдын зорилтын талаар илтгэв.



    Зөвлөгөөнд МУБИС-ийн захирал, академич Б.Жадамбаа "Кирил бичгийн зөв бичих дүрмийг журамлан боловсруулах мэргэжлийн зөвлөгөөний үйл ажиллагааны зорилго, чиглэл", академич Д.Төмөртогоо, доктор, профессор Ц.Өнөрбаян нар "Кирил бичгийн өнөөгийн хэрэглээнд өөр өөр хувилбараар бичигддэг үгсийг жигдлэх зарчим", Боловсролын хүрээлэнгийн захирал,доктор, профессор Н.Бэгз, эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор, профессор Д.Баттогтох, эрдэм шинжилгээний ажилтан Ш.Оюунцэцэг нар "Зөв бичих дүрмийн талаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтад тохиолдож буй бэрхшээлтэй асуудлууд" илтгэлийг тус тус хэлэлцүүлэв.

    Боловсрол ,соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар Кирил бичгийн зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн комиссыг байгуулсан бөгөөд зөвлөгөөнд оролцогчид өөр өөр хувилбараар бичигддэг үгсийг үсгийн дарааллаар хэлэлцэн хойшид нэг мөрөөр хэрэглэх хувилбарыг тогтоов.

    Зөвлөгөөнөөр хэлэлцэн тогтсоны дагуу нэг мөрөөр бичих үгсийг багтаасан товхимол хэвлэн гаргах бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакциуд, ном хэвлэдэг байгууллага, бүх шатны сургуулийн багш нар, тэдгээр сургуулийн сурах бичгийг зохиогчид, хянан тохиолдуулагч нар, зар сурталчилгааны агентлагуудад хүргүүлж, мөрдөх ажлыг яаралтай эхлүүлнэ.

    Кирил бичгийн зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн комисс кирил бичгийн зөв бичих дүрмийг орчин үеийн хэлшинжлэлийн онол, монгол хэлшинжлэлийн өвд тулгуурлан засан сайжруулах, хэрэглэн хэвшүүлэх ажлыг зохион байгуулна.

    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан "Залуу зохион бүтээгч" улсын уралдаанд шилдэг бүтээлээр шалгарсан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Хөдөлмөр мэргэжлийн сургалттай 55 дугаар сургуулийн сурагч О.Дашдаваагийн "Бөмбүүлэй" олон хувилбарт модон эдлэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд зориулж "Сургалт, үйлдвэрлэл хосолсон цех"-ийг тус сургуулийг түшиглэн байгуулах тухай БСШУ-ы сайдын 2011 оны 209 дугаар тушаалаар уг цехийн тоног төхөөрөмжийн зардалд Шинжлэх ухаан, технологийн сангаас 8.75 сая төгрөг гаргахаар шийдвэрлэв.

    ШУТ-ийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний II шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан БСШУ-ы сайдын тушаалаар батлав. Төлөвлөгөөнд ШУТ-ийн салбарт хэрэгжиж байгаа хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, инновацийн үйл ажиллагааны эрх зүйн орчинг бүрдүүлэх, ШУТ-ийн үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгааны ажлын үр дүнг өртөгжүүлэх, биет бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, технологийн судалгаа боловсруулалтыг хөгжүүлэхэд энэ шатанд онцгойлон анхаарч ажиллахаар тусгалаа.

    Салбарын санхүү, хөрөнгө оруулалт. Боловсролын салбарын 2011 оны эхний 6 сарын урьдчилсан гүйцэтгэлийг гаргалаа. Энэ салбарын төвлөрсөн арга хэмжээний зардал 14 206.9 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, оюутны нийтийн тээврийн хөнгөлөлтөд 9883.0 сая төгрөг, төрийн өмчийн 9 их, дээд сургуулийн тогтмол зардалд 1953.9 сая төгрөг, 2010-2011 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд дотоодын 14, гадаадын 6 олимпиад зохион байгуулахад 113.0 сая төгрөг, багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг орон нутаг болон Улаанбаатар хотод зохион байгуулахад 82.0 сая төгрөг, британика толь болон сурах бичиг, сурах бичгийн эх бэлтгэлийн зохиогчийн хөлсөнд 750.8 сая төгрөг, бусад зардалд 1424.2 сая төгрөгийг тус тус зарцуулаад байна. Мөн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд нийт 125 гүйлгээг шивж, нягтлан бодох бүртгэлийг хөтөллөө. Үүнд зориулан 16.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээд байна.

     

    Салбарын 2011 оны их засварын хөрөнгийн эх үүсвэрээр яаралтай засвар шинэчлэлийн ажил хийх 7 барилгад шаардагдах 99.7 сая төгрөгийг хуваарилан, ажлыг шуурхай зохион байгуулах асуудлыг аймагт нь тавилаа. Тодруулбал, Булган аймгийн Булган сумын "Эрдмийн-Өргөө" цогцолбор сургуулийн барилгын ариун цэврийн өрөөний засвар шинэчлэл, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын сургуулийн спорт заалны барилгын засвар, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын цэцэрлэгийн засвар тохижилтын ажил, Увс аймгийн Малчин сумын сургуулийн хичээлийн байрны их засвар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын сургуулийн хичээлийн байрны цонхны засвар шинэчлэл, Булган аймгийн Бүрэгхангай сумын соёлын төвийн барилгын дээврийн засвар шинэчлэл, Булган аймгийн Сайхан сумын соёлын төвийн барилгын дээврийн засвар шинэчлэл энэхүү хөрөнгийн эх үүсвэрээр хийгдэнэ.

    Мөн улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд их, дээд сургуулийг дэмжих ажлын хүрээнд 2.0 тэрбум төгрөгөөр нийт 21 засвар шинэчлэл, тоног төхөөрөмж, зураг төсөл, техникийн нөхцөл боловсруулахаар шийдвэрлэв. Үүнд: МУИС-д 441.0 сая төгрөгийн 2 их засварын ажил, тоног төхөөрөмж, ШУТИС-д 560.6 сая төгрөгийн 4 их засвар, тоног төхөөрөмж, СУИС-д 112.0 сая төгрөгийн их засвар, ЭМШУИС-д 166.4 сая төгрөгийн 1 их засвар, тоног төхөөрөмж, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаанд их сургуулиудын хотхоны ерөнхий хэсэгчилсэн төлөвлөгөө, ажлын зураг, дэвсгэр зураг, инженер геологийн судалгаа хийхэд нийт 700.0 сая төгрөгийг тус тус хуваарилан, хуулийн дагуу зохион байгуулах эрхийг нь шилжүүлээд байна.

                2011-2012 оны хичээлийн жилд хэвлэгдэх шаардлагатай 1, 4, 9 дүгээр ангийн сурах бичиг, нөхөн хангалтын сурах бичгийг хэвлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээг байгуулаад байна. 4 дүгээр ангийн сурах бичгийг 505.2 сая төгрөг, 9 дүгээр ангийн сурах бичгийг 311.8 сая төгрөг, 1 дүгээр ангийн сурах бичгийг 508.8 сая төгрөгөөр хэвлэж, нийлүүлнэ.

                Цалин хөлсний зардал нийтдээ 4.8 тэрбум төгрөгөөр дутагдаж байгааг шийдвэрлэх хүсэлтийг Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дундговь, Дорнод, Дорноговь, Завхан, Хэнтий, Дархан-Уул аймгууд ирүүлээд байна. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилтны ээлжийн амралтын цалингийн тооцоог хүлээн авч, нарийвчлан хянаж байгаа бөгөөд оны эхний хагас жилийн төсвийн урьдчилсан гүйцэтгэлийг харгалзан нэгдсэн зохицуулалт хийхээр ажиллаж байна.

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2011 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан барилга угсралтын 18 ажлын тендер шалгаруулалтыг зарлан 17 ажлын гүйцэтгэгчийг сонгож, гэрээ байгуулсан. 1 ажлын гүйцэтгэгчийг сонгох үнэлгээ хийгдэж байна. Зураг төсөв боловсруулах болон барилга угсралтын ажлын 38 тендер шалгаруулалтыг зарласан бөгөөд үүнээс гэрээ байгуулсан 29, хүчингүй болж, барилга угсралтын ажлын тендер шалгаруулалтыг дахин зарлах 7 (уг 7 барилгын зураг, төсөв хүлээгдэж байна), зураг төсөв хийгдэж, барилга угсралтын ажлын тендер шалгаруулалтыг зарласан 2 байна. Тендер шалгаруулалтыг зарлаагүй зураг төсөв хийгдэж байгаа 8 барилгын ажил байна. Тоног төхөөрөмжийн 27 багц тендерийг шалгаруулан гүйцэтгэгч нартай гэрээ байгуулж, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил хийгдэж байна. Дээрх мэдээллүүдийг өгөгдлийн санд бүртгэн, гэрээ байгуулсан тендерийн үр дүнг Засгийн газрын худалдан авах ажиллагааны www.e-procurement.mn сайтад зарласны гадна худалдан авах ажиллагааны явцын мэдээллийг тухай бүрд нь мэдээллийн санд бүртгэж ажиллалаа.

    Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжих "Санхүүгийн хямралын үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх төсөл"-ийн хүрээнд хэрэгжиж буй багц тусламжийн эхний шатны санхүүжилтийг хянаж, орон нутагт ажилласан тайланг ажлын хэсгээр хэлэлцүүлэн 2 дахь шатны санхүүжилтийг олгохоор шийдвэрлэв. Уг тусламжийн хэрэгжилтийн явцад өмнө нь гарсан алдаа дутагдлыг давтахгүй байх, анхаарах асуудлын талаар аймгуудын Боловсрол, соёлын газар, Төрийн сангийн хэлтсүүдэд зөвлөмж хүргүүлэхээр бэлтгэв.

    Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ. "Боловсролын салбарын 2010-2011 оны хичээлийн жилийн статистикийн мэдээллийн эмхтгэл (I)" номыг 300 ширхэг,  "Боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухаан, технологийн салбарын 2010, 2010-2011 оны хичээлийн жилийн статистикийн мэдээллийн эмхтгэл (II)" номыг 200 ширхэг, "2010 Статистикийн үзүүлэлтүүд" товхимлыг 300 ширхэг,  "Statistical abstract: education culture, science & technology (2010-2011 academic year, 2010 fiscal year)" номыг 200 ширхэг хувь тус тус хэвлүүлж, яамны аппаратын ажилтнууд болон бусад байгууллага, хүмүүсийн албан хэрэгцээнд түгээлээ.

    Боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухаан, техно­ло­гийн салбаруудын төлөв байдлын танилцуулгыг i) Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын өнөөгийн байдал, ii) Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын бодлого, үр дүн гэсэн үндсэн 2 хэсэгтэйгээр бэлтгээд байна. Энэхүү танилцуулгад дээрх салбаруудын 2010 оны статистикийн зарим мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар оруулснаас гадна арга хэмжээг хэрэгжүүлэх бодлого, үр дүнг тусгасан болно. 

    Тус яамны цахим хуудсанд 6 дугаар сард нийт 41,004 хэрэглэгч хандсаны 35.9 хувь нь Монгол Улсаас, 57.0 хувь нь АНУ-аас хандсан байна.

    www.tvhicheel.mn цахим хуудсанд 44 мэдээ, дүрстэй нэг мэдээ боловсруулан байршуулж, 8 мэдээллийг шинэчлэв. Ерөнхий боловсролын сургуулийн VII, VIII, IX, X, XI ангийн нийт 75 хичээлийг шинэчлэн хөрвүүлж байршуулав.

    Open EMIS удирдлагын программ хангамжийн сургалтыг 2011 оны 6 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүрэгт зохион байгуулж, тус дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш, сургалтын менежер нийт 60 хүнийг хамруулав. Сургалтад хамрагдсан арга зүйч, багш нар сургууль, цэцэрлэгийнхээ мэдээллийг 7 дугаар сарын 1-ний дотор программд оруулах бөгөөд өнөөгийн байдлаар 4,1 мянган багш, ажилчдын, 47.0 мянган суралцагчдын мэдээллийг оруулаад байна. Энэхүү ажлын үр дүнд тус дүүргийн бүх сургууль, цэцэрлэгийн нэгдсэн бааз үүсэх юм.

    Гадаад харилцаа.  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр "Соёлын өвийг хууль бусаар хил давуулах, соёлын дурсгалт газар хууль бусаар малтлага хийх, түүх соёлын дурсгалт зүйлсийг хулгайд алдагдахаас сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр"-ийг байгуулж БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр гарын үсэг зурлаа. Талууд соёлын өвийн хууль бус үйл ажиллагааны эсрэг өөрсдийн оронд мөрдөгдөж буй хууль, тогтоомж болон олон улсын жишгийн дагуу түүх, соёл, палентологийн дурсгалт зүйл хулгайд алдагдах, соёлын дурсгалт газарт хууль бусаар малтлага хийх, түүх, соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар хил давуулах зэрэг хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх ажил дээр харилцан зөвшилцсөний үндсэн дээр хамтран ажиллах бөгөөд Монголын талаас ажил үүргийн чиглэлийн дагуу Соёлын өвийн төв, БНХАУ-ын талаас Соёлын өвийн удирдах газар хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ.

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжлэх ухаан, технологийн яам хооронд шинжлэх ухаан, технологийн салбарт 2011-2014 онд хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг хангав. Хэлэлцээрийг Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх албан айлчлалын үеэр байгуулахаар тохирсон боловч, Хятадын талын хүсэлтээр Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолыг түр хойшлуулж, энэ оны 2 дугаар хагаст багтана байгуулахаар болов. Энэхүү Хэлэлцээрийн хүрээнд Хятадын талтай шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, биологи, биотехнологи, мэдээллийн технологи, анагаах ухаан, сэргээгдэх эрчим хүч, геологи, газар зүй болон нийгмийн ухааны салбаруудад хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эксперт, мэргэжилтэн солилцох, эрдэм шинжилгээний хамтарсан бага хурал, симпозиум, семинар, уулзалт зохион байгуулахаар тохироод байна.

    Тайландын Шинжлэх ухаан, технологийн яамтай шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийг боловсруулан, харилцагч талд зохих журмын дагуу хүргүүлэв.

    БНСУ-тай хамтран зохион байгуулах "Боловсрол, шинжлэх ухаан, технологийн удирдлагын шинэчилсэн тогтолцоог бүрдүүлэх нь" сэдэвт хурлын товыг урьдчилсан байдлаар тохиров. Энхүү хуралдаанд оролцох Монголын төлөөлөгчдийн замын зардлыг манай тал гаргаж, Сөүлд байх хугацааны зардлыг Солонгосын тал хариуцахаар тохиролцлоо. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг 2010 онд байгуулсан хамтарсан хорооны 1 дүгээр хурлдааны протоколын дагуу зохион байгуулж байгаа болно.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Украин Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр Соёлын салбарт  хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Украин Улсын Сайд нарын Зөвлөл хоорондын  хэлэлцээр  болон боловсролын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах бэлтгэл ажлыг бүрэн хангасан. 

    Монгол Улсын Ерөнхийлөгч Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан "Монгол Улсын Засгийн газар, Майкрософт корпорацийн хооронд боловсролын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг боловсруулан, санамж бичгийг байгуулах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн. Майкрософт корпорацитай байгуулах гэрээний нөхцөлийг дахин судалж яамны түвшинд байгуулахаар болсон. 

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах