Яамны үйл ажиллагааны тайлан

2011 ОНЫ 5 ДУГААР САРЫН МЭДЭЭ
Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг Сайдын зөвлөлөөр хэлэлцүүлж өгсөн чиглэлийн дагуу дахин тодотгол хийсний дээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Ерөнхий боловсролын сургуулийн усан спортын хичээлийн хөтөлбөр боловсруулах" болон 2010-2011 оны хичээлийн жилийн зорилтод тусгагдсан "Шатрын спортын сургалтын хөтөлбөр боловсруулах" зорилтуудыг хэрэгжүүлэх хөтөлбөрүүд боловсруулах багийг байгуулан үйл ажиллагааг эхлүүлэв. Ерөнхий боловсролын сургуулийн "Иргэний боловсрол" хичээлийн 1-3 дугаар ангийн хөтөлбөрийг боловсруулан холбогдох байгуулагуудаар хэлэлцүүлсний зэрэгцээ "Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол" хөтөлбөрийн төсөлд Засгийн газрын хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу хэрэгжүүлэх үе шаттай холбоотой өөрчлөлтийг хийж, холбогдох тооцоог шинэчилж дахин хэлэлцүүлэхэд бэлэн болгов.
2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн шинээр хэрэглэгдэх 12 жилийн сургалттай сургуулийн 4 дүгээр ангийн 9 нэрийн, 8 дугаар ангийн 1 нэрийн, 9 дүгээр ангийн 17 нэрийн, 1-3 дугаар ангийн "Иргэний боловсрол" хичээлийн сурах бичгийг хэвлэх, нийлүүлэх тендерийг Сангийн яам болон Азийн хөгжлийн банкны зөвшөөрлийн дагуу зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, Сангийн яамнаас гэрээ байгуулах зөвшөөрөл авахаар тендерийн материалыг хүргүүлээд байна.
12 жилийн сургалттай сургуулийн 1 дүгээр ангид 2011-2012 оны хичээлийн жилээс шинээр хэрэглэгдэх Монгол хэл, Математикийн дасгал ажлын номыг хэвлэн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулан ажиллаж эхлээд байна. Түүнчлэн 12 жилийн 2, 3 дугаар ангийн сурагчдад шаардлагатай сурах бичгийн тооцоог гарган хэвлэлийн компаниудтай нэмэлт гэрээ байгуулан нөхөн хангах ажлыг эхлүүлж холбогдох аймаг нийслэлийн боловсрол, соёлын газарт бэлтгэл ажил хангах талаар чиглэл өглөө.
"Сурах бичгийн түрээсийн сан"-гийн хэрэгжилтийн талаар Дундговь аймгийн Дэлгэрцогт, Луус, Адаацаг, Эрдэндалай сумдаар судалгааны ажлыг зохион байгуулж түрээсийн сангийн ажлын явц, хамрагдаж буй сурагчид, эцэг, эхчүүдийн саналыг сонсож зохих мэргэжилтнүүд болон номын санч нарт зөвлөгөө өглөө. Сурах бичгийн түрээсийн тогтолцоог 2011-2012 оны хичээлийн жилд өргөжүүлэн Баянхонгор, Говь-Алтай, Сүхбаатар, Дорноговь аймаг, нийслэлийн Сонгоинохайрхан, Налайх, Багануур дүүргүүдийг тус тус хамруулахаар шийдвэрлэж, холбогдох бэлтгэл ажлыг хийж эхлээд байна.
Кембрижийн их сургуулиас "Стандартын шинэчлэл"-ийг хэрэгжүүлэх зураглал, 2011 болон 2012 онд гүйцэтгэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, холбогдох зардал, ирүүлсэн бусад материалыг судлан үзэж, шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлыг удирдах 3 гишүүн бүхий багийг өргөжүүлэн 6 гишүүнтэй болгож, ажилд нь оруулаад байна. Стандартын шинэчлэлийн хүрээнд АХБ-наас "Стандартын шинэчлэлийн төсөл"-ийн түргэн үнэлгээг гадаадын болон дотоодын зөвлөхүүдээр хийлгэж эхлээд байна. Энэ үнэлгээг 2 сарын хугацаанд багтаан дуусгах болно.
Зохих журмын дагуу 2010-2011 оны хичээлийн жилд ЕБС төгсөгчдийн суурь болон бүрэн дунд боловсролын баримт бичиг олгох ажлыг зохион байгуулж байна. Баримт бичгийг 5 дугаар сарын 25-ны дотор орон нутагт битүүмжлэн хүргүүлэв. Орон нутагт 5 дугаар сарын 28-аас 6 дугаар сарын 10-ны дотор олголт хийж, 6 сарын 15-ны дотор аймаг, дүүргийн боловсрол, соёлын газар, хэлтсүүд тайлан ирүүлэх болно.
2010-2011 оны хичээлийн жилд ЕБС-д ажилласан багш нарт БСШУ-ы сайдын 2008 оны 74 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу багшлах эрхийн үнэмлэх олгох ажлыг зохион байгуулж байна. Энэ оны эхээр авсан судалгаагаар улсын хэмжээнд 4670 гаруй багш багшлах эрх авахаар туршилтын хугацаанд ажиллаж буй мэдээ гарсан бөгөөд одоогоор зохих шаардлага хангасан 1500 гаруй багш нарт багшлах эрхийн үнэмлэх олгоод байна.
БСШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хэрэгжүүлдэг "Суурь боловсрол" хөтөлбөрийн "Албан бус боловсрол" дэд төслийн хүрээнд сургуулийн гадна байгаа болон сургууль завсардсан, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагддаг хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчтай ажиллах багш бэлтгэх "Хүүхэд-гэр бүл/ Харилцаа-Хүмүүжил" сэдэвт сургалтыг МУБИС-ийн Боловсролын судлалын сургуулийн Нийгмийн ажлын тэнхимтэй хамтран зохион байгуулав. Сургалтад хамрагдсан багш нар орон нутагтаа зорилтот бүлгийн эцэг эх, асран хамгаалагчдад сургалт явуулах, зарим шардлагатай сургалтын материалаар хангах ажлыг зохион байгууллаа. Сургалтын удирдамж ёсоор бүх сумаас тайлан ирүүлсний дараа тэдгээрт дүн шинжилгээ хийж, нэгдсэн тайлан ггаргах бөгөөд одоогоор Увс аймгийн Улаангом, Хэнтий аймгийн Дархан сум, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн багш нарын ажлын тайлан ирээд байна. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтын таван модуль, албан бус боловсролын багш нарт зориулсан 42 минутын нэг видео хичээлийг НҮБ-ийн Хүүхдийн сангийн удирдлагын зөвлөлийн хуралд оруулахаар бэлтгээд байна.
Нэгж дэх албан бус боловсролын Гэгээрэл төвийн үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх, орон нутгийн удирдлагуудад сургалт зохион байгуулах, олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх өдөрлөг хийх зэрэг цогц үйл ажиллагаа бүхий арга хэмжээг Баянхонгор, Дундговь, Сүхбаатар аймгийн нийт 15 суманд явууллаа.
Аймаг, дүүргийн хийдэд шавилан сууж буй бичиг үсэг үл мэдэгч хүүхдүүдэд зориулсан бичиг үсгийн анхан, дунд, гүнзгий шатны сургалтыг Улаанбаатар хотын Гандантэгчилэн, Дашчойлон хийдийн нийт 60 хүүхдийг хамруулан зохион байгуулав. Мөн Ховд аймгийн Булган, Дорнод аймгийн Матад суманд 6 дугаар сарын 10 хүртэл бичиг үсгийн сургалт явагдаж байна.
Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын биеийн тамирын сургалтын чанарыг сайжруулах, чанаржуулах зорилгоор "Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын байгууллагын биеийн тамирын сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" БСШУ-ы сайдын 2011 оны 148 дугаар тушаал гаргаж, бага, дунд болон их, дээд сургуулийн биеийн тамирын сургалтын орчныг бүрдүүлэх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, сургалтын гарын авлага, материалын хүртээмжийг нэмэгдүүлэх, Биеийн тамир, спортын мэргэжлийн сургалттай ЕБС-ийн хичээлийн болон дотуур байрны барилгыг шинээр барих зэрэг асуудлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь биеийн тамирын сургалтын чанарыг сайжруулахад зохих ач тусаа өгнө гэж үзэж байна.
Авьяаслаг сурагчдыг илрүүлэх, дэмжих зорилгоор жил бүр зохион байгуулдаг улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулах нэгдсэн хорооны хурлыг 2 хуралдуулж, олимпиадын зохион байгуулалтын талаар хэлэлцэн зарим зохицуулалт хийлээ. Олимпиадын гурвын давааг 2011 оны 5 дугаар сарын 8-15-ны өдрүүдэд 13 төрлөөр зохион байгуулж нийт 500 гаруй сурагч, 300 гаруй багш нар оролцуулллаа. Улсын олимпиадын гурвын давааг зохион байгуулахад 51,6 сая төгрөгийн санхүүжилт хийв.
Шинээр боловсруулж буй дохионы хэлний стандартад тусгах 200 дохиогнарийвчлан тодорхойлох хэлэлцүүлэг зохион байгуулж, уг хэлэлцүүлэгт сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй 64 иргэн, төрийн ба төрийн бус байгууллагын төлөөлөл, тусгай сургуулийн багш нарыг оролцуулан саналыг нь тусгалаа.
Сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн дэргэд "Дохионы хэлний сургалтын төв"-ийг НҮБ-ын Хүүхдийн сангийн 15000 ам. долларын санхүүгийн дэмжлэгтэйгээр байгууллаа. Уг төв сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг, эх, багш нарт дохионы хэлний сургалт зохион байгуулах юм.
Эрүүл мэндийн боловсролыг 2010-2015 онд хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэхэд талуудын хамтын оролцоог хангах зорилгоор зөвлөлдөх уулзалт хийлээ. Тус зөвлөлдөх уулзалтад ЭМЯ, НЭМХ, ЮНЕСКО, ЮНИСЕФ, АДРА Монгол дахь олон улсын байгууллага болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл болох 30 хүн оролцож стратегийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо.
Бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг хэрэгжүүлэх Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, аймаг, нийслэлийн БСГ-ын сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн нарыг оролцуулж, шинээр батлагдсан стандартыг хэрэгжүүлэх арга зүйн асуудлаар зөвлөлдөв.
Дээд болон мэргэжлийн боловсрол. Азийн хөгжлийн банкны "Дээд боловсролыг дэмжих" төслийн хэлэлцээрийн өмнөх уулзалтыг 2 удаа зохион байгуулж, энэ төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, шаардагдах хөрөнгийн талаар саналаа нэгтгэн хоёр тал гарын үсэг зурахаар тохиролцоонд хүрсний дээр АХБ-ны санхүүжилтээр хэрэгжих "Дээд боловсролын шинэчлэл" төслийн зээлийн гэрээг боловсруулан Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, МАН-ын болон АН-ын УИХ дахь бүлгийн хуралдаануудаар тус тус хэлэлцүүлж дэмжлэг авлаа.
Буянт-Ухаа дахь 7,75 га газрыг Оюутны хотхоны ашиглалтын өмнөх захиргаанд шилжүүлэх тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хүсэлтийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Мөнхбаярт тавиад байгаагийн зэрэгцээ Орхон, Булган аймагт болон Онцгой байдлын газрын дэргэд МСҮТ байгуулах асуудлыг боловсруулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил-2011 оны эхний улиралд хийсэн ажлын товч тайлан-мэдээлэл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хорооноос гаргасан төлөвлөгөөний БСШУЯ-нд холбогдох хэсгийн биелэлтийг гаргаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хороонд хүргүүлэв.
ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн суралцах оюутан, магистрант, докторантын хуваарь сонгуулах ажлыг зохион байгуулж, материалыг эцэслэн хүлээн авч, ОХУ-д илгээхэд бэлэн болгоод байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 104 дүгээр тушаалаар 2011 оны эхний хагас жилд аттестатчилалд хамрагдах жагсаалтад багтсан 27 дээд боловсролын сургалтын байгууллагын аттестатчиллын өөрийн үнэлгээний тайланг хүлээн авч уг аттестатчиллыг эхлүүлэх бэлтгэлийг хангалаа.
Монгол Улсын Засгийн газрын батламжилсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ний дагуу газрын тосны хайгуул, олборлолтын ажлыг гүйцэтгэж буй гадаад, дотоодын компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгийг үр дүнтэй зарцуулах ажлын хүрээнд "Сургалтын дансны хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам" батлах тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалын төсөл боловсруулан Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд хүргүүлээд байна.
ШУТИС-ийн боловсруулсан 13 мэргэжлийн чиглэлийн бакалаврын боловсролын стандартыг эцэслэн хянаж батлуулахаар Стандарчилал, хэмжилзүйн үндэсний төвд хүргэсний дээр Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн харьяа Политехник коллежид Оюу толгой ХХК-ий хөрөнгө оруулалтаар хичээл, дадлагын өргөтгөлийн байр барих ажлыг эхлүүлэв.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, суралцагчдын техник, технологийн шилдэг шийдлийн улсын уралдаан, мэргэжлийн сургуулиудын "Хөгжлийн орц-4" сургууль сурталчлах өдөрлөгийг зохион байгуулав.
Монгол Улсад их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх үүднээс их сургуулиудыг хотхоноор хөгжүүлж байгаа туршлагатай танилцах ажлын хэсгийг БНХАУ-д томилон ажиллууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурал, Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Сангийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Барилга, архитектурын "Говь трэвел" ХХК, ТВ-5 телевиз, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөллийг оролцуулан БНХАУ-ын Нанжин, Шанхай хотуудад их сургуулиудын хотхон байгуулсан туршлагатай танилцуулав.
Ажлын хэсэг БНХАУ-ын Шианлиний их сургуулиудын шинэ хотхон, Шанхай хотын Сунжины Их сургуулиудын хотхоны удирдлага болон зарим их сургуулийн удирдлагатай уулзалт ярилцлага хийж, эдгээр хотхоны ажил байдалтай газар дээр нь танилцав.
2002 оны 1 дүгээр сараас эхлэн шинээр баригдаж байгаа Шианлиний их сургуулиудын хотхон нь Нанжин хотоос зүүн зүгт 15 км зайд 80 км хавтгай дөрвөлжин буюу 8000 га талбайтай, 600,0 мянган хүнтэй байхаар төлөвлөгджээ. Энэ хотхонд Нанжингийн их сургууль, Нанжингийн багшийн их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Шуудан, харилцаа холбооны их сургууль, Уламжлалт анагаах ухааны их сургууль, Ойн бодлогын коллеж, Үйлдвэрлэл, технологийн дээд сургууль, Мэдээллийн технологийн коллеж, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Техникийн дээд сургууль, Шианлиний хотхоны гадаад хэлний сургууль, Багшийн сургуулийн туршилтын ахлах сургууль, Олон улсын сургууль зэрэг 11 их сургууль, коллеж байрлаж байна. Мөн Шианлиний олон улсын эмнэлэг, үйлдвэр технологийн парк, олон улсын их сургуулийн төв, өндөр технологийн парк байрладаг байна. Мэргэжлийн боловсролын сургууль бас байдаг байна. Сургуулийн газар нь 27 км хавтгай дөрвөлжин буюу 2700 га талбай эзэлжээ.
Өндөр технологийн үйлдвэрлэлийн хэсэг нь 20 км хавтгай дөрвөлжин талбай эзэлдэг. Хотхон байгуулах шинэ хууль эрхзүйн нөхцөл байгаагүй боловч төсөл, хөтөлбөрийг нь Хятадын Засгийн газраас баталжээ. Хотхон нь - сургуулийн кампус, олон улсын үзэсгэлэн яармагийн бүс, үйлдвэрийн бүс, орон сууцны суурьшлын бүс зэргээс бүрдэж байна. Ногоон байгууламж, метроны шугам, замын асуудлыг иж бүрэн шийдсэн байна.
Анх 27 км. кв. талбайд 10-12 их, дээд сургууль, 120-150 мянган оюутан байхаар төлөвлөснөөс сүүлийн байдлаар 16 их, дээд сургууль 170 мянган оюутан, 10 мянга гаруй багш байна.
Нийт 4 сая м.кв барилга байгууламж барихад 27 тэрбум юань зарцуулсан байна. Ерөнхий төлөвлөгөөгөөр нэг оюутанд 60 орчим м.кв газар ногдож байна. Хотхоныг байгуулсан хороо нь энэ хөрөнгө оруулалтын 12 тэрбумыг, үлдсэн 15 тэрбумыг сургуулиуд гаргажээ.
Хятадын их сургуулиудын хотхон 2 хэлбэрээр санхүүжиж байна.
1.Гуанжу маягийн буюу Засгийн газраас санхүүжилтийг 100 хувь хариуцан барилга байгууламжийг нэгэн зэрэг барьж эхлэх хувилбар.
2.Шианлин маягийн буюу Засгийн газраас шууд санхүүжилт хийхгүй, харин газрыг эргэлтэд оруулах замаар санхүүжилт хийдэг хувилбар. Жишээ нь 8000 га газрын гуравны нэгд их сургуулиудын барилгыг, үлдсэн гуравны хоёрыг бизнесийн байгууллагад төлбөртэйгөөр хуваарилаад, босгосон мөнгөөрөө хотхоны дэд бүтцийг байгуулжээ.
Нанжин Их сургууль Шианлин хотхоны дотор 200 га талбайд өөрийн 25 сургууль, 28000 оюутан, 2000 багштай кампусаа байгуулсан байна. Багш нарын 70% нь эрдмийн доктор цолтой байна.
Ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар хариуцан гаргаж санхүүжилтийн 20 хувийг Боловсролын яам, үлдсэнийг нь бусад санхүүжилтээс, тухайлбал, нийгмийн дэд бүтцээс, орон нутгийн захиргаанаас, бизнесүүдийн хандив зэргээс бүрдүүлжээ Засгийн газраас их сургуулиудын хотхон, боловсролд хувийн бизнесээс өгсөн хандивт татварын хөнгөлөлт үзүүлдэг журам заавар гарган мөрдөж байгаа юм байна. Нанжины их сургуулийн хотхоны төсөлд 2 тэрбум юань зарцуулжээ.
Шанхай хотын Сунжины Их сургуулиудын хотхоныг 2000 оноос эхлэн төлөвлөж 2001 оноос эхний сургуулиудыг барьж эхэлсэн байна. Энэ хотхон 5,3 сая м.кв талбай эзлэхээс 2,1 саяд нь оюутны хичээлийн байр, бусад барилга байгууламжууд төлөвлөгджээ.
Энэ хотхонд улсын 2, бусад хөрөнгө оруулалттай 5, нийт 7 их, дээд сургуулийн 75000 оюутан суралцаж, амьдарч байна. 75000 оюутны 68000 нь үндсэн оюутан байна. Энд нийт 1.8 сая м.кв талбай бүхий хичээлийн байр баригдсан. Нэг оюутанд 60 м.кв газар ногдохоор ерөнхий төлөвлөгөө хийгдсэн байна. Нэг оюутанд 10 м.кв талбай бүхий дотуур байр мөн баригджээ.
Энэ кампуст байрладаг Зүүн Хятадын Их Сургуульд 15000 оюутан 3000 багш ажилтан ажиллаж, суралцдаг бөгөөд нийт 330 000 м.кв талбай бүхий барилга байгууламжинд 1.1 тэрбум юань зарцуулаад байгаа юм байна. Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нь сургууль тус бүрдээ байрладаг юм байна. Хотхоны бүтээн босголт санхүүгийн хэд хэдэн эх үүсвэртэй байна. Тухайлбал, нэгдүгээрт, банкны зээл. Шанхай хотын шинэ хотхоны хэлтэс, мөн сургуулиуд тус бүрдээ банкнаас зээл авсан байна. Хоёрдугаарт, дотоод нөөц бололцоогоо дайчилж хотын төвийн 2 газраа зарсан, гуравдугаарт, бизнесийн хөрөнгө оруулалтыг дайчлан ашигласан байна. Дотуур байруудыг хувийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар барьжээ. Дөрөвдүгээрт, Шанхай хотын Засгийн газар хотхоны зам, ногоон байгууламж, 4.0 тэрбумын үнэтэй биеийн тамирын байгууламжид хөрөнгө оруулалт хийсэн байна. Тавдугаарт, дүүргийн Засгийн газар нь төлөвлөсөн талбайг чөлөөлөхөд хөрөнгө оруулалт хийжээ. Энэ бүгдэд нийт 5.0 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Их сургуулиудын хотхонд олон их сургууль хамт байрласнаар нөөц бололцоогоо илүү ашиглах боломжууд бүрддэг байна. Оюутнууд хотхонд заагдаж байгаа нийт 25000 төрлийн хичээлээс дуртай сонголтоо хийж 2 давхар мэргэжилтэй төгсөцгөөж байна.
Шанхайн олон улс судлалын их сургууль нь дотроо 24 гадаад хэлний сургуультай. НҮБ-ын синхрон орчуулагчдыг бас бэлтгэдэг. Дэлхийн 180 сургуультай хамтын ажиллагааны холбоотой, Хотын кампустаа докторын сургалтаа, Сунжины кампустаа бакалаврын сургалтаа явуулж байна. Хятадын ГХЯ,Синхуа агентлагтай харилцаатай. Төгсөгчдийн 95% нь сургуулиа төгсөх үедээ шууд ажлын байраа олсон байдаг. Төгсөгчид нь 2 гадаад хэл эзэмшин төгсдөг юм байна. Тус сургуульд 3800 гадаад оюутан суралцаж байгаагийн дийлэнх нь Солонгос, Японоос ирсэн байна. Эдгээрийн 50 гаруй хувь нь хэлний чиглэлээр суралцаж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 106 дугаар тушаалын дагуу БСШУЯ, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, их, дээд сургуулиудын төлөөлөл оролцсон 11 хүнийг АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн холбооны урилгаар АНУ-д томилолтоор ажиллуулж, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн туршлага судлуулав. Энэхүү томилолтын явцад Мандах, Сэрүүлэг зэрэг сургууль тус байгуулагад гишүүнээр элсэн цаашид хөтөлбөрөө олон улсын эрх бүхий тус байгууллагаар магадлан итгэмжлүүлэх бэлтгэл хангах ажлыг эхлүүлээд байна.
Болоны гэрээг хэрэгжүүлж байгаа туршлага судлах, цаашид дээд боловсролын салбарт европын дээд боловсролд баримталж буй нийтлэг шаардлагуудыг нэвтрүүлэх зорилгоор Мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжав тэргүүтэй ажлын хэсгийг ХБНГУ-ын Эрдмийн солилцооны албаны зардлаар тус улсад томилон ажиллуулав.
Соёл, урлаг. "Сонгодог урлаг-2" үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. "Монгол тууль" хөтөлбөрийн төслийг эцэслэн боловсруулж Нэгжийн дарга нарын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болгосны дээр БСШУ-ы сайд, Санхүү, эдийн засгийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан "Соёлын ажилтны мэргэшил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, санхүүжүүлэх журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулан Сангийн яаманд хүргүүлээд байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Базарын Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ойг 2012 онд, Монгол Улсын төрийн хошой шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Донровын Намдагийн мэндэлсний 100, Монгол Улсын төрийн шагналт эрдэмтэн Дамдины /Хөдөөгийн/ Пэрлэйн мэндэлсний 100 жилийн ойг 2011 онд тус тус тэмдэглэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан яамдын саналыг авлаа.
2011 оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 2-нд нийслэл хотноо зохион байгуулах "Ардын урлагийн их наадам"-ын бүсийн шалгаруулалтыг зохион байгуулж дуусгав. Их наадамд орон нутгаас 500 гаруй ардын авъяастныг оролцуулахаар сонгон шалгаруулаад байна.
Дэлхийн улаан загалмайн өдөр 5 дугаар сарын 8-ныг Монгол Улсад "Хүмүүнлэгийн өдөр" болгон тэмдэглэж байхаар тогтоосон Засгийн газрын 2011 оны 150 дугаар тогтоолыг үндэслэн "Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай" БСШУ-ы сайдын 2011 оны 167 дугаар тушаалаар эл өдөр боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын албан хаагч, сурагч, оюутны дунд зовж зүдэрсэн нэгэндээ сэтгэл харамгүй туслах, хүн хүнээ хайрлах, дэмжих, чин сэтгэлийн хариу нэхээгүй тусламж, дэмжлэг үзүүлэх, энэрэнгүй үйлсийг үнэлэх, талархах арга хэмжээ зохион байгуулахыг боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын удирдлагуудад үүрэг болгосны дээр энэ шийдвэрийг төв, орон нутгийн боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлагийн бүх байгууллагад албан бичгээр мэдэгдлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 12 сарын 8-ны өдрийн хуралдаанаар "Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн амьдрал, үйл ажиллагааны тухай" бүрэн хэмжээний баримтат уран сайхны кино бүтээх тухай асуудлыг хэлэлцэх үеэр Засгийн газрын зарим гишүүдийн саналаар түүхэн хүмүүсийн тухай кино урлагт хэрхэн тусгах, мөн маршал Х.Чойбалсангийн тухай кино бүтээх асуудлыг нэмж боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулах даалгаврыг тус яаманд өгсөн юм. Үүний дагуу Ж.Батмөнх баримтат-уран сайхны кино бүтээхэд зориулж 55,4 (тавин таван сая, дөрвөн зуун мянган) сая төгрөг, Х.Чойбалсангийн тухай "Тусгаар тогтнол" уран сайхны кино бүтээхэд зориулж 74,4 (далан дөрвөн сая, гурван зуун далан найман мянган) сая төгрөгийн санхүүжилтийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ.
ОХУ-д соёл, урлагийн чиглэлээр оюутан 15 оюутан сонгон суралцуулах урьдчилсан шалгаруулалтыг 5 дугаар сарын 9-нд явуулсан бөгөөд ОХУ-ын Соёлын яам, Москва хотын театр урлагийн академи, Гнесиний нэрэмжит хөгжмийн академи, Воронежийн уран зургийн академийн төлөөлөл болох 4 шинжээчийн оролцоотойгоор эцсийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн шалгаруулалтад дуучин, хөгжимчин, зураач, судлаач мэрэгжлээс гадна балетмейстр мэргэжлээр оюутан суралцуулах болно.
2011 онд Их Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90, Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ой тус тус тохиож байгаатай холбогдуулан Үндэсний их баяр наадмын урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулах салбар хороо сэдэв, агуулгын хувьд өргөн хүрээтэй, олон тооны хүн хүч, техник хэрэгсэл түлхүү ашиглан өргөн далайцтай зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд Баяр наадмын нээлт, хаалтын ажиллагаа, "Төрийн хүндэтгэлийн концерт", "Уран зургийн үзэсгэлэн", "Улаанбаатарын үдэш" цэнгүүн, "Монгол туургатны соёлын өдрүүд", "Морь барианы тоглолт" зэрэг 6 том арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэлийг хангаж байна. Нээлтийн ажиллагааны найруулагчаар Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар, Хүндэтгэлийн концертын найруулагчаар Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, Ардын жүжүигчин Н.Жанцанноров, Улаанбаатарын үдэш цэнгүүний найруулагчаар С.Ононбат, Монгол туургатан соёлын өдрүүдийн зохион байгуулагчаар Соёл, урлаг хөгжүүлэх сангийн захирал Н.Батмөнх, Уран зургийн үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, Урчуудын хорооны дарга Ц.Энхжин нарыг Баяр наадмын зохион байгуулах хорооны 2011 оны 3 дугаар тогтоолоор батлууллаа. Энэ хугацаанд баяр наадмын салбар хороо 2 удаа хуралдаж, найруулагчдын гаргасан сценари, хөтөлбөр, төлөвлөгөө, төсвийг хэлэлцэж, шуурхай зохицуулах, бэлтгэлийг эрчимжүүлэх, зохион байгуулах арга хэмжээ аван ажиллаж байна.
140 жилийн түүхтэй дэлхийн дуурийн урлагийн сор бүтээл гэгддэг Дж. Вердийн "Аида" дуурийг манай дуурийн урлагийн уран бүтээлчид УДБЭТ-ын тайзнаа анх удаа тавьсан нь зөвхөн Монголдоо төдийгүй төв Азид анх удаагаа энэ дуурийг амилуулсан тэмдэглэлт үйл явдал боллоо. "Аида" дуурийг дэлхийн олон театр урын сангийнхаа хойморт залдаг бөгөөд манай уран бүтээлчид энэхүү алдарт дуурийг өөрийн орны тайзнаа тавьсан нь монголын сонгодог урлаг дэлхийн түвшинд байгаа гэдгийг албан ёсоор баталсан хэрэг юм. Дуурь бүжгийн эрдмийн театрынхны хувьд "Аида" дуурь нь олон жилийн мөрөөдөл байсан гэж болно. Энэхүү дуурь нь театрын уран бүтээлчдээс мэргэжлийн өндөр түвшний мэдрэмж, ур чадвар, ёс зүй, тайзны хүчирхэг шийдэл, өндөр зохион байгуулалт шаарддагаараа бусдаас онцгой юм.
Манай дуурийн урлагийн уран бүтээлчид энэхүү алдарт бүтээлийг туурвиснаар зөвхөн эх орныхоо соёл, урлагийн амьдралд шинэ хуудас нээгээд зогсохгүй олон улсын хэмжээнд манай уран бүтээлчдийн авьяас билиг, хүч чадлыг харуулж сурталчлахад түлхэц болох юм. "Аида" дуурийг тавихад БСШУЯ-ны зүгээс онцгой анхаарч хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, ОХУ-аас мэргэжлийн найруулагч удирдаач ирүүлж хамтран ажиллахад нь тусалсан болно.
Энэхүү дуурь нь дөрвөн бүлэг, долоон үзэгдэлтэй бөгөөд хүчирхэг хөгжим, зуугаад найрал дуучдаар дамжуулан хайр дурлал, өс хонзон, үзэн ядалт, ялалт, ялагдал, үхэл хагацал гээд хүний амьдралын бүхий л талыг харуулдаг. Урьд нь "Аида" дуурийг Египетийн пирамидын дэргэд болон Хятадын Цагаан хэрмийн дэргэд задгай талбайд тавьж байсан бөгөөд манай уран бүтээлчид ч цаашдаа энэхүү дуурийг говьд задгай талбайд тавих төлөвлөгөөтөй байна.
Шинжлэх ухаан, технологи. Инновацийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, яамдын саналыг авч Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсний гадна БСШУ-ы сайдын 2011 оны 46 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг "ШУА, шинжлэх ухааны байгуулагуудын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх тухай" Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан яамдын санал авч байна. Мөн шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр судалгаа хийж буй залуу докторт БСШУ-ы сайдын нэрэмжит грант олгох журмыг боловсруулан хэлэлцүүлээд байна.
ШУТҮЗ-ийн хурлыг зохион байгуулж, шинжлэх ухаан, технологийн салбарын 2011оны санхүүжилт, ШУТ-ийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний нэгдүгээр шатны хэрэгжилт, 2011 оноос эхлэн хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалт, 2009 онд дууссан шинжлэх ухаан, технологийн төслүүдийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн дүн зэрэг асуудлыг хэлэлцүүлэв. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн шийдвэрийг үндэслэн улсын захиалгаар 2011 оноос эхлэн хэрэгжүүлэх 44 төслийг БСШУ-ы сайдын 2011 оны 186 дугаар тушаалаар батлан тэдгээрийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээг зохих журмын дагуу байгуулан ажлыг нь эхлүүлж байна.
Шинжлэх ухаан, технологийн судалгааны үр дүнг нэвтрүүлэхэд чиглэгдсэн, 2011 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн зэхэц ажлыг шалгаруулах ажлыг зохион байгуулж төрийн болон хувийн хэвшлийн 9 эрдэм шинжилгээний байгууллага, компаний 9 зэхэц ажлыг нийт 369,0 мян.төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэв.
Эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон технологи, бүтээгдэхүүнийг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн бодит хэрэглээ болгох зорилгоор судлаачийн инновацийн төслийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлан уг зарын дагуу их сургууль, хүрээлэн, аж ахуйн нэгж, иргэдээс 144 инновацийн төслийн санал хүлээн авч шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгууллаа. Эхний шатанд мэргэжлийн бие даасан шинжээчдээр үнэлгээ хийлгэж энэхүү үнэлгээн дээр үндэслэж хоёрдугаар шатны шалгаруулалтыг Сайдын Шинжлэх ухааны зөвлөлөөр хэлэлцүүлж сонголт хийв. Ийнхүү сонгон авсан 16 инновацийн төслийг БСШУ-ы сайдын 2011 оны 183 дугаар тушаалаар батлав.
Тайландын Вант улсын Шинжлэх ухаан, технологийн яамны төлөөлөгчидтэй ажлын уулзалт зохион байгуулав. Уулзалтын үр дүнд Тайландын Вант улсын Шинжлэх ухаан, технологийн яам, БСШУЯ хооронд Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулахаар тохиролцов.
Мэргэжлийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн эрдэм шинжилгээний байгуулагуудаас 2011 онд явуулах хайгуул, малтлага, судалгааны зөвшөөрлийг БСШУ-ны сайдын 2011 оны 183 дугаар тушаалаар баталгаажуулж 9 байгууллагын 37 экспедицид зөвшөөрөл олгов.
Монгол судлалын олон улсын 10 дугаар их хурлыг зохион байгуулах Үндэсний комиссын хурлыг хуралдуулж их хурлын бэлтгэл ажлын төлөвлөгөө болон салбар хуралдааны дарга нар, нарийн бичгийн дарга нарыг батлав.
Монголын тулгар төр, Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойн арга хэмжээний календарчилсан төлөвлөгөөг сайдаар батлуулж, хэвлүүлэн холбогдох байгууллагуудад тараалаа. Ингэснээр байгууллагуудын хийх ажил, авах арга хэмжээ тодорхой болж тус бүрийн ажлыг зохион байгуулж байна.
Салбарын санхүү, хөрөнгө оруулалт. "Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгө бэлтгэх ажлыг журамлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 234 дүгээр тогтоолын дагуу БСШУ-ы салбарын 2012 онд бэлтгэх үндсэн хөрөнгийн судалгааг нэгтгэн, Төрийн өмчийн хороонд хүргүүллээ. Судалгаа, төлөвлөгөөг нийт 127 байгууллага ирүүлэхээс 87 байгууллага ирүүлсэн байна. БСШУ-ы салбарын орон нутаг дахь төсөвт байгууллагуудын төсөв, санхүүгийн өнөөгийн байдал, бодлогын арга хэмжээ, түүний хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудал болон шийдвэрлэх боломжийн талаарх мэдээллийг бэлтгэж холбогдох албан тушаалтнуудад өглөө.
БСШУ-ы салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний нийт төсөвт байгууллагын 2010 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хөрөнгийн нэгтгэлээс төрийн болон орон нутгийн өмчийг тусад нь ялган нэгтгэсэн мэдээллийг бэлтгэж дүнг Төрийн өмчийн хороонд хүргүүлэв. БСШУЯ болон Төрийн өмчийн хорооны гаргасан нэгтгэлээр хөрөнгийн дүн зөрүүтэй гарсан байгууллауудыг дахин нэг бүрчлэн тулгалт хийлээ. Төсөвт байгууллагууд санхүүгийн тайлангаа жилийн эцэст 3-4 газарт хүргүүлэн нэгтгүүлэхдээ зөрүүтэй мэдээлэл өгдөг нийтлэг дутагдал байгаа нь энэ ажлын явцад харагдлаа.
Их, дээд сургуулиудын тогтмол зардлыг тооцоолон, санхүүжүүлэв. 2010 оны жилийн эцсийн байдлаар 5 сургуулиас суутган тооцох 326.4 сая төгрөгийг суутган, 2011 оны эхний улирлын байдлаар төрийн өмчийн 9 их, дээд сургуульд 1953.9 сая төгрөгийн санхүүжилт олгов.
Сангийн яамнаас зохион байгуулж байгаа нягтлан бодох бүртгэлийн улсын үзлэгт бэлтгэх ажлын хүрээнд харъяа байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, шаардлагатай мэдээллийн хүснэгтийг төсөвт байгууллагуудад цахим хэлбэрээр хүргүүллээ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2011 оны 2 дугаар тогтоолын дагуу Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх соёл, урлагийн арга хэмжээний зардлын төсвийн төслийг боловсруулав. 2011 онд олон тооны том ой тохиож байгаа бөгөөд эдгээрт ихээхэн тооны хүн хүч, техник хэрэгсэл шаардагдах учир нийт 681.8 сая төгрөгийн зардал гаргах шаардлагатай гэсэн тооцоо гарч байна.
Барилга угсралтын 18 ажлын худалдан авах ажиллагаа хэрэгжүүлж байгаагаас 17 ажлын тендерийг үнэлж, гүйцэтгэгчийг шалгаруулан, тэдгээртэй гэрээ байгуулав. Үлдсэн 1 ажлын тендерийг дахин зарласан болно. Зураг төсөв боловсруулах болон барилга угсралтын ажлын 37 худалдан авах ажиллагаанаас 28 ажлын гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээ байгуулсны дээр 8 ажлын тендер хүчингүй болж, 1 ажлын тендер үнэлэгдэж байна. Дээрх мэдээллийг өгөгдлийн санд бүртгэн, гэрээ байгуулсан тендерийн үр дүнг Сангийн яамны e-procurement.mn сайтад байршуулав.
Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд худалдан авах тоног төхөөрөмжийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тендер шалгаруулалтыг эхлүүлэн дүгнэж, гэрээ байгуулаад байна. Шинжлэх ухаан, технологийн салбарын байгууллагад тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг үнэлж, гүйцэтгэгчтэй 135.0 сая төгрөгийн гэрээ байгууллаа. Тоног төхөөрөмж нийлүүлэлтээр нийт 25 гүйцэтгэгчтэй 4.7 тэрбум төгрөгийн гэрээ байгуулаад байна. Үүний үр дүнд 52 байгууллагад 260.0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэв. Мөн салбарын 3 нэгж байгууллагад 12 ширхэг зөөврийн компьютер олгосны дээр "Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор салбарын 12 байгууллагад 80 ширхэг компьютер олгов.
Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэв. Хөрөнгө оруулалтын 3,9 тэрбум төгрөг, их засварын 59,2 сая төгрөг, тоног төхөөрөмжийн 304,7 сая төгрөгийн гүйлгээг тус тус хийлээ.
БСШУЯ-ны хөрөнгө оруулалтын мэдээллийн санд Улсын Их Хурал, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга, салбарын харъяа байгууллагын дарга нараас ирүүлсэн шинэ барилга барих, тоног төхөөрөмж авах, их засвар хийлгэх 205 хүсэлтийг (давхардсан тоогоор) бүртгэн авав.
Дижитал хэлбэрээр ном унших арга зүйг турших болон бага ангийн арга зүйд мэдээллийн технологи ашиглах ажлын хүрээнд READ төсөлд хамрагдсан (ойролцоогоор 2 аймгийн бүх сумдын сургуулиуд багтана) зарим сургуулийг сонгон авч, тэдгээрийн 4 дүгээр ангийн сурагчдад 2000 ширхэг зөөврийн компьютер хүргэн, багш нарт нь зөөврийн компьютерийг сургалтандаа үр өгөөжтэй ашиглах, олон улсын хүүхдийн дижитал номын санг (ОУХДНС) (www.read.mn) түшиглэн сурагчдыг дижитал хэлбэрээр ном унших аргад сургах зорилготой арга зүйн сургалтыг орон нутагт зохион байгуулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Энэхүү туршилт нь бага ангийн арга зүйд мэдээллийн технологийг ашиглах нэгэн хэлбэр болох бөгөөд зөвхөн компьютер дангаар өгөх бус дотор нь хүүхдийг хөгжүүлэх монгол агуулгыг суулган, багшийг нь сургах замаар мэдээллийн технологийн ашиглалт сайжирна хэмээн үзэж байгаа юм.
Булган аймгийн Могод сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай Дэлхийн банкны ажилтнуудыг танилцуулав. Тус цэцэрлэг үйл ажиллагаагаа хэвийн явуулахад гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж шаардлагатай байсан ба улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлсэн гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж нь хэвийн ажиллаж байлаа. Тус сумын сургуулийн хувьд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй дотуур байрны засвар хэвийн явагдаж байв.
Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ. Дээд боловсролын сургалтын байгууллагын 2010 оны сургалтын орчны мэдээллийг төрийн өмчийн 16, төрийн бус өмчийн 92, гадаадын 5 салбар сургуулиас хүлээн авч хянан, нэгтгэж боловсрууллаа. Дээд боловсролын сургалтын байгууллагуудад 446.0 мянган м2 ашигтай талбай бүхий 222 хичээлийн байр, 121.2 мянган м2 ашигтай талбай бүхий 85 оюутны дотуур байр ашиглагдаж байна. Төрийн бус өмчийн 9, гадаадын 4 салбар сургууль өөрийн эзэмшлийн хичээлийн байргүйгээс түрээсийн байранд байрлаж байна. Мөн төрийн бус өмчийн 60, гадаадын 5 салбар сургууль оюутны дотуур байргүй байна. Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагуудын 8.3 хувь нь өөрийн хичээлийн байргүй, 55.5 хувь нь дотуур байргүй байна.
Дээд боловсролын сургалтын байгууллагуудад нийтдээ 21397 компьютер ашиглагдаж байгаа нь дунджаар 8 оюутанд 1 компьютер ногдож байна.
"Боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухааны салбарын 2010 он, 2010-2011 оны хичээлийн жилийн статистикийн эмхтгэл (II)" номын хэвлэлийн эхийг бэлтгэв. Энэхүү эмхтгэлд соёл, урлаг, шинжлэх ухаан, технологийн салбарын 2010 оны статистикийн албан болон захиргааны мэдээлэл, мөн бүх шатны боловсролын байгууллагын 2010-2011 оны хичээлийн жилийн сургалтын орчин, 2010 оны санхүүгийн жилийн төсвийн зардлын мэдээллийг багтаасан болно.
Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын 2010 оны үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 337 дугаар тушаалаар баталсан "Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын үйл ажиллагааг үнэлэх журам"-д заасан шалгуур үзүүлэлтүүдийг баримтлан хяналт-шинжилгээ хийж, дүнг нэгжийн дарга нарын зөвлөлийн 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар хэлэлцэж, БСШУ-ы сайдын 2011 оны 180 дугаар тушаалаар батлав.
Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын 2010 оны үйл ажиллагаа нь гол төлөв тухайн хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангах, нэгж хичээлийн чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх, боловсрол, соёл, урлагийн байгууллагуудын орчин нөхцөлийг сайжруулах, аймаг, орон нутгаа сурталчлах соёлын өдрийг зохион байгуулахад чиглэсэн байна. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр 5 аймгийн Боловсрол, соёлын газар "Сайн" , 17 аймгийн Боловсрол, соёлын газрын үйл ажиллагаа "Дунд" үнэлгээтэй дүгнэгдлээ. Хяналт-шинжилгээ хийсэн тухай танилцуулгыг БСШУ-ы сайдын 2011 оны 180 дугаар тушаалын хамт аймаг, нийслэлийн Засаг дарга болон Боловсрол, соёлын газрын дарга нарт хүргүүллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 14 дугаар тогтоолоор батлагдан 2002-2010 онд хэрэгжсэн "Зайны сургалт"-ын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, нэгжийн дарга нарын зөвлөлийн 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүллээ. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд зайны сургалтын бодлого, эрх зүйн болон техник, технологийн орчин бүрдүүлэх, мэдээллийн сан бий болгох, үндэсний болон орон нутгийн түвшинд зайны сургалтын чиглэлээр мэргэшсэн хүний нөөцтэй болох, зайны сургалтад хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашиглах, иргэдэд зориулсан сургалтын материал боловсруулахад чиглэсэн ажлууд хийгдсэн байна.
"Зайны сургалтын" үндэсний хөтөлбөр нь боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг сайжруулахад төр, гадаад орон, олон улсын болон хандивлагч байгууллагуудын идэвхтэй хамтын ажиллагаа, хүчин чармайлт дор хэрэгжсэн байна. Хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт 94.5 хувийн биелэлттэй байна.
Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед боловсролын олон талт хэрэгцээг хангахад энэхүү хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ амжилттай хэрэгжсэн байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын төвлөрсөн төсөв, хөтөлбөр, төслөөр нийт 978441.0 мянган төгрөг зарцуулсан бөгөөд хөтөлбөрийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд олон улсын байгууллагын хандив, туслалцаа ихээхэн дэмжлэг болжээ.
Тайлангийн хугацаанд зайны сургалтын үндэсний тогтолцоо үндсэндээ бүрдэж, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын үүрэг, оролцоо нэмэгдэн үйл ажиллагааг түвшин бүрт зохион байгуулах боловсон хүчний нөөц, бололцоо сайжирчээ. Түүнчлэн зайны сургалтын мэдээллийн санг бүрдүүлэх ажил амжилттай хэрэгжиж, үйлчилгээний хүртээмж, чанар дээшилсэн байна.
Зайны сургалтын орчин, хэрэглэгдэхүүний хүрэлцээ хангамжийг сайжруулах арга хэмжээ авснаар мэдээлэл, техникийн орчин бий болж, боловсролын байгууллагууд интернэтийн орчинд сургалтын үйл ажиллагаа явуулах боломжтой болсон байна.
Хөтөлбөр хэрэгжих хугацаанд дээр дурдсан ахиц өөрчлөлтүүд гарсан боловч өндөр хөгжилтэй оронд зайны сургалтын үндэсний боловсон хүчин бэлтгэх бодлогыг дэмжих, Монгол Улсад бий болсон зайны сургалтын мэдээлэл, техникийн орчин, түүний ашиглалтад үнэлгээ өгөх зэрэг төлөвлөсөн ажил бүрэн хэрэгжээгүй байна.
Цаашид зайны сургалтын хэрэгцээ, хүртээмжийн судалгаа хийх, техникийн орчин, түүний ашиглалтад үнэлгээ өгөх, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, зайны сургалт зохион байгуулах мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, нөөцийг бий болгох, ажилтан, албан хаагчдын мэргэжлийг зайны сургалтын арга хэлбэрийг ашиглан дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэх, ажлын байранд тасралтгүй суралцах боломжийг нэмэгдүүлэх, боловсролын тасралтгүй үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхэд, залуус, насанд хүрэгчдэд зайны сургалтаар дамжуулан бичиг үсгийн боловсрол эзэмшүүлэхэд үйл ажиллагааг чиглүүлэх нь зүйтэй байна.
"Бүх нийтийн боловсролын хяналт, үнэлгээний 2011 оны дэлхийн тайлан танилцуулах уулзалт ярилцлага"-ын арга хэмжээг ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисстой хамтран 2011 оны 5 дугаар сарын 6-нд зохион байгууллаа. Бүх нийтийн боловсролын 7 хоногийг хүн амын бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх, насанд хүрэгчдэд амьдрах ухааны мэдлэг эзэмшүүлэх асуудалд чиглүүлж, Албан бус боловсролын бодлого, чанар, хүртээмж, үр ашиг үндэсний илтгэлийг хэлэлцүүлж, "Бичиг үсгийн үнэлгээ", "Эрэгтэй хүүхдийн боловсролд нөлөөлж буй хүчин зүйлс" зэрэг судалгааны үр дүнг танилцуулан санал дүгнэлт гаргав.
Тус яамны цахим хуудсанд 5 дугаар сард нийт 46,925 хэрэглэгч хандсаны 36.0 хувь нь Монгол Улсаас, 57.4 хувь нь АНУ-аас хандсан байна.
Теле хичээл явуулдаг www.tvhicheel.mn цахим хуудсанд 25 мэдээ, дүрстэй нэг мэдээ боловсруулан байршуулж, 9 үндсэн мэдээллийг шинэчлэв. Ерөнхий боловсролын сургуулийн VII, VIII, IX, X, XI ангийн нийт 137 хичээлийг шинэчлэн хөрвүүлж, мөн "Шалгалтандаа бэлдэцгээе" буланд өнгөрсөн хичээлийн жилийн 68, энэ оны 25 хичээлийг хөрвүүлэн байршуулаад байна.
Google apps программын газрын зургийг ашиглан сургуулиудын байршлыг тодорхойлон интернэт сүлжээнд холбогдсон сургуулиудыг холбогдох мэдээллийг бүртгэж эхлээд байна. Энэ мэдээллийг оруулж дууссаны дараа цахим хуудсанд байрлуулна.
Open EMIS удирдлагын программ хангамжийн сургалтыг 5 дугаар сарын 7, 8 болон 20-21-ний өдрүүдэд Булган аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт зохион байглууллаа. Сургалтад Булган аймгийн Боловсрол, соёлын газрын мэргэжилтэн, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, багш нийт 40 хүн, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн нийт 40 хүн тус тус хамрагдлаа. Сургалтад үр дүнд Булган аймаг, Сонгинохайрхан дүүргийн бүх сургууль, цэцэрлэгийн нэгдсэн бааз үүсэх бөгөөд цаашид энэхүү программыг манай оронд нэвтрүүлэх боломжтой эсэх талаарх судалгааны үр дүн гарах юм.
Гадаад хамтын ажиллагаа БНКазУ-ын Астана хотноо 2011 оны 5 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Соёлын сайд нарын уулзалтад БСШУ-ы дэд сайд Ч.Куланда оролцож соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол Улсын БСШУЯ, ОХУ-ын Соёлын яам хооронд соёлын салбарт хамтран ажиллах тухай хөтөлбөрийн төслийг боловсруулж харилцагч талд хүргүүлсний гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Украин Улсад албан ёсны айлчлал хийх гэж буйтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Украин Улсын Сайд нарын танхим хооронд соёл, боловсролын салбарт хамтран ажиллах баримт бичгүүдийн төслийг харилцагч талтай эцэслэн тохиролцлоо.
Руандагийн БНУлсын Кигали хотноо болсон "Бүх нийтийн боловсрол-Үр дүнд түргэн хүрэх санаачилга"-ын Захирлуудын зөвлөлийн хуралдаанд БСШУ-ны сайд, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга нар оролцохтой холбогдуулан шаардлагатай материалыг бэлтгэв. Монгол Улсаас дэвшүүлсэн "Graduation Project"-ын санхүүжилтийг шийдвэрлэж, энэ ондоо багтааж барилгын ажлыг эхлүүлэх талаар тохиролцсон болно.
БСШУ-ны дэд сайд Ч.Куланда Солонгос Улсын томоохон эмнэлгүүдийн нэг болох Инха Их сургуулийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Энэхүү харилцан ойлголцох, хамтран ажиллах санамж бичгийг үзэглэснээр Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон салбарын харъяа байгууллагын ажилтан, ажиллагчид Солонгос Улсад эрүүл мэндийн үйлчилгээ авах, эмчлүүлэхэд Инха их сургуулийн эмнэлэгийн тусгай төлбөрийн карт эзэмшиж, 30 хувийн хөнгөлөлт эдлэх боломж нээгдлээ. Солонгос Улсад сурч буй монгол оюутнууд ч энэ хөнгөлөлтийг эдлэх эрхтэй боллоо. Инха их сургууль нь Солонгос Улсын агаарын тээврийн Korean air компанийг үүсгэн байгуулагч HANJIN группийн харъяа сургууль бөгөөд сургуулийн эмнэлэг нь дэлхийн сүүлийн үеийн техник технологиор бүрэн тоноглогдсон, гадаадын иргэдэд зориулсан тусгай ажлын албатай, олон улсын JCI байгууллагад бүртгэгдсэн нэгдсэн эмнэлэг юм. Hanjin групп нь хөгжиж буй орнуудын боловсролын салбарт дэмжлэг үзүүлдэг тэтгэлэгийн сантай бөгөөд энэ сангаасаа жил бүр Монголын найман оюутныг Солонгос Улсад суралцахад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |






English page