Яамны үйл ажиллагааны тайлан

2011 ОНЫ 3 ДУГААР САРЫН МЭДЭЭ
Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол. Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалын төсөл болон Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж сайдын дэргэдэх Бага, дунд боловсролын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж уг зөвлөлийн гишүүдийн гаргасан саналын дагуу зохих засвар өөрчлөлт хийлээ. Боловсролын тухай багц хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой багшийн тооны өөрчлөлтийн судалгаа, бүлгийн тооны өөрчлөлтийн судалгаа, сургалтын төлөвлөгөөний харьцуулсан судалгааг хийж дүгнэлт гаргав.
Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн их сургуулийн Олон улсын шалгалтын төвийн хооронд байгуулах санамж бичгийг эцэслэж, Засгийн газарт оруулахад бэлэн боллоо. Санамж бичгийг Кембрижийн их сургуулийн Үнэлгээний Группийн дарга болон Кембрижийн их сургуулийн Олон улсын шалгалтын төвийн дарга нарын 4 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд Монголд хийх албан ёсны айлчлалын үеэр үзэглэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангасны дээр гадаадын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Шинэ зууны боловсрол” төслийн баримт бичгийн төслийг боловсрууллаа.
2011-2012 оны хичээлийн шинэ жилээс эхлэн шинээр хэрэглэгдэх нийт 31 номын нэгдмэл дизайны загварыг гарган мөрдүүлж эхэлсний дээр мөн хичээлийн жилээс шинээр хэрэглэгдэх 12 жилийн 4 дүгээр ангийн 9 нэрийн, 8 дугаар ангийн 1 нэрийн, 9 дүгээр ангийн 17 нэрийн, 1-3 дугаар ангийн Иргэний боловсрол хичээлийн сурах бичгийг хэвлэн, нийлүүлэх тендерийг Сангийн Яам болон АХБ-ны зөвшөөрлийн дагуу өдөр тутмын 5 сонинд 3 дугаар сарын 11-нд зарлалаа.
12 жилийн 1 дүгээр ангид 2011-2012 оны хичээлийн жилээс шинээр хэрэглэгдэх Монгол хэл, Математикийн дасгал ажлын номыг зохиох баг болон эдгээр номын хэвлэлийн эх бэлтгэх хэвлэлийн газрыг сонгон шалгаруулж, эх бэлтгэх ажил эхлүүллээ. Мөн 12 жилийн 4 дүгээр ангийн 9 нэрийн, 1-3 дугаар ангийн Иргэний боловсрол хичээлийн сурах бичгийг Казак хэлрүү орчуулах багийг шалгаруулж, орчуулах ажлыг эхлүүлээд байна.
Сурах бичгийн түрээсийн тогтолцоо-Сурах бичгийн эргэлтийн сангийн туршилтын ажлыг 2 аймаг, Улаанбаатар хотын 2 сургуульд эхлүүлсний гадна сурах бичгийн талаар санал хүсэлт авах textbook@mecs.gov.mn цахим хаягыг нээн ажиллуулав. Энэхүү цахим хаяг нь ерөнхий боловсролын сурах бичиг, багшийн номонд бичигдэж байх болно.
“Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалтын үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага”, “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалтыг зохион байгуулах журам”-ын төслийг хэлэлцүүлэх уулзалтыг Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг дээр 2011 оны 3 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулав. Уг уулзалтад Боловсролын хүрээлэн, Сургуулийн өмнөх боловсролын сургууль, улсын болон нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрийн холбогдох мэргэжилтнүүд, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, нарыг оролцуулав.
НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Броокинс хүрээлэнгийн дэргэдэх Вольфенсон хөгжлийн төвтэй хамтран “Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтын хүртээмж, чанарыг сайжруулах нь” судалгааны монгол хэл дээрх тайланг бичиж дуусган хэвлэлтэд шилжүүлэхэд бэлэн болгов.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2011 оны 01 дүгээр 20-ны А/13 дугаар тушаалаар байгуулагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаарх Үндэсний илтгэлийн боловсролын салбарын хэсгийг бэлтгэн 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрийн ба төрийн бус байгууллагын төлөөллөөр хэлэлцүүлэн саналыг тусгах ажлыг хийж гүйцэтгэлээ.
Биеийн тамир, спортын мэргэжлийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн онцлог нөхцөл байдлыг харгалзан суралцагчдын авьяас чадвар, эрүүл мэндийг дэмжихэд шаардагдах нэмэлт зардлыг БСШУ-ы сайдын 2011 оны 65 дугаар тушаалаар баталлаа. Ингэснээр спортын авьяастай суралцагчдыг дэмжих, тэдний гаргаж буй амжилтыг ахиулах, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг нь сайжруулахад зохих хувь нэмэр болно гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 131 дүгээр тушаалын дагуу Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Нисэх загварын тэмцээн, Булган, Орхон аймагт зохион байгуулагдсан бүсийн олимпиад, Ирээдүй цогцолбор сургууль дээр зохион байгуулсан шатрын тэмцээний үйл ажиллагааг зохицуулж, санхүүгийн тодорхой дэмжлэг үзүүлэв.
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдэд ээлтэй сургууль” төслийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Хүүхдэд ээлтэй сургуулийг хөгжүүлэхэд сурагч бидний оролцоо” жижиг төслийн уралдааны шалгаруулалтыг зохион байгуулав. Уралдаанд ирүүлсэн 189 төслөөс 50 төслийг шалгаруулан 2,5 сая төгрөгийн урамшуулал олголоо. Уг уралдаан нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сургуулиа хүүхдэд ээлтэй болгон хөгжүүлэх, байгаль орчноо хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй найз нөхөддөө туслах, харилцааны зөв хандлагын талаар найз, дүү нартаа сургалт зохион байгуулах, дотуур байрандаа номын сан байгуулах зэрэг олон төслийн саналыг өөрсдөө гарган, өөрсдөө төслөө бичиж өөрсдөө хэрэгжүүлдгээрээ онцлог юм.
2010-2011 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд боловсролын бичиг баримт олгох захиалгын болон суралцагчдын бүртгэлийн мэдээллийн санг бүрдүүлж статистик мэдээлэлтэй тулгалт хийж, Үндэсний үнэт цаас ХХК-д хэвлүүлэх гэрчилгээ, үнэмлэхний захиалгыг эцэслэн тохирч гэрээ байгууллаа.
“Монгол Улсын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах нь” төслийн хүрээнд Насанд хүрэгчдийн бичиг үсэг, амьдрах ухааны сургалтын гарын авлага болон видео кино хичээлүүдийг багц байдлаар хэвлүүлэхээр бэлэн болголоо. Энэхүү төслийн Албан бус боловсролын төвийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх сургалтын бэлтгэл ажлыг бүрэн хангаж, 4 дүгээр сарын 1-5-нд уг сургалтыг Улаанбаатар хотноо эхлүүлэхэд бэлэн болоод байна. Сургалтаар сургууль завсардсан болон сургуульд огт суугаагүй хүүхдүүдэд орон нутагт нь Дүйцсэн хөтөлбөрөөр боловсрол нөхөн эзэмшүүлэх арга зүйг олгох юм. Сургалтад 5 аймгийн 20 гаруй багш нар оролцох болно.
Дээд болон мэргэжлийн боловсрол. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн үзэл баримтлал, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөл, хуулийн төслийн танилцуулга, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн үзэл баримтлал, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөл, хуулийн төслийн танилцуулга зэрэг материалыг эцэслэн боловсруулаад байна.
АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци, ММСС-гийн МБС-ын төсөл болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мэргэжлийн боловсрол, сургалтын газартай (МБСГ) хамтран Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд (МСҮТ) машин, тоног төхөөрөмж хандивлах, ашиглах тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн дагуу Япон дахь АНУ-ын Номхон далайн тэнгисийн цэргийн баазад ашиглагдаж байсан ойролцоогоор 965 сая төгрөгийн нийт өртөг бүхий газар тариалан, зам засвар, барилга, хөдөө аж ахуйн салбарын 13 төрлийн, 18 ширхэг хүнд машин механизм, тоног төхөөрөмжийг Монголын долоон МСҮТ-д нийлүүлэхээр болсон юм.
Энэхүү тоног төхөөрөмжүүд нь МСС-н санхүүжилт дээр нэмж олгож байгаа юм. Энэхүү санамж бичгийн гол зорилго нь АНУ-ын Засгийн газраас хандивлаж буй машин, төхөөрөмжийг сургуулиудад хүргүүлэх, хүлээлгэж өгөх, ашиглах, хяналт тавихтай холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршиж байгаа юм. Эдгээр тоног төхөөрөмжийг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад олгосноор зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжлийн ажилтан бэлтгэхэд шаардлагатай орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий сургалтын баазыг бий болгох тоног төхөөрөмж, сургалтын орчны шинэчлэлийн үйл явцад жинтэй хувь нэмэр болох юм.
Тоног төхөөрөмжийг дараахь сургуульд олгохоор шийдвэрлэсэн болно:
| № |
Сургуулийн нэр |
Олгох тоног төхөөрөмжийн өртөг |
| 1 |
Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь МСҮТ |
96 сая төгрөгийн нийт өртөгтэй ХАА-н чиглэлийн 2 ширхэг машин, төхөөрөмж |
| 2 |
Өвөрхангай аймаг дахь ШУТИС-ийн Технологийн сургууль |
143 сая төгрөгийн нийт өртөгтэй зам, барилгын чиглэлийн 3 ширхэг машин, төхөөрөмж |
| 3 |
Дархан-Уул аймгийн "Дархан-Өргөө" сургууль |
99 сая төгрөгийн нийт өртөгтэй барилга, авто замын ашиглалт-арчилгааны чиглэлийн 2 ширхэг машин, төхөөрөмж |
| 4 |
ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн дэргэдэх МСҮТ |
245 сая төгрөгийн нийт өртөгтэй зам, барилгын чиглэлийн 5 ширхэг машин, төхөөрөмж |
| 5 |
Булган аймаг дахь МСҮТ |
158 сая төгрөгийн нийт өртөгтэй ХАА, газар тариалангийн чиглэлийн 3 ширхэг машин, төхөөрөмж |
| 6 |
Хэнтий аймаг дахь МСҮТ |
Зам, барилгын чиглэлийн 2 ширхэг машин, төхөөрөмж 142 сая төгрөгийн нийт өртөгтэй) |
7 |
Төв аймгийн Заамар суман дахь МСҮТ |
Уул уурхайн чиглэлийн 1 ширхэг машин, төхөөрөмж 80 сая төгрөгийн нийт өртөгтэй |
Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль, АНУ-ын Аризонагийн их сургуулийн хооронд уул уурхайн мэргэжлээр 2+2 хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ байгууллаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагааг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаман дээр 2011 оны гуравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан бөгөөд энэ гэрээнд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн болон Аризонагийн их сургуулийн Уул уурхай, геологийн инженерийн тэнхимийн эрхлэгч Мэри Поултон нар гарын үсэг зурлаа. АНУ-ын Аризонагийн их сургууль нь Уул уурхайн чиглэлээр дэлхийн түвшинд мэргэжилтэн бэлтгэдэг нэр хүндтэй их сургууль юм. Энэхүү гэрээг байгуулснаар ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрийг АНУ-ын нэр хүндтэй их сургуулийн сургалтын хөтөлбөртэй дүйцүүлж улмаар монголын оюутан залуус АНУ-ын их сургуулийн боловсрол эзэмшиж, хоёр их сургуулийн диплом гардан авах боломж бүрдэнэ. Энэ нь манай уул уурхайн салбарт дэлхийн түвшинд хүрсэн инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх бололцоог бүрдүүлж байна.
2011-2012 онд Хятадын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутнуудыг шалгаруулах шалтгалтын нөхцөлийг БНХАУ-ын ЭСЯ-тай тохирч, сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ хичээлийн жилд гэрээ хэлэлцээрийн дагуу 21 оюутан, 24 мэргэжил дээшлүүлэгч элсэн суралцахаас гадна БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгох тэтгэлгийн тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэсний дагуу 50 бакалаврын тэтгэлгийг шинээр олгож байгаа болно. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн бүртгэлийг нэгтгэн ЭСЯ-нд хүргүүллээ. Бакалаврын сургалтад 253, магистрантурт 174, докторантурт 54, мэргэжил дээшлүүлэхэд 14, нийт 468 хүн шалгаруулалтад оролцохоор бүртгүүлээд байна.
Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ы их, дээд сургуульд суралцуулах зарыг нийтэд мэдээллээ. Энэ жил Өвөр Монголын их, дээд сургуулийн бакалаврын сургалтад 100, магистр, докторын сургалтад 120 хүн элсүүлнэ. Магистр, докторын сургалтад элүүлэх тоо өнгөрсөн оныхоос 40-өөр нэмэгдэж байгаа болно.
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНПУ, БНУУ, Украйн, БНРУ, БНБУ, Хорват улсад сурах оюутан, магистрант, докторант, мэргэжил дээшлүүлэгчдийг сонгон шалгаруулах зарыг гаргаж, шалгуулах хүмүүсийг бүртгэж, шалгалтыг зохион байгуулав.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Мэргэжлийн чиглэл, индекс батлах тухай” 2010 оны 5 дугаар сарын 20-ны 235 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 8 дугаар сарын 12-ны 1а/2998 тоот албан бичгийг үндэслэн “Ач” дээд сургуулийн Хүүхдийн анагаах мэргэжлийн элсэлтийг зогсоолоо. Цаашид Эрүүл мэндийн яам мэргэшүүлэх сургалтаар хүүхдийн эмчийг бэлтгэх болно.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын харъяа мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцах үед өгсөн үүрэг, даалгаварын дагуу “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх, шинээр баригдах төмөр замыг мэргэжилтэй ажилтнаар хангах талаар санал боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажилд нь оруулав.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мэргэжлийн боловсрол, сургалтын газар Ази Номхон далайн бүсийн Магадлан Итгэмжлэл ба батламжлалын комисс /APACC/- хамтран “Магадлан итгэмжлэл ба аттестатчлал” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотод 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулж хот, хөдөөгийн 11 сургуулийн 32 багш, удирдах ажилныг хамруулав. Сургалт-семинарын төгсгөлд Хүнсний технологийн коллежийг Номхон далайн бүсийн Магадлан Итгэмжлэл ба батламжлалын комисс /APACC/-аар магадлан итгэмжлэх үйл ажиллагаа явагдлаа.
“Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ын төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2011 оны 3 дугаар 21-ний өдрийн 1а/1104 тоот албан бичгээрЗасгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүллээ.
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Төрийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагыг Засгийн газар байгуулна.” гэж заасны дагуу Орхон, Булган аймагт хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, Улаанбаатар хотод Онцгой байдлын ерөнхий газрын харьяанд мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв байгуулах асуудлыг тус тус боловсруулж Засгийн газарт хүргүүлэхээр бэлтгэлээ.
“Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын эрүүл мэндийн боловсролын өнөөгийн байдал” судалгааны үр дүн, санал зөвлөмжийг танилцуулах уулзалт-ярилцлагыг зохион байгуулж судалгааны дүнд тулгуурласан зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэв. Дээд боловсролын 5 сургалтын байгууллаас ирүүлсэн 10 сургалтын төлөвлөгөө хянаж шийдвэрлэв.
Соёл, урлаг. Сум, дүүргийн соёлын төв, ордны үлгэрчилсэн дүрмийг Гэгээрлийн сайдын 1997 оны 100 дугаар тушаалаар баталснаас хойш нийгэм, соёлын хүрээнд олон өөрчлөлт гарч, эрх зүйн орчин шинэчлэгдсээр байна. Үүнтэй холбогдуулан сум, дүүргийн соёлын төв, ордны үлгэрчилсэн дүрмийг тэдгээрийн үйл ажиллагааны чиг үүрэг, 1998 оноос хойш гарсан Монгол Улсын хууль тогтоомж, Олон Улсын конвенци, орчин цагийн шаардлага, нийгэм-соёлын хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсруулж, БСШУ-ы сайдын 2011 оны 83 дугаар тушаалаар батлан аймаг, нийслэлд хүргүүлсний зэрэгцээ Тус яамнаас Улсын мэргэжлийн хяналтын газартай “Соёлын хяналтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ”-г (номын сангийн чиглэлээр) байгуулав.
Монгол Улсын соёлын биет бус өвийн төлөөллийн болон Яаралтай хамгаалах шаардлагатай Үндэсний бүртгэлийг боловсруулж, БСШУ-ы сайдын 2011 оны 84 дүгээр тушаалаар батлууллаа. Энэ тушаалаар баталсан соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэлд эх хэл болон аман уламжлал, илэрхийллийн 14, ардын язгуур урлагийн 9, үндэсний уламжлалт зан үйл, ёслол, баяр наадмын 26, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт арга технологийн 12, ардын уламжлалт гар урлалын 19, нийт 71 төрөл, зүйлийг багтаасан болно. Мөн яаралтай хамгаалах шаардлагатай Үндэсний бүртгэлд 16 зүйлийг бүртгэж баталгаажууллаа.
“Бүргэдийн ан буюу шувуучлахуй” уламжлалт зан үйлийг Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэлд бүртгэн тунхагласан ЮНЕСКО-гийн батламжийг хүлээн авлаа.

2008 онд Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг Арабын Нэгдсэн Эмират, Бельги, Чех, Франц, БНСУ, Монгол, Морокко, Катар, Саудовын Араб, Испани, Сири зэрэг Ази, Африк, Европын 11 улс хамтарч Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэлд бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн юм. Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг ЮНЕСКО 2010 оны 11 сард “Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэл”-д албан ёсоор бүртгэн тунхагласан билээ. Энэ үйл явдалтай холбогдуулж, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова-гийн гарын үсэгтэй Батламж бичгийг хүлээн авах ёслолыг 2011 оны 3 дугаар сарын 21-нд Улсын филормонид зохион байгууллаа. Батламжийн эх хувийг Үндэсний түүхийн музейд, хуулбарыг Баян-Өлгий аймгийн музейд болон Соёлын өвийн төвд хадгалуулахаар хүлээлгэн өглөө.
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой, Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ойг тохиолдуулан Оросын Холбооны Улсаас 35 хүний бүрэлдэхүүнтэй урлагийн баг бүрэлдэхүүнийг 2011 оны 3 дугаар 21-28-ны хооронд хүлээн авч Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймагт 7 удаагийн бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулав. Энэ арга хэмжээг 17,9 сая төгрөгөөр санхүүжүүллээ.
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Солонгос дахь Монголын жилийн нээлтэд зориулсан Монголын мэргэжлийн уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтыг 2011 оны 3 дугаар сарын 25-нд Солонгосын Үндэсний театрт амжилттай зохион байгууллаа. “Хөх тэнгэрийн орон” хэмээх Монголын урлагийн мастеруудын оролцсон хүндэтгэлийн тоглолтыг хоёр улсын Ерөнхий сайд, сайд нар, танхимын зарим гишүүд гэр бүлийн хамт хүрэлцэн ирж үзсэнээс гадна Солонгост ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд, Сөүл хотын иргэд үзэж сонирхлоо.

Энэхүү хүндэтгэлийн тоглолтод Монгол Улсын Морин хуурын чуулга, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Драмын улсын эрдмийн театрын уран бүтээлчдээс гадна рок поп болон циркийн урлагийн нэр хүнд бүхий уран бүтээлчид оролцож, уран бүтээлийн дээжээсээ сонирхууллаа. ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн морин хуур, хөөмий, уртын дууныхаа гайхамшгийг уран бүтээлчид маань толилуулсан төдийгүй сонгодог болон орчин үеийн урлаг манай улсад хэрхэн хөгжиж байгаа, мөн монгол бүжгийн гайхамшгийг бүрэн дүүрэн харуулахыг зорилоо.
2010 оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулан шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 2011 оны 3-р сарын 10-нд Улсын Драмын Эрдмийн Театрт зохион байгууллаа. Энэ арга хэмжээг 3 дахь жилдээ зохиож байгаа бөгөөд 2010 оны тайз, дэлгэцийн шилдэг найруулагчаар Б.Лхагвасүрэнгийн зохиол, “Буур хээрийн
Хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн хөгжим “Тунгалаг тамир” мюзикл, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” жүжгийг тайзнаа шинээр тавихад зориулж тус бүрт нь 5 сая төгрөгийн санхүүжилт олгохоор БСШУ-ы сайдын 2011 оны 89 дүгээр тушаалаар шийдвэрлэж, дэмжлэг үзүүллээ.
“Гэгээн-муза 2010” наадмын үеэр уг наадамд нэр дэвшин оролцсон Архангай аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин Б.Нямдоржид сайдын нэрэмжит “Шилдэг залуу уран бүтээлч”-д олгодог 1 сая төгрөгийн мөнгөн шагналыг хүртээлээ.
Шинжлэх ухаан, технологи. “Инновацийг дэмжих тухай” Монгол Улсын хуулийн төслийг ЗГХЭГ болон ҮХШХ-оос өгсөн санал, дүгнэлтийг тусган дахин боловсруулж, санал авахаар яамдад хүргүүлсний зэрэгцээ БСШУ-ы сайдын 2011 оны 46 дугаар тушаалаар байгуулагдсан ШУА, шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх санал, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж, эрдэм шинжилгээний байгууллагын одоогийн бааз суурь дээр түшиглэн эдийн засгийн болон шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологитой уялдуулан 6-7 судалгааны үндэсний төв байхаар урьчилсан байдлаар тохиролцоод байна.
Залуу эрдэмтдийн докторын дараахь инноваци-судалгааны грант төсөл хэрэгжүүлэх журмын төсөл боловсруулж Нэгжийн дарга нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн болгоод байна.
ОХУ-ын Суурь судалгааны сантай 2011 онд хамтран хэрэгжүүлэхээр эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын 87 төсөл ирүүлснээс 2 талын экспертүүдийн үнэлгээ хийлгэж хэлэлцүүлсний үндсэн дээр 22 төслийг хэрэгжүүлэхээр тохиролцоод байна.
Засгийн газрын 2010 оны 174 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд тусгагдсан “эрдэмтэн, судлаачдын боловсруулсан технологи, бүтээгдэхүүнийг эрэлтэд нийцүүлэн бодит хэрэглээ болгох” зорилтыг хэрэгжүүлэхээр зарласан судлаачдын инновацийн төслийн сонгон шалгаруулалтад анагаах ухааны 29, техник,технологийн 34, биологи, ХАА-н 58, боловсролын 9, экологийн 4, нүүрсний 9, нийт 143 инновацийн төсөл хүлээн авч, анхан шатны шалгаруулалтад нэгтгэн бэлтгэж байна.
2010 онд археологи, палеонтологийн хайгуул, малтлага судалгаа хийхээр зөвшөөрөл авсан 31 экспедицийн тайланг хүлээн авч танилцан ажлын хэсгээр дүгнэлт гаргуулан тайлангийн хурлын бэлтгэл ажлыг хангав.
БСШУЯ-ны захиалгаар 2009 оноос хэрэгжүүлж дууссан 7 төслийн тайланд дүгнэлт гаргуулан үр дүнг нэгтгэлээ. 2012 оноос эхлэн БСШУЯ-ны захиалгаар хэрэгжүүлэхээр ирүүлсэн 7 төслийн саналыг нэгтгэн, дууссан төслийн үр дүнгийн хамт Яамны Шинжлэх ухааны зөвлөлөөр хэлэлцүүлэхэд бэлэн болгоод байна.
Төрийн хэлний зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн баримт бичгийг судлан санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг сайдын 2011 оны 3 сарын 9-ний өдрийн 69 дүгээр тушаалаар байгуулан ажиллуулж байна. Төрийн хэлний зөвлөлийн ажлын алба, эрдэмтэдтэй ярилцлага хийж эхний ээлжинд Монгол хэлний зөв бичгийн журамласан толь гаргах санал гаргаад байна.
Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ойд зориулан “Сансар судлал Монгол Улсад” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, Монгол, Оросын сансрын баатарууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцуулсны зэрэгцээ Залуу монголч эрдэмтдийн холбоотой хамтран “Эко нийслэлийн төлөө хамтдаа” уриан дор “Цэвэр агаар бэлэглэх өдөр” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулав.
Салбарын санхүү, хөрөнгө оруулалт. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгах Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хөгжлийн бодлогын гол чиглэл, томоохон зорилт, арга хэмжээг тодорхойлон зохих тайлбар, танилцуулгын хамт боловсруулан Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд хүргүүллээ. Үндсэн чиглэлийн төсөлд нийт 37 зорилт, арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж, эдгээрт зориулан нийт 192.0 тэрбум төгрөг төсөвлөж байна.
2012 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа хөгжлийн бодлогын үндсэн чиглэл, томоохон зорилт, арга хэмжээг тодорхойлоход дараахь чиглэлийг баримталсан болно:
а. Салбарын хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх;
б. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төсөлд тусгах зорилт, арга хэмжээний хууль эрх зүйн үндэслэл болон практик шаардлага, шалгуур үзүүлэлтийг тодорхойлон томъёолох;
в. Үндсэн чиглэлийн төсөлд тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр гарах үр дүн бодитой, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлэх үр нөлөө, 2012 онд хүрэх түвшин тодорхой байх;
г. Зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээ боломжтой байх, Үүнд: Улсын төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардал, эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн эх үүсвэрийг харгалзан үзэх;
д. Хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг заах;
е. 2012 он нь одоогийн Засгийн газрын ажлыг дүгнэх болон УИХ-ын сонгуулийн жил гэдгийг анхаарах.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын байгууллагуудын 2010 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийг нэгтгэн гаргаж Үндэсний аудитын газраас “Стандарт” үнэлгээ авлаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын 2010 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд 22 аймаг дахь салбарын улсын төсвийн байгууллага болон төсвийн ерөнхийлөн захирагчийн шууд харьяаны нийт 2108 байгууллагын санхүүгийн тайлан болон бусад холбогдох мэдээлэл, судалгаа маягтууд нэгтгэгдсэн болно.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урьдчилсан гүйцэтгэл 527.0 тэрбум төгрөг буюу 19.4 тэрбум төгрөгийн хэмнэлттэй байна. Нийт хөрөнгийн хэмжээ 1 284.9 тэрбум төгрөг бөгөөд өмнөх оноос хөрөнгийн хэмжээ 8 хувиар буюу 103.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Нийт хөрөнгийн 4 хувь буюу 54.3 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгө, 6 хувь буюу 77.1 тэрбум төгрөгийг авлага болон урьдчилж төлсөн зардал, 3 хувь буюу 42.2 тэрбум төгрөгийг бараа материал, үлдсэн 87 хувь буюу 1111.0 тэрбум төгрөгийг үндсэн хөрөнгө эзэлж байна.
Монгол Улсын 2011-2016 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын 2011-2016 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны боловсруулсан аргачлалын дагуу гаргаж, урьдчилсан байдлаар хүргүүлээд байна.
Уг хөтөлбөрт Боловсролын салбарт 644.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий хөрөнгө оруулалтын 506 төсөл, арга хэмжээ, Соёл, урлагийн салбарт 140.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий хөрөнгө оруулалтын 81 төсөл, арга хэмжээ, Шинжлэх ухаан, технологийн салбарт 23.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий хөрөнгө оруулалтын 3 төсөл, арга хэмжээг тус тус тусгаад байна.
Гадаад харилцааны яамны албан хүсэлтийн дагуу Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд “Төв Азийн орнуудын өрсөлдөх чадвар ба хөрөнгө оруулалт” төсөлд Монгол Улс хамрагдаж байгаатай холбогдуулан тус төслийн судалгааны ажилд шаардагдах Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбартай холбоотой мэдээллийг бэлтгэж хүргүүлэв. Тухайн судалгаанд Боловсролын салбарын их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсрол, бага, дунд боловсролд хамрагдагчдын статистик мэдээлэл болон төсөв, санхүүгийн мэдээлэл, тухайн салбарын хөгжил, цаашдын чиг хандлага, хүний нөөцийн бодлогын талаарх бодлого, эрх зүйн баримт бичгийн судалгаа, түүнд зааврын дагуу үнэлгээ хийхэд шаардагдах мэдээллийн эх сурвалжууд багтсан болно.
Төрийн өмчийн хороо Засгийн газрын нэгдсэн санхүүгийн тайланд тулгалт хийж байгаатай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2010 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан нийт хөрөнгийн судалгааг орон нутгийн болон төрийн өмчийн байгууллагуудаар ялгаж тулгалт хийн, баталгаажуулж файлаар болон хэвлэмэл байдлаар хүргүүллээ. Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Төсвийн зарлагын хэлтэст 2008-2010 оны санхүүгийн жилийн татаас урсгал шилжүүлгийн тооцоо, үр дүнг өгөгдсөн маягтын дагуу бэлтгэж хүргүүлэв.
Салбарын 2011 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг хянаж, тухайн сарын санхүүжилтийг олгов. Сангийн сайдын баталсан салбарын хөрөнгө оруулалтын санхүүжилтийн сарын хуваарийн дагуу 3 дугаар сард нийт 10 гүйлгээгээр 1 373.4 сая төгрөгийн өртөгтэй Хэнтий аймгийн МСҮТ-ийн барилга, Архангай аймгийн Хотонт суманд баригдаж байгаа 150 ортой дотуур байрны барилга, Увс аймгийн Улаангом коллежийн барилга, Улаанбаатар хотын Хөгжим бүжгийн коллежийн өргөтгөлийн барилга, Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг хянаж, санхүүжилтийг хуваарийн дагуу олгосны зэрэгцээ 1210.2 сая төгрөгийн 5 барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг хянаж, санхүүжилтийн эрхийг нь нээлгэхээр Сангийн яаманд хүргүүлээд байна.
Барилга угсралтын ажлын 18 тендерийг 3 сарын 14, 15-нд нээн үнэлж байна. Зураг төсөв боловсруулах үйлчилгээ болон барилга угсралтын ажлын 37 тендерийг 4 дүгээр сарын 6, 7, 8, 11-ний өдөр хүртэл хүлээж авахаар хугацааг сунгаж, үүнтэй холбогдуулан тендерийн бичиг баримт худалдаж авсан компаниудад мэдэгдэл хүргүүллээ. Тендер шалгаруулалтын ажиллагааны нээлт хийсэн барилга угсралтын ажлын 18 тендерийн нээлтийн бүртгэл хөтлөв.
Шинээр ашиглалтад орох боловсролын байгууллагад тавилга, тоног төхөөрөмж, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны тавилга, тоног төхөөрөмж, соёлын байгууллагад тавилга, автобус, тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсэг нийлүүлэх, шинжлэх ухааны байгууллагад лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг нээгээд, үнэлж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн харилцан ойлголцлын санамж бичиг болон сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн “Хөдөөгийн нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох” төслийн туслах ажилтан, “Боловсролын салбарын шинэчлэл төсөл” болон “Хөдөөгийн нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох” төслийн Санхүүгийн зохицуулагч, “Боловсролын салбарын шинэчлэл төсөл”-ийн албаны Сурах бичгийн түрээсийн тогтолцоо-Эргэлтийн сангийн техник, туршилтын ажлыг эхлүүлэх багийн ажилтан, “Санхүүгийн хямралын үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээ хүргэх төсөл”-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн нарыг тус тус томилов.
Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагуудын 2010 оны сургалтын орчны талаарх статистикийн мэдээллийг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газруудаас хүлээн авч хянаж, нэгтгэн боловсрууллаа. 2010-2011 оны хичээлийн жилд сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа 839 цэцэрлэгт 96.6 мянган хүүхдийн хүчин чадал бүхий 969 барилга, ерөнхий боловсролын 751 сургуульд 388.4 мянган хүүхдийн хүчин чадал бүхий 1084 хичээлийн байр тус тус ашиглагдаж байна. Цэцэрлэгийн барилга 2009 онтой харьцуулахад 55-аар, хүчин чадал 4,133 ороор, ерөнхий боловсролын сургуульд шинээр 2484 анги, танхим, суудлын тоо 8,783-оор тус тус нэмэгдсэн байна.
Өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд 26,5 мянган компьютер ашиглагдаж байгаагийн 55.7% нь Pentium IV ба түүнээс дээш хүчин чадал бүхий компьютер, 23.4% нь зөөврийн компьютер байна. Тэдгээрийн 36.9% нь интернетэд холбогджээ. Статистикийн мэдээллээс үзэхэд нэг цэцэрлэгт дунджаар 2.6 компьютер, 1.7 принтер, нэг сургуульд дунджаар 32.3 компьютер, 5.4 принтер тус тус ногдож байгаа бол нэг хүүхдэд ногдох компьютерийн тоо ерөнхий боловсролын сургуульд 21.0 болж өмнөх оноос 3.7-оор буурсан үзүүлэлттэй байна.
Соёл, урлаг, шинжлэх ухаан, технологийн салбарын 2007 оны статистикийн мэдээллийг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, улсын чанартай музей, мэргэжлийн урлагийн болон шинжлэх ухааны байгууллагуудаас хүлээн авч, нэгтгэн боловсруулж албан ёсны статистикийн мэдээллийн дүнг Үндэсний Статистикийн Хороонд хүргүүллээ. Ингэснээр соёл, урлагийн салбарын статистикийн мэдээллийн сан шинээр баяжиж, Үндэсний статистикийн хорооноос жил тутам гаргадаг “Монгол Улсын статистикийн лавлах” номд тус салбарын 2010 оны мэдээлэл тусгагдах боломжтой боллоо.
Соёл, урлагийн салбарын 2010 оны статистикийн мэдээлэлд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн урлагийн 36 байгууллага, 41 музей, 163 орон нутгийг судлах танхим, 373 нийтийн номын сан, 341 соёлын төв ба ордон, 3 кино театр, 27 кино үзвэрийн цэг хамрагдсан бөгөөд тэдгээрээр 8.3 сая (давхардсан тоо) хүн үйлчлүүлсэн байна.
2010 онд мэргэжлийн урлагийн байгууллагууд 4947 удаагийн тоглолтоор 1.9 сая үзэгчдэд үйлчилж 1459,2 сая төгрөгийн орлого олжээ. Урын санд 2108 бүтээл байгаагийн 6,4 хувийг шинээр туурвисан уран бүтээл эзэлж байна. Музейд 9725,6 сая төгрөгийн өртөг бүхий 236,6 мянган үзмэр байгаагийн 1,6 хувь нь тухайн жилд шинээр нэмэгдсэн үзмэр байна. Музейгээр 416,0 мян.хүн (үүнээс 151.4 мян.хүүхэд, 97,6 мян. гадаадын иргэд) үйлчлүүлж, 564,5 сая төгрөгийн орлого оруулжээ. Нийтийн номын сангийн номын фондод 4117.1 сая төгрөгийн өртөг бүхий 6.8 сая ширхэг ном байна. Тухайн онд 393,8 сая төгрөгөөр 99,7 мянган ширхэг ном шинээр худалдан авсан байна. Соёлын төв ба ордны суудлын тоо 3,700-аар нэмэгдэж, эдгээр төвүүдэд нийт 36,759 арга хэмжээ зохион байгуулагдаж, тэдгээрт давхардсан тоогоор 4.5 сая хүн хамрагджээ. Соёл, урлагийн байгууллагуудад 6233 хүн ажиллаж байгаагийн 28.3 хувь нь уран бүтээлчид байна.
Засгийн газрын тогтоолоор сумдын соёлын төвд ажиллагсдын орон тоог шинээр баталснаар энэ салбарын ажиллагчдын тоо өнгөрсөн хоёр жилд өсөж, энэ оноос тогтворжих хандлагатай байна. Салбарын ажиллагчдын тоо 2009 оноос 345 хүнээр нэмэгдсэнээс гол өсөлт урлагийн байгууллага, музей дээр гарчээ.
2010 оны статистикийн мэдээлэлд төрийн өмчийн 50 эрдэм шинжилгээний байгууллага, 8 их сургууль, хувийн хэвшлийн 9 эрдэм шинжилгээний байгууллага, 3 их сургууль хамрагдлаа. Ингэснээр ШУТ-ийн салбарын статистикийн мэдээллийн сан шинээр баяжиж, Үндэсний статистикийн хорооноос жил тутам гаргадаг “Монгол Улсын статистикийн лавлах” номд тус салбарын 2010 оны мэдээлэл тусгагдах боломжтой боллоо. 2010 оны байдлаар ШУТ-ийн салбарт нийт 4045 хүн ажиллаж байгаагийн 2517 нь үндсэн (орон тооны), 1528 нь гэрээт (хавсран) ажиллагсад байна. Үндсэн ажилтны 62.3 хувь нь эрдэм шинжилгээний ажилтан, 37,6 хувийг захиргаа, аж ахуй, инженер-техникийн болон бусад ажилтан бүрдүүлж байна. Үндсэн ажиллагсдын дотор шинжлэх ухааны доктор (Sc.D) 114, боловсролын доктор (Ph.D) 428, магистр 737, 30 хүртэл насны 739 (29,4%), 60-аас дээш насны 194 (7,7%) хүн байна. Өнгөрсөн онтой харьцуулахад нийт ажиллагсад 295, үндсэн ажиллагсад 34 хүнээр нэмэгдсэний дотор гэрээт ажиллагсад 261 хүнээр нэмэгдсэн нь их сургуулиудын судлаач багш нарын тоо өссөнтэй холбоотой юм.
2010 онд ШУТ-ийн салбарт 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс улсын төсвийн хөрөнгөөр 1056.8 сая төгрөгийн өртөг бүхий барилга байгууламж шинээр барьж, 289.1 сая төгрөгийн барилгын их засвар гүйцэтгэж, 287.2 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авч ашиглалтад оруулжээ.
Улсын захиалгаар 237 шинжлэх ухаан, технологийн төсөл, 191 суурь судалгааны сэдэв, 38 шинжлэх ухаан, технологийн зэхэц ажлыг Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлэн гүйцэтгэснээс гадна гадаадын байгууллагатай хамтарсан 48, бусад байгууллагын захиалгаар 298 эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил хийгдэж, нийт 1312 үр дүнг хэрэглэгч, захиалагчид хүлээлгэн өгч, 9062 бүтээл хэвлүүлжээ. Нийт бүтээлийн 1623 буюу 17.9 хувь гадаадад хэвлэгдсэн байна. Дээрх үр дүнгээр шинэ бүтээлийн патент 27 (үүнээс 3 нь гадаадад), ашигтай загварын гэрчилгээ 13, зохиогчийн эрхийн гэрчилгээ 41-ийг авч баталгаажуулжээ. Улсын захиалгаар хэрэгжиж буй шинжлэх ухаан, технологийн төслөөс 39 (16.4%) нь зорилтот судалгааны (биотехнологийн, нанотехнологийн гэх мэт) буюу инновацийн, 70 (29.5%) нь гадаадын байгууллага, судлаачидтай хамтарсан, 29 (12.2%) нь грант төслүүд байна.
Эргэн төлөгдөх нөхцөлтэй, шинжлэх ухаан, технологийн 7 зэхэц ажлыг бүрэн дуусгаж, мөн 7 зэхэц ажлыг шинээр эхлүүлсэн байна.
Соёл, урлаг, ШУТ-ийн салбарын 2010 оны статистикийн албан ёсны мэдээллийг яамны вэб сайтад байрлуулж, иргэд, байгууллага ашиглах боломжийг бүрдүүллээ.
“Боловсролын салбарын 2010-2011 оны хичээлийн жилийн статистикийн мэдээллийн эмхтгэл (I)” номыг 300 ширхэг хувь хэвлүүлж яамны аппаратын ажилтнууд болон бусад хэрэглэгчдэд түгээж байна.
Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын Төсвийн ерөнхийлөн захирагчтай БСШУЯ-ы Ерөнхий менежерийн 2010 онд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээний хэрэгжилтэд тус тус хяналт-шинжилгээ хийлээ. Хяналт-шинжилгээний дүнгээр эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан 60 арга хэмжээ 90.3%, яамны бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ 92 хувийн биелэлттэй байна.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”, “Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөр”, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”, “Бичиг үсгийн боловсролын үндэсний хөтөлбөр”, “Зайны сургалтын үндэсний хөтөлбөр”, “Морин хуур, уртын дуу”, “Түүх, соёл, үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөр”, “Монгол хөөмий”, “Монгол бий биелгээ” зэрэг хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийлээ.
Бага, дунд боловсролын салбарт хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөрүүдийн биелэлт 86.2 хувийн биелэлттэй байна. Хөтөлбөр тус бүрээр авч үзвэл “Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөр-2” 82.5, “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” 90.0, “Бичиг үсгийн боловсролын үндэсний хөтөлбөр” 85.0, “Зайны сургалтын үндэсний хөтөлбөр” 90.0, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр” 83.3 хувийн биелэлттэй байна. “Монгол бичиг”, “Англи хэл”, “Багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх”, “Бичиг үсэг”-ийн хөтөлбөрийн зарим арга хэмжээг орон нутгийн байгууллага, иргэд өөрсдийн нөөц боломжид тулгуурлан амжилттай хэрэгжүүлж байна.
Соёл урлагийн салбарт хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 85,1 хувийн биелэлттэй байна. Морийн хуур-Уртын дуу” хөтөлбөр -98.0, “Түүх, соёл үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах үндэсний хөтөлбөр” 85.0, “Монголын уламжлалт бий биелгээ” хөтөлбөр 80.0, “Монгол хөөмий” хөтөлбөр-77.1 хувьтай байна.
Үндэсний хөтөлбөрүүдэд хийсэн хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд хөтөлбөрүүдийг анх батлахдаа хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгийг аймаг, нийслэлд хүртээж, үндэсний түвшинд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах байдал дутмаг байгаагаас зарим хөтөлбөрийн арга хэмжээ өмнөх түвшингээсээ дорвитой ахиц гарахгүй байна.
Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-ний эхний үе шатны хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийлээ. Мастер төлөвлөгөөний эхний үе шат /2007-2010/-нд 28 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөгдснөөс 2007-2010 онд дуусгавар болж, гүйцэтгэлийг тайлагнах 19 үйл ажиллагаа байна. Эдгээр арга хэмжээний хэрэгжилтийн тайлангаас үзэхэд төлөвлөгөөт ажлууд хугацаандаа зохих түвшинд хэрэгжиж байна. Тухайлбал, Засгийн газрын 2007 оны 346, 359 дүгээр тогтоолоор “Монгол Улсын үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”, “Дэвшилтэт технологийг хөгжүүлэх”, “Төрийн өмчит их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажлыг дэмжих”,”Залуу судлаачдыг дэмжих хөтөлбөр”, “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох, тодотгол хийх журам” зэрэг бодлогын томоохон баримт бичгүүдийг батлуулсан байна. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлон батлуулж хэрэгжүүлж эхлээд байна. Мастер төлөвлөгөөний эхний үе шатанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь шинжлэх ухаан, технологийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Монгол улсад инновацийн тогтолцоог хөгжүүлэх, биотехнологи, нанотехнологийн судалгааны төслийг өргөжүүлэхэд чиглэгдсэн байна.
Салбарын бодлого үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлын хүрээнд “Сурах бичгийн түрээсийн тогтолцоо,сурах бичгийн эргэлтийн сангийн туршилт”-ын нээлт, ММСС болон МБСГ харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах, Шилдэг уран бүтээлчдэд шагнал гардуулах, Аризонагийн их сургууль-ШУТИС хос дипломын санамж бичигт гарын үсэг зурах, Засгийн газар хоорондын тэтгэлэг зарлаж байгаатай холбогдуулан сайдын мэдээлэл, Шувуучлахуй буюу бүргэдийн ангийн ЮНЕСКО-гийн батламжийг гардуулах тухай мэдээ, мэдээллийг сурталчлах ажлыг хэвлэлийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
www.tvhicheel.mn цахим хуудасны мэдээллийг шинээр хөрвүүлэн ерөнхий боловсролын сургуулийн 4, 5, 7 дугаар ангийн нийт 61 хичээлийг оруулж, цахим хуудсанд 29 мэдээ, 2 дүрстэй мэдээ боловсруулан байршуулж, үндсэн мэдээлэлд 8 мэдээлэл нэмж шинэчлэв.
БСШУЯ-нд www.mecs.edu.mn домайн хаяг авч Яамны бүх хэрэглэгчдэд googlapps дээр шинэ цахим хаяг нээсний зэрэгцээ БСШУЯ-ны харьяа “Шинэ эрин” сургуульд www.newera.edu.mn домайн хаяг авч бүх багш, ажилчдад googlapps дээр шинэ цахим хаяг нээлээ. Мэдээлэл, холбооны сүлжээ төрийн өмчит компанитай хөдөө орон нутгийн тоон урсгалын гэрээг шинэчлэн байгууллаа.
Тус яамны цахим хуудсанд 3 дугаар сард нийт 71,225 хэрэглэгч хандсаны 31.15 хувь нь Монгол Улсын, 61.7 хувь нь АНУ–аас хандсан байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |






English page